МИНИЙ МЭДЭХ ЛАМ НАР
Манай Монголын шарын шашны лам нарт би ер нь сүжиггүй. Сүжиггүйн үндэс нь надаас бус, тэднээс эхтэй. Ю.Цэдэнбалын дараа Ж.Батмөнх нам, төрийн тэргүүн болсноос хойш шашин шүтлэг ч арай чөлөөтэй, цагаан сарыг ч арай өргөн тэмдэглэдэг болсон санагддаг. Аав минь өнгөрснөөс хойш ээжээс маань өгсүүлээд манай гэрийнхэн ер нь жаахан сүсэгтэй болсон уу, байж байгаад л намайг Гандан руу, ийм тийм ном уншуулаад ир гэж мөнгө өгөөд явуулах.
Өрөөн дотор суугаад уншуулах номыг нь бүртгэж, мөнгө хураадаг, бараг л дэлгүүрийн кассчин маягийн гурван ламыг чиглэсэн урт дараалал сунана. Гандангийн зарим лам нэг, нэг авгай, хүүхэн дагуулаад л, салбагнаад л урдуур нь дайрна. Ухаандаа таньдаг хүүхнээ арын хаалгадаж, урт дарааллаас чөлөөлж, “дотор нь ажилладаг” давуу эрхээ эдэлж байгаа юм байх. Лам нь ч гэж лам, хүүхэн нь ч гэж хүүхэн. Бүгд хүйтэнд хоёр гараа халаасандаа шургуулчихаад даараад зогсож байгаа ш дээ. Гэтэл тэр олны урдуур нэг салбаганасан лам, нэг салбаганасан авгай дагуулчихаад л дайраад байх нь тэр ээ. Хууль, цагдаа байдаггүй сэн бол тийм лам нарыг тэр хүүхнүүдийнх нь нүдэн дээр алгадаад унагачихмаар.
Яваандаа зарим ламтай нэлээд “гүнзгий” танилцсан. Танилцсан эхний бөгөөд тар нь тун амархан танигдсан ламыг бичээч лам гэж нэрлэе. Тэр бол тун сүрхий англитай, Гандангийн гадаад харилцааг хариуцаж байсан, бас нийтлэл, тэмдэглэл бичихээр үл барам Номын Хүрдэн ч билүү, шашны сонин эрхлэн хэвлүүлж байсан. Би ажлаасаа гарчихаад бичээч лам дээр санаандгүй очвол, “Ийм нэг хүүхэд над дээр хүрээд ирнэ гэж би бүр мэдээд байсан юмаа” гэж мэргэн хувилгаан шиг намайг угтаж аваад, ингээд би түүний цалингүй ажилчин болов. Бичээч ламтан бидний л адил мөнгө олохыг мөрөөдсөн амьтан. Түүний захиргаанд хоёр сар цалингүй ажиллахдаа мөнгө олох нэг оролдлого хийсэн нь Далай ламын тухай баримтат киног Дарханы кинотеатрт 2-3 гаргасан. Ерөнхийдөө 2 сарын дотор бичээч ламын тар танигдсан тул би түүнээс холдсон, түүнээс бус тэр анхнаасаа надад цалин өгнө гэж яриагүй, өөрөөр хэлбэл гол шалтгаан нь цалин өгнө гэчихээд өгөөгүйд биш. За ер нь ч тэгээд хэн цалингүй ажил хийхийг хүсэх вэ. Хоёр сарын хугацаанд тэднийхээр олон очсон.
- Би Шашны Дээд Сургуулийг 1971 онд төгссөн хүн. Одоо манай төгсөлтийнхнөөс ер нь ховордсон доо гэж баяр баясгалантай ярьдаг нь миний сүжиг буурах эхний алхам болсон. “Би бол нэлээд дээр үеийн, тэгэхээр зэрэг бол нэр хүндтэй, өвгөн лам. Үеийнхэн маань үхээд, өвдөөд, жагсаалаас гараад дуусч байна. Одоо би л үлдлээ” гэсэн санаа нь нүүрэн дээр нь биччихсэн юм шиг дурайгаад байхаар чинь сүжиг бууралгүй яах вэ. Мөн ч олон очиход мөн ч олон удаа согтуу донхойж сууна аа, манай дарга-лам. Донхолзсон үедээ олон долоон юм ярина.
- Үгүй чи уу л даа, чи. Чи уудаггүй гэлүү, чи. Ээ чи ч дээ, эр хүн мөн дөө, чи гэхчлэн донхолзохоор нь дургүй хүрэлгүй яахав. Донхойгоогүй үедээ ч гэсэн ярьж байгаа нь авах юм байхгүй. “Манай хэн” гээд уудаг залуусыг нэр зааж байгаад “үгүй мөн сайн ууж байна аа. Би тэднийг начинг алгасч заан болсон гэдэг юм” гэхчлэн бахархалтайгаар ярихаар нь яаж надад сайхан санагдах вэ. Миний өмнө бичээч ламтан сэтгүүлч, зохиолч найзыг маань хоёр жил цалингүй зүтгүүлсэн бөгөөд “Манай хэн бас сэргэлэн хүүхэд шүү. Нэг удаа Архи пивоны үйлдвэрээс манай хүү баахан шошго олж ирээд, баахан найруулсан спиртэд нөгөө шошгоо нааж зараад, бид хоёр чинь хөөрхөн мөнгө олоод” гэж яриад байгаа юмаа, бас. Яаж би ийм ламд сүжрэх вэ дээ.
Дараачинх нь согтуу лам. Тэр жилийн цагаан сараар нэг их инээд алдсан лам манайд орж ирлээ. Тас тас инээд алдаад л, “Би чинь Цэдэнбал даргад бичиг үсэг заасан хүн” гээд л, алиалаад байгаа ч юм шиг, балайтаад байгаа ч юм шиг. Гурван хундага татаад бүр их инээд алдаад явчихаар нь манайд орж ирэхдээ нэлээд халамцуу байсныг, согтохоороо инээд алддаг хүн болохыг нь сая “танин мэдэв ээ”. Инээд алдсан согтуу лам маань сүүлдээ инээх ч, явах ч тэнхэлгүй болсон тул, цагаан сар боллоо гээд халуун дулаан болчих биш, гадаа тавьсан бууз тэс хөлдүү байгаа юм чинь, энэ хүйтэнд гадаа осгож хөлдөөд үхчихвэл бөөн аюул, бөөн хар нүгэл болно гээд 200-гийн цагаан орон дээрээ шинэ цагаан даавуу дэвсч өгөөд хэвтүүллээ. Хэвтүүллээ ч юу байхав, өргөж тавилаа. Шөнө дунд пид хийх чимээ гарав. Ламтан цагаан орноосоо “шилжээд” шалан дээр “заларчээ”. Үгүй бас лам хүнийг шалан дээр хэвтүүлэх нүгэл гэж бодоод арай гэж ноцолдож байж орон дээр заллаа. Унтаж байтал ахиад пид! Дахиж ноцолдох тамир тасарсан тул надаас болж пид гээгүй бөгөөд эхний удаа хүч тавин ноцолдож байж орон дээр гаргасныг минь Бурхан Багш харсан гэж найдаад унтаж байтал өрөөний гэрэл мэлс хийтэл асч, согтуу ламтан: “Үнэн хаа байна?” гээд дан дотоожтойгоо гараа тааз өөд занган, бодвол “үнэнийг эрээд” зогсож байна. “Ламбагуай минь, үнэн хаана байгааг би яаж мэдэх вэ” гэж аргадан, дуулан байж арай гэж оронд нь буцааж тушаав. Тэгээд унтаж байтал ахиад л гэрэл мэлс! Ламтан харин энэ удаа: “Хутга хаа байна!” гэж зүрх хагалчих шахдаг байгаа. Ламыг арай гэж аргадан, дуулан байж хэвтүүлээд, хутга, заазуур, алх, сүхээ энд тэнд нууж байтал үүр цайж билээ.
Гурав дахь нь агсам лам. Уг нь бол эм залдаг, эрдэмтэй чадалтай лам. Би эм залж, надад зохиж, би ч “миний таньдаг маарамба” гэж амьтан хүн дагуулж аваачиж, ө.х. олон үйлчлүүлэгч олж өгч, бид хоёр нэлээд зузаарав. Монголын олон баярын нэгэнд маарамбатан уригдсан айлдаа намайг дагуулж очлоо. Замдаа “Би хэчнээн согтсон ч архи хөлд минь ордоггүй юм” гэж надад бахархан ярьж явлаа. Одоо яая гэхэв, орчин үеийн лам нар чинь толгой дараалан уудаг болжээ. “Хэчнээн согтсон ч” гэхийг бодоход урьд өмнө зад ууж, навс согтож явсан болж таарлаа. “Архи хөлд нь ордоггүй” гэхээр “хэчнээн согтсон ч” шургаж унадаггүй, ямар ч гэсэн согтуу ламыг орон дээр гаргах гэж ноцолддог шиг юм болохгүй нь гэж баярлаж явлаа. Айлд очлоо. Ширээнд заларлаа. Идлээ, уулаа, маарамбатан агсарч гарлаа. Ширээг нь пад хийтэл алгадаад, халбага сэрээ шалан дээр хангинан унатал алгадаад: “Энэ сэрээ шалан дээр унаж байгаа юм бол энэ айлд би ахиж орж ирэхгүй!” гэж тунирхаж агсамнасан нь дөнгөж эхлэл төдий байжээ, ээ Бурхан минь гэж. Бүр сүүлдээ амьтан хүн-д хэлэх юм биш, “Танай охиныг 16 хүрэхээр нь хүчиндэнэ!” гэж агсарсан.
4-дэх нь бизнесмэн лам. Улаанбаатарын нэг том хийдийн хамба лам бөгөөд 10 төгссөн баахан хүүхдийг Цаст Төвдийн оронд лам болгохоор илгээсэн, мэдэхгүй хүн-д бол том буянтан. Мэдэх бөгөөд нүдээр харсан хүний ярьснаар бол хамбатан эгээ л Англи, Америкад хэлний курст хүмүүсийг зуучилдаг компани аятай, хүүхэд нэг бүрээс үлэмжхэн мөнгө тогшсон ба хамгийн муухай нь тэр хүүхдүүдээ тэгээд л мартжээ. Насаараа дотуур, гадуур өмдтэй явсан, ихэнх нь паартай байшинд амьдарч, паалантай жорлонд сууж өссөн хөвгүүд Цаст Төвдийн оронд өвлийн хүйтэнд шалдан банди болоод, ө.х. доогуураа ямар ч өмсгөлгүй яваад, бүгдийнх нь цагаан мах эргэж, хамар хоолойн өвчинд баригджээ. Төвд ламд шавь орно гэдэг яг л Тунгалаг Тамир зэрэг зохиолд гардаг шиг лам багшийнхаа гэрийн ажлыг хийж, хоол цайг нь бэлдэж, данхыг нь зүлгэж, хивсийг нь шүүрдэж … эхэлдэг аж. Тунгалаг Тамираас ялгаатай нь Монголд биш Төвдөд, дээр үед биш өнөө цагт. Гэтэл 10-р анги төгсөж, 18 хүрсэн ч ийм гэрийн ажилдаа тун муу, жигтэйхэн гэгээрээд л дорхноо том лам болчихно гэж зүүдэлж очсон хөвгүүд маань ёстой нусаа хацартаа наах ч бүр энүүхэнд хэрэг, өвчний үүр болцгоож, турж эцээд нүднээс гарчихсан, өлсөж үхэх шахсан өлөн зөмөг амьтад явдаг аж. Харин энэ бол хамба ламтанд “хамаагүй асуудал” бололтой.
Төгсгөлд нь сүрхий танилцаж дотносоогүй ч байж байгааг нь хараад дургүй хүрсэн ламаа дурдаад, манай лам нар, Төвдөөс орж ирсэн шарын шашныг хайрлан дээдэлж, бишрэн шүтэн гүйгчдийн дургүйг дахин нэг хүргээд энэ тэмдэглэлээ өндөрлөе. Монголд нэг хүнээс тав, гурван мянган төгрөг авч байснаас Америкад доод тал нь 20 доллар авна гэдгийг тооцоолсон овтой зальтай лам нарын түрүүч нь Америк руу цувж эхэллээ. Саявтар нэг тийм ламтай айлд таарав. “Ирээдүйг хэн ч хэлж мэдэхгүй” гэж юу ч чадахгүй муу Баабар, Өрнө дахины соён гэгээрүүлэгчдийг дагаад худлаа хуцаж суух зуур тэр лам зоос гүйлгээд тэнд цугласан 7-8 хүн бүрт итгэл найдвар төрүүлж, баяр баясгалан авчирсан мэрэг төлөг буулгаад, дойлуур гэдгийг чинь зүгээр амархаан цуглуулчихлаа. Нэг хүүхэн бүр Монгол руу, гэр орныхон руугаа утас цохиод: “Нөгөө юмыг чинь би дөнгөж сая нэг ламаас асуулаа. Их аятайхан, бүтмээр юм хэлсэн шүү. Юм мэддэг л лам шиг байна” гээд баярлаад байгаа юмаа. Ээ,
Хөөрхий бидний эмэгтэйчүүд
Мэргэлүүлэх замдаа орцгооёо.
“Аятайхан, бүтмээр, найдвар төрүүлсэн” мэрэг төлгийг би ч буулгаад байж чадах байх л даа. Харин 9 зоос, шоо, лам дээл, улаан жанч надад байхгүй. Хамгийн гол нь тэгж явах хүсэл сонирхол надад байхгүй. Бүр огт байхгүй. Өө нөгөө найдвар бүхий төлөг буулгадаг ламд яагаад дургүй хүрснээ өгүүлэхээ мартчих шахлаа. Мэдээж, тэр айл хамгийн сайхан хоолоо гараа гаргаж хийжээ. Гэрийн эзэгтэй хүмүүсийг ширээнд урилаа. Тэгсэн нөгөө лам хамгийн түрүүнд хамгийн хүндтэй, хоймрын, гэрийн эзний суудалд, бүүр нэг “Би л энд суух ёстой хүн. Намайг л ингэж хүндлэх ёстой” гэсэн байдалтай, салбаганаж очоод, шалбайтлаа, навсайтлаа, лаг хийтэл суудаг юм.
Миний мэдэх лам нар нэг иймэрхүү. Ийм лам нарт яаж ч би дуртай байх билээ дээ.
Боржгин овогт Тайжийн Охин.
URL: