П.Сэрдамба: Духаа цоортол мөргөж адис авна аа
Олимпийн наадамд оролцох баг тамирчид ар араасаа Лондонг зорин эх орон элэг нэгтнүүдийнхээ халуун сэтгэл дунд үдэгдэх их урсгалын үргэлжлэл боксынхон байлаа. Эх орноо төлөөлөн Олон улсын энхийн их наадамд оролцох боксын дөрвөн тамирчинг үдэн гаргах ёслол өчигдөр Спортын төв ордонд 11.00 цагт болсон юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат зэрэг дөрвөн тамирчин өнөөдөр Лондонг зорино. Боксын бүрэлдэхүүний хувьд хоёр ахлагч дасгалжуулагч, дөрвөн тамирчин, нийт найман хүн Лондонг зорих аж. Улмаар дөрвөн тамирчныг үдэн гаргахаар “Үндэсний олимпийн хороо”, “Биеийн тамир спортын газар”, “Монголын олимпийн боксын хороо”-ны багш дасгалжуулагчид болоод ахмад тамирчид хүрэлцэн ирсэн байлаа. Ёслолын эхэнд боксын тамирчдынхаа зам мөрийг тэгшитгэхээр лам нар ном хурсан юм.
Үүний дараа БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тамирчдадаа амжилт хүсэн эх орныхоо нэрийг дахин мандуулахыг хүслээ. Олимпийн наадамд явах дөрвөн тамирчныхаа лундааг сэргээхээр хийморийн моринд мөргүүлэн адис авахуулсан. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба “Духаа цоортол мөргөн адис авна аа” хэмээн хошигнож байлаа. Улмаар дөрвөн тамирчдын Лондонг зорих тийз, картыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар гардуулан өгсөн бөгөөд “Adidas”, “Jordan” фирмийн хоёр бэлтгэлийн хувцас хэрэглэлийг бэлэглэлээ.
Тамирчдын хувьд бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг хэлж байсан бөгөөд одоогоор П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар жингээ хасч байгаа аж. Одоогийн байдлаар хоёр кг- ийн илүүтэй байгаа юм байна. Үлдсэн жинг Лондонд очоод хасахад тохиромжтой гэдгийг дасгалжуулагч нь хэлж байлаа.
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар
-Бээжингийн олимпоос хойш дөрвөн жилийн хугацаанд биеийн тамирын газрын хажууд шигшээ баг байгуулж “Спортын хороо”, “Олимпийн хороо”-той хамтран Лондонгийн олимпт оролцох тамирчдынхаа амжилтыг өмнөхөөс илүү ахиулахаар ихээхэн ажлыг зохион байгуулсан. Бэлтгэлийн хувьд тамирчид маань бүрэн хангасан гэж бодож байгаа учраас баяртай байна.
Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин
-Боксчид долоон хоногийн өмнө Лондонд очиж байна. Олимп эхлэхээс долоон хоногийн өмнө очиж байгаа учраас цагийн зөрүүнээс шалтгаалсан янз бүрийн асуудал аль хэдийн арилчихсан байх болно. Өмнө нь хоёр ээлжийн тамирчид Лондонгийн ойролцоо бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байгаа.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба
-Сэтгэлзүй болоод бэлтгэлээ маш сайн хангасан. Энэ удаагийн олимпийн наадамд амжилттай оролцохын төлөө хичээх болно.
Ахмад боксчин Д.Батмөнх
-Алт, мөнгө гэх мэт эдлэлдээ биш. Хамгийн гол нь ард түмний халуун баярын нулимсандаа юм шүү. Одоогоос дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпоос манай тамирчид алтан медаль хүртэн төрийн гурван өндөрлөгтэйгөө хамт уйлж, дуулж байсан сайхан үе дахин давтагдахыг хүсч байна.
Олимпийн аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган
-Өмнөх олимпийн наадмуудад дандаа амжилт гарган эх орон элэг нэгтнүүдээ баярлуулж байсан. Энэ удаад ч гэсэн томоохон амжилт гаргаасай гэж найзууддаа хүсмээр байна. Эд нарыгаа хараад нэлээд догдолсон. Би өөрөө энэ удаагийн олимпт оролцож чадаагүй учраас найзууддаа маш их амжилт хүсье. Манай боксын тамирчид Лондонгийн олимпоос олон олон медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү “Лондон-2012” наадамд явах баг тамирчдын гурав дахь цуваа өнөөдөр эх орноосоо хөдөлж байна. Олимпийн наадмын гурав дахь цуваа Лондонгийн ойролцоох Сарри мужид буудаллах бөгөөд тэнд бэлтгэл сургуулилтаа эцэслэн базаана. “Бэлтгэл сайн”, “Бүрэн хангагдсан”, “Амжилт гаргах л үлдлээ” гэх үгс хурсан олны дунд яригдаж байсан нь манай тамирчид лавтай эх орныхоо далбааг Бээжингийн олимпоос хойш дахин Олимпийн тэнгэрт мандуулах нь ээ гэсэн найдлагыг ирэхгүй төрүүлж байлаа.
Б.Золзаяа
URL: