Хүчтэй сөрөг хүчин байх нь ялалтаасаа илүү хариуцлага

Энэ удаагийн парламентын сонгуулийг “Ялагчгүй сонгууль” хэмээн онцолсонтой олонтаа таарлаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг золбин үг биш, улс төр судлаач нөхдийн амнаас унасан дүгнэлт. Нэгэнт ялагчгүй юм чинь бас ялагдагч гэж байхгүй нь тодорхой. Үнэхээр 2012 оны сонгууль эн тэнцүүхэн өрсөлдөөн болж өнгөрлөө. Ялалтын уухай цуурайтуулаад байгаа АН үнэн хэрэгтээ парламентад бас дангаараа олонхи болж чадаагүй. Эвсэж, энэ тэр болж байж л Засгийн газраа бүрдүүлэхээр зорьж байна.

2008 оны сонгуульд МАН жинхэнэ ялалт байгуулж байсан ч улс орны эрх ашгийн үүднээс AH-тай хамтрах урилгыг тэдэнд гардуулж байсан билээ. Энэ бол зүрх зоригтой хэрнээ стандарт бус шийдэл байсан. Алсын хараатай энэ алхмын үр дүнд Сонгуулийн хуулиа шинэчилж, Тавантолгойн галт тэргийг хөдөлгөж, Оюутолгойг гацаанаас гаргасан нь монголчуудын хувьд хожил байсан биш гэж үү.

Улс төрд ийн эр хүн шиг зан гаргасныхаа хариуг тэд энэ дэвж шаваад байгаа АН-аас нэхэхгүй. Аливаад ээлж дараалал, сорилт сонжилт гэж байдаг. Ард түмний ийм шалгуур эдүгээ АН-ынханд энэ сонгуулиар ногдлоо. Гэхдээ аль нэг улс төрийн хүчинтэй эвсэхээс өөр гарцгүй. Тэдний хүч хавсрахаар сонгож байгаа нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн байх нь тодорхой болж байна. Яагаад энэ эвслийг сонгож байгаа нь учир шалтгаантай, Тэд МАН- д ийм санал тавих нэр нүүргүй болсон. Хамтарч байгаад хаалга саван гарч одсон. тэдэнд эргээд уулзаж улаан нүүрээ улалзуулах нь хэцүү байж таарна.

Ардчиллын авчирсан үнэт зүйлүүдийн нэг нь улс төрийн тогтолцоон дахь сөрөг хүчин. Сөрөг хүчин байх нь сөргөлдөж сөрвөлзөнө гэсэн үг бус. Харин улс орныхоо төлөөх улс төрийн соёлтой хамтын ажиллагаа юм. Улс төрийн ямар ч системд сөрөг хүчин чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ардчилсан тогтолцооны үед улс төрийн үйл явцын салшгүй нэг эд эс болж, эрх баригч намаа хурцдан чангалж, буруу алхам, шийдвэр бодлогоос сэргийлж байдаг аж. Өөрөөр хэлбэл нийгмийн эрүүл хөгжлийг хангах бас нэг судас нь болж байдаг гэсэн үг. МАН-ын хувьд ирэх дөрвөн жилд сөрөг хүчин байна. Энэ бол ялалтаасаа илүү хариуцлага. Монголын парламент ийм хүчирхэг сөрөг хүчинтэй байсан нь цөөхөн байх. 1996-2000 онд л нэг ийм боломж тохиосон санагдаж байна. Тулхтай, голч ноён нуруутай, хэлж чаддаг, оюуны хийгээд ажил хэргийн асар их чадамжтай, ийм хүчтэй сөрөг хүчинтэй байх нь монголчуудын хувьд маш том боломж болно. Тэд төрийн хяналтыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж, олонхын давамгайлал, сэтгэлийн хөөрлийг хэм хэмжээнд нь барьж чадна. Дал мөр алгадсан далд тохироо, ханцуй доторх наймааг сөрөг хүчин л хязгаарлаж дөнгөнө. Ийм хүндтэй үүрэг, ард түмний даалгавар эдүгээ МАН-д ногдож байна. Энэ үүргээ хэр гүйцэтгэхээс МАН-ын ирэх сонгуулийн өнгө төрх тодорно. Яагаад гэвэл хүчтэй сөрөг хүчин байх нь ирэх сонгуулийн ялалтын угтал болдог жишиг олон оронд ажиглагддаг.

Сөрөг хүчин байх нь аль ч утгаараа том боломж, үүрэг хариуцлага гэдгийг дээр дурдсан. Ардчиллын олон жилийн уламжлалтай улс орнуудын хувьд сөрөг хүчин сүүдрийн засгийн газар байгуулдаг туршлага байх юм билээ. Сүүдрийн “сайд” нар хариуцсан салбар салбараараа эрх баригч Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ боловсруулж буй бодлогын бодитой байдлыг хянаж, нэг ёсны тал засдаггүй хамтрагч нь болдог. Хэрэв дараагийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулбал сүүдрийн засгийн газрын гишүүд шинэ Засгийн газрынхаа тухайн албан тушаалд шууд “жинхэлдэг” туршлага байх юм билээ. Үүнийг Монголын улс төрд хэвшүүлэх нь ялангуяа сайд нарын хувьд их боломжтой хувилбар байж мэдэх юм. Ил, “далд” хоёр Засгийн газар дамжаад ажиллачихаар салбарынхаа талаар бэлээхэн нарийн ширийн мэдээлэлтэй, нөгөө талаасаа нөгөө улс төрийн бодлогын залгамж чанар энэ тэртэйгээ дөхөж очмоор санагдаад байгаа юм.

Монголчуудын хувьд сөрөг хүчний уламжлалт ойлголт, туршлага бараг байхгүй. Тийм ч бололцоо байгаагүй. Өмнөх нийгмийн үед сөрсөн нэгнээ харин “эсэргүү” хэмээн эндүүрч байсан нь бол бий. Иймээс сөрөг хүчний талаархи ойлголт тун бүрхэгдүү. Сөрөг хүчин гэхээр л ялагдсан тал гэсэн явцуу ойлголтоор хандах гээд байдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ сөрөг хүчин эрх баригчдаасаа ч илүү үүрэг хариуцлага хүлээж байдаг байх нь. Эрх баригчдын буруу шийдвэрийг олж хараагүй, таслан зогсоогоогүй гэсэн гэм зэмийг үүрч байсан сөрөг хүчин дэлхийн улс төрийн түүхэнд олон байдаг гэсэн байх шүү.

Улс төрийн эд эсийн хувьд нам хүчирхэг байх боломж сөрөг хүчинд илүүтэй байдаг байж ч мэднэ. Энэ боломж эдүгээ МАН-ын гарт байна. Бурууд хараа хурц, зөвд зөөлөн тийм л сөрөг хүчин байгаасай гэсэн хүлээлтийг иргэд тээж яваа.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих