Н.Энхбаярын “Шудрага ёс” эвлийг шудрага бус, ЕэЕэ бөөвөө гээд Н.Алтанхуяг зугтахвий дээ
Цаст уулын цагаан бар цагаа болохоор шоргоолжид идүүлэхийн үлгэрийг хаваржин харуулсан Н.Энхбаярын шүүх хурал өнөөдөр болно. Гэхдээ шүүх хурал хойшилно.
Яг өнөөдөр бол “ардчилсан” Ерөнхийлөгч юун Н.Энхбаярыг шүүх манатай. Цагтаа цаст уулыг эзэгнэж явсан цагаан бар үлгэрт үхдэг бол Н.Энхбаяр “үхдэггүйг” бүгд л харсан. Үлгэрийг домог болгож үзэх гэж төлөвлөснийхөө ард гарахаар улайрахдаа “Н.Энхбаяр өөрөө дурандаа л өлсч байгаа юм…” хэмээн хэнэг ч үгүй хэлсэн Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар зандруулан байж түүнийг шоронгоос сулласан.
Н.Энхбаярын “үхэл” гэгч нь өлсч тураад унаж ойчихдоо биш шоронгоос хүртэл тэмцэн байж УИХ-д шаггүй өрсөлдөх эвсэл байгуулж, чамлахааргүй суудал авчихаад улстөр хийж байгаа үнэн мөн төрхтэй нь холбоотой.
Эвслийнхээ жагсаалтад өөрөө нэгээр, хүүгээ тавдугаарт оруулахад нь хүртэл шалтаг олж, “замын хажуу уруу” хүч хэрэглэн түлхэж орхисон.
Гэвч өнөөдөр Ардчилсан намынхныг дуу алдан наалинхайттал суудал аваад ороод ирсэн “Шударга ёс” эсвэл МАХН-ын даргын л нэр, нүүрээр “амьдарч” байгаа учраас Н.Энхбаярыг “үхдэггүй” гэхээс өөрөөр юу гэхэв. Тийм л хүнтэй эвсэхээр зарласан Ардчилсан намын Засгийн газар байгуулах явц ерөнхийдөө хэсэг гацах болов уу.
Манайд л Ардчилсан нам ялчихсан мэтээр огт байх ёсгүй үг хэллэг тэнгэрт хадчихсанаас биш дэлхийн практик дахь улстөрийн хандлагын харьцангуйгаар үнэлбэл өнөө жилийн УИХ-ын сонгуулийн дүнд илүү тооны тухай ойлголт байхгүй. Ялагчгүй л сонгууль.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 39 суудал авсан нам, эвсэл ердийн олонхи. Ердийн олонхи болсон улстөрийн хүчин энэ удаагийн сонгуульд байхгүй учраас ганц хоёр суудал илүү авсан Ардчилсан нам Ерөнхий сайдаа авч болох.
Харин УИХ-ын даргын тухайд хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлэн шийдвэрлэх учиртай. УИХ-ын тухай хуулийн 9.2. дахь заалтыг Ардчилсан нам улайм цайм зөрчиж, ҮЗХ-ны хурлаараа З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэн дураараа аашлав. Хуулиараа бол УИХ-ын гишүүдээс хэн нь ч, бүр бие даагч ч УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй.
Гэтэл засагт хамтрахаар урьчихсан МАХН-аа УИХ-ын даргын суудлыг авахаар зүтгэхэд Ардчилсан нам “үгүй” гэв. Түүгээр ч зогсохгүй МАХНМ ҮАН-ын эвслийн гишүүдийг “Хамгийн муу улстөрчдийн цуглуулгатай бид хамтрах болж байна…” гэж Ардчилсан намын ҮЗХны гишүүн Туул гэдэг эмэгтэйн уурссан үгс сонины хуудсаар цацагдав.
Ийн Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл өнгөн дээрээ яаж ч байсан хамгийн гол нь УИХ-ын даргад санаархдаг нь ч, тас хориг тавьдаг нь ч ардаа Н.Энхбаярыг яллах эс яллах яриа, тохиролцоотой гүнзгий холбоотой. “Шударга ёс” эвсэлтэй Ардчилсан нам хамтран Засгийн газраа байгуулахын тулд өчигдөр хэлэлцээрээ эхлүүлэв.
Эвслийн нэгэн лидер “Ганц уулзалтаар юу л шийдэгдэв гэж дээ…” хэмээн тоомжиргүй байна. Хэдэн ч уулзалт болсон бай өгүүлэгдэхүүн шугам хэрхэн өрнөх магадлалыг дор өгүүлье.
Эвслээрээ ч дамжуулж, өөрөө ч тэр Н.Энхбаяр бол өнөөдөр МАХН-ын даргыг цагаатгахыг л Ардчилсан намаас шаардана. Эвслээс УИХ-д орж ирэгсэд буюу Засгийн газарт суудал авчихаар нөхдөд МАХН-ын даргыг цагаатгуулах захиас, даалгавар яршигтай байсан ч Н.Энхбаяртай эв түнжингүй болвол олон нийтийн өмнө шившигтэй, ёс суртахууны хувьд хэтэрхий том алдаа болно.
Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл “Би гэм буруугүй. Би хэлмэгдэж байна…” хэмээн тоть шиг давтаж яваа учраас л Ардчилсан намаас цагаатгал шаардана. Тиймээс л эвслээ ч шударга, ёс суртахууны тухай үгсээр нэрлэсэн Н.Энхбаяр “Шударга ёсны төлөөх бодлого, зорилгыг маань бүрэн дэмжиж хамтарч ажиллахаа “Шударга ёс” эвсэл илэрхийлсэн учраас хамтрахаар шийдлээ…” гэж хэлсэн үгийг нь Н.Алтанхуягт дахин, дахин шаналгаатайгаар сануулна. “Та нар шударга гээ биз дээ” гэж л асуугаад байгаа хэрэг.
Н.Энхбаярын цагаатгах шаардлагыг Ардчилсан намынхан “УИХ, Засгийн газар бус дан ганц Ерөнхийлөгчийн эрх хүрээний асуудал…” хэмээн зайлуулан байж 2013 оны сонгуулийн тухай Ц.Элбэгдоржтой зөвлөлдөх явц л шинэ Засгийн газар бүрдэх хугацаа, Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн хэлэлцээрийн гацааг тодорхойлох юм. Н.Энхбаярын дараагийн хатуу шаардлага бол Засгийн газрын хэдэн хувийг эвсэлдээ авах вэ гэдэг асуудал.
Өнөөгийн МАН дангаараа Засгийн газар байгуулах бүрэн боломжтой үедээ Ардчилсан намд 40 хувийн суудал өгснийг Н.Энхбаяр хамгийн том баримт, шалтгаан болгоно. Процедурын төвшиндөө эх баригч хүчин, сөрөг хүчинд хуваагдан асуудал шийдэгдэхгүй гацаанаас болгоомжилсон, улсын хэмжээний жинхэнэ хөгжлийн шийдвэрүүдэд хаалт үүсгэхгүйн төлөөх гаргалгаа байсан ч ард түмэн бол хамтарсан Засгийн газар гэдгийг 40:60 хувийн тэр л жишгээр ойлгох үр дүн дагуулсан нь үнэн.
Дээр нь дийлэнх олонхи байсан нам хамтарсан Засгийн газрын суудлаа тийм хэмжээнд хувааж байхад Ардчилсан нам өнөөдөр тасархай олонхи болоогүй хэр нь 30-хан хувийг хамтрагчдаа өгнө гэдэг шударга бус байна… хэмээн Н.Энхбаяр дайрна даа.
Бүр сайдын суудлаа 50:50 хувиар эс бөгөөс Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Хуульзүй дотоод хэргийн яам гэхчилэн гол яамдыг авна гэж ч үзнэ, Ардчилсан нам олонхи болоогүй нь үнэн л юм чинь. Үүнийг ч магад Ардчилсан нам тооцоолчихоод яамдын тоог нэмэх тухай яриад эхэлсэн байж болох.
Гэхдээ Н.Энхбаярын өөдөөс Ардчилсан нам “Гол яамдаа бол хэзээ ч өгөхгүй. Үйлдвэр худалдааны яам мэтчилэн нь танайх…” хэмээн ач холбогдол багатай гурав ч юм уу дөрвөн нэр чулуудна. Энэ бол шинэ Засгийн газар бүрэлдэн тогтохын өмнөх гацааны бас нэгэн хэсэг. Гэхдээ Ерөнхийлөгч асан нь шүүхийн өмнө зогсч байгаа иймэрхүү нөхцөл байдалд улстөрийн шийдвэр гаргаж, урагш алхах дэлхийн улс орнуудын жишиг бас бий.
Тухайлбал, хууль гаргаад Н.Энхбаярыг цагаатгах чинээний. Ельцин өөрийгөө, гэр бүлээ насан туршид нь Эрүүгийн хэрэгт татахгүй гэсэн хуулийг өөртөө зориулж гаргуулаад л буусан хөрш Оросын түүх байна. Хэрвээ Ардчилсан нам заавал “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулахдаа тулбал Н.Энхбаярыг Ельцин шиг аргаар явуулж ч болно. Яагаад гэвэл, Н.Энхбаяр өөртэйгээ холбоотой хэргийг шүүхийн замаар шийдэх бус ганцхан цагаатгах ёстой тухай ярьж байгаа учраас.
Цагаатгасан тохиолдолд өнөөх авлигатай тэмцэгч Ерөнхийлөгч, шударга ёсыг тогтоогч Ардчилсан нам лав л сүүлийн хэдэн жилийн улстөрийнхөө сүнс болсон шударгын тухай, авлигыг цээрлүүлэх тухай үнэ цэнийнхээ эсрэг болж харагдана. Ардчилсан намын улстөрийн тавцан дахь бүх цаг хугацааны үнэ цэнэд шударга ёс, авлигыг цээрлүүлэх тухай ойлголт онож тогтохгүй л дээ.
Сүүлийн хугацаанд шударга, авлигыг цээрлүүлэхээр ам мэдэн хашгирах болсон нь ч түүхийн нугачаанд хуурмагшиж, зөвхөн эрх мэдлийн төлөөх зэвсэг нь байсан болж тодрохыг үгүй гэх аргагүй. Тийн эцсийн бүлэгтээ хэлэлцээр гээд байгаа маань хэт төөрөлт болж нэг л өглөө Н.Алтанхуягийн амнаас “Шударга ёс” эвсэл шударга бус юм байна еэ еэ бөөвөө… Одоо бидэнд ганц л зам бий…” хэмээн хэлж Н.Энхбаярыг “алах” тоглоомынхоо эцсийн хөзрийг дэлгэж мэднэ.
Н.Энхбаярыг цагаатгахгүй гэхээр “Шударга ёс” эвсэл Засгийн газарт хамтрахгүй. Тэгвэл Ардчилсан нам бас жинхэнээсээ еэеэ бөөвөө болно.
Ямар ч гаргалгаагүйгээр “Сонгууль болох гэж байгаа учраас хамтарсан Засгийн газраас бид гарлаа…” гэж хэлж чаддаг шигээ Н.Энхбаяртай тохиролцохоор оролдон дүр эсгэснээ далдлан Н.Алтанхуяг түрүүлж “Шударга ёс” эвслийг шударга бус хэмээн зарлаж чадвал шинэ Засгийн газар бүрэлдэх өрөг огт өөр болно.
Тэр хүртэл МАХН-ын дарга горилон найдах буюу Н.Алтанхуягийн “Шударга ёс” эвслийн чанарыг таньсан тухай мэдэгдлийн дараа Н.Энхбаяр шоронд орно. Тэр цагт Ардчилсан намын ганц зам эхнээсээ юу байсныг бид бүгд харахвий.
Аль ч замаар явсан Н.Энхбаяр Ардчилсан нам 1996 оны сонгуулиар олонхи болсныхоо дараах увайгүйтэл шигээ өнөө жилийн сүүлчийн сонгуулиараа, сүүлчийнхээ илүү суудал авсан үдэшлэгтээ цэнгэх нь ч цэнгэнэ ээ.
Б.ЭСЭН
sonin
URL: