Спортын салбар соёл шинжлэх ухааны хавсарга байх ёсгүй
Соёл шинжлэх ухаан, спортын яам байгуулах нь зөв үү-
Ардчилсан нам эвслийн Засгийн газраа байгуулсны дараа шинээр бий болох яамдын тоо нэмэгдсээр байна. НХХЯ, ХЗДХЯ-ыг чиг үүргийнх нь дагуу салгаж Хууль зүйн болон Хөдөлмөрийн гэсэн хоёр яамыг байгуулахаар болсон. Харин сүүлд гарсан мэдээллээс үзвэл БСШУЯ-ыг хоёр хувааж, Боловсролын яамыг байгуулаад үлдсэн соёл, шинжлэх ухааны салбар дээр ЭМЯ-наас спортын салбарыг аваачиж нэгтгэн Соёл, шинжлэх ухаан, спортын яамыг байгуулахаар болжээ. Бүр “Сайдаар нь Лу.Гантөмөрийг томилно” гэсэн “бор шувуу” ч нисч байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол алдаа оноотой шийдвэр гэж хэлэх байна. Эхний шийдвэрүүд нь зөв ч спортын салбарыг Соёл шинжлэх ухаантай хүчээр аваачиж наасан нь ямар ч хэрэггүй ажил болжээ.
Спортын салбарыг гадарладаг хүний хувьд, энэ салбар тусдаа бие даасан яам байх ёстой гэж боддог юм. Ингэлээ гээд орон тоо, зардал нэг их нэмэгдэхгүй. Хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ыг яамны статустай болгочиход л болно. Засгийн газрын хурлын танхимд нэг сандал авч тавих хэрэг гарна биз, өөр ямар ч асуудал гарахгүй. Дэлхийн ихэнх улс орнууд Спортын яамтай байдаг.
Яагаад спортын яам байгуулах хэрэгтэй вэ
Спорт бол улс орныг сурталчлах, хөгжижи дэвжиж байгааг харуулах гол талбар учраас тасралтгүй хөгжиж байх ёстой байдаг. Гэтэл нөгөө талаар бас хувь хүний асуудал болчихдог. Спортыг сонирхох ч хүн байна, үгүй нь ч бий. Энэ салбарыг өөр яаманд хавсарга байдалтай нийлүүлчихвэл спорт хөгжих эсэх нь яамны сайдаас хамаарах асуудал болж хувирах эрсдэлтэй юм. Манай Улс “Биеийн тамир спортын хууль” баталж томоохон дэвшил гаргаж чадсан. Гэвч сайдын үзэмжийн асуудал үргэлж байсаар ирсэн, байх ч болно. Талийгаач Л.Энэбиш даргын үед самбочдод олон байр өгсөн, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд бахад хөлбөмбөг гадаад харилцаагаа өргөжүүлж материаллаг баазаа бэхжүүлсэн гээд яриад байвал жишээ олон бий. Яг үүн шиг, спортын салбарыг харицаж байгаа хүн Засгийн газрын хуралдаанд сууж, асуудлаа шийдүүлээд явах нь маш их ач холбогдолтой гэдгийг олон хүн ойлгож байгаа ч бас ойлгохгүй хүн олон байх шиг байна. Өмнөх шиг Боловсролын, одоо яригдаад байгаа шиг Соёл, шинжлэх ухааны яамны хавсарга байгаад байвал спорт хөгжих эсэх нь тухайн яамыг толгойлж байгаа сайд спортод хэр элэгтэй, элэггүйгээс шалтгаалсаар үлдэх юм.
Өнөөдөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч сайн морь унаад, сайхан эмээл тохоод хүүхний сайхантай ханилаад хүнд гайхуулж явах бололцоо бүрэлджээ. Гэтэл юм гэдэг сайнтай муутай байж нэгэн бүхэл болдог. Авьяастай хүүхдийг нээн илрүүлж, спортын “А” үсэг заагаад дараагийнхад нь шилжүүлж өгдөг анхан шатны байгууллагын дасгалжуулагч, тив дэлхийн хэмжээний амжилт гаргаж чадаагүй ч аваргуудын зүрхэнд шар ус хуруулж, бэлтгэлийг нь хагалцаж байсан тамирчдын нуруун дээр амжилтын ихэнх хувь нь явж байдгийг ойлгох хүн алга. Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган руу анхаарал төвлөрөөд бусдыг нь төдийлөн хайхрахгүй байна. Спортод амьдралаа зориулсан ахмад, дунд үеийнхэн ерөнхийдөө ядуу амьдарч байгаа юм. Тамирчдын цалин хангамж ерөнхийдөө бага байдаг, Хөдөлмөрийн яам энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд л зохицуулаад явна. Харин Спортын яамтай болчихвол хуулиндаа өөрчлөлт оруулах замаар салбарынхныхаа амьжиргааг өөд татах, менежмент хийх бололцоо бүрдэх юм. Спортын яамыг тусад нь байгуулснаар өргөн боломж нээгдэж, Монголын спорт улам л хөгжинө. Амьдралын бололцоо ерөнхийдөө тааруу байгаа энэ үед тамирчдын маань амжилт л бидний сэтгэлийг дэвтээж байдаг шүү дээ. Энэ салбараа өөд нь татчихаад ядаж нэг ч болсон юмаар сэтгэл тэнэгэр алхая л даа.
Х.Сайхан
URL: