Ц.Даваасүрэн: МАН-ын удирдах зөвлөл огцорч хариуцлагаа хүлээх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Сонгуулийн өмнө түүнийг МАН-ынхан бага хурлын гишүүнээсээ шалтгаангүйгээр хассан. Харин тэрбээр өнөөдөр өмнө нь халуун тогоонд нь буцалж байсан намынхаа сонгуульд оролцсон байдал, алдаа оноог нь хэрхэн дэнсэлж байгаа талаар болон цаг үеийн зарим асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-АН бие даан нэр дэвшиг­чид­­­тэй эвсч Засгийн газар бай­­гуулна гэсэн яриа байна. Танд ийм санал ирсэн үү?
-Одоогоор бидний хооронд тийм зүйл яригдаагүй байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны са­нал ирээ­гүй. Миний хувьд бие даан нэр дэвшсэн учраас өөрийн гэсэн мөрийн хөтөлбөр дэв­шүүлсэн бай­гаа. Түүнийгээ хэ­рэгжүүлэх та­­лаас анхаарч ажил­лана даа.

-АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрт таны дэв­шүүлсэн хөтөлбөртэй ний­ц­эж байгаа зүйл байна уу?
-Хүн ардад хэрэгтэй асууд­луу­дыг улс төрийн намууд ам­ласан байх. Тиймээс нэгтгээд явж болох байх. Жишээлбэл, ми­ний мөрийн хөтөлбөрт за­луу малчдад орон сууц буюу байр­ны хөнгөлөлттэй зээлийн тог­толцоог бий болгоё. Ерөөс бид­ний дархлаа малчин учраас тэр чиглэлд нэлээд хө­рөнгө шаар­дах амлалтууд байгаа. Түү­­нийгээ Засгийн газарт орж бай­гаа аль нэг намд санал бол­го­ход буруу гэж хэлэхгүй гэ­дэгт нь итгэлтэй байна. Энэ мэт ам­лалт мөрийн хөтөлбөрөө хэр­хэн хэрэгжүүлэх вэ гэдгээ бодож бай­на.

-Бие дааж сонгогдсон ги­шүүд мөрийн хөтөлбөрөө хэ­рэг­­жүүлэхэд маш бэрх байд­гийг та мэдэж байгаа байх аа. Таны тухайд ямар нэгэн бү­­лэгт орж хамтарч ажиллая гэ­сэн бодол байна уу?
эрэгжүүлэх арга замууд байна. УИХ дээр санал хураалгаад өөрийнхөө тавьсан асуудлуудыг шийдүүлээд явж болно. Тэгээд ч би энэ чиглэлээр ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд санаа бодлоо тусгаад яваад байж болно гэж бодож байна.

-Таныг АН-д элсэх гэж байна гэсэн яриа байна. Үнэн юм уу?
-Хүмүүсийн таамаг яриа байх. Би хувьдаа МАН-ын шинэчлэлийг харж байна. 40 гаруй суудалтай намыг 20 гаруй болгосон хариуцлагыг намын удирдлагууд хүлээх ёстой. Бидний хэдэн гишүүдийг намаасаа гарсны дараа бөөн бөөн гишүүд элсч байгаа гээд байсан биз дээ. Тэгвэл тэгээд ялах нь яасан юм бэ. Улаанбаатарт нэг ч суудалгүйгээр ялагдал хүлээлээ шүү дээ. Энэ нь бүхэлдээ алдаа л байсан байхгүй юу. Ёс суртахуунтайгаар ялагдлаа хүлээх ёстой.

-МАН ялагдал хүлээснийхээ дараа таныг бага хуралдаа эргэн орооч гэсэн санал тавьсан сураг байсан. Үнэхээр тийм санал тавьсан юм уу?
-Надад албан ёсоор санал тавиа­гүй.

-Хэрэв тавьсан бол та хэрхэн хүлээж авах байсан бэ?
-Би намаа шинэч­лэг­­дэхийг харна гэж дээр хэлсэн. Биднийг намаасаа гарахад “ та нар гарч болно оо. Бид нар ялалтаа байгуулна” гэж хэлж байсан. Яг тэгж хэлж байсан шигээ ялчихсан бол өөр хэрэг. Гэтэл өнөөдөр ялагдчихаад сууж байна. Тиймээс МАН-ын удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

-Танай намынхан огцруулах хэмжээнд хүртэл хариуцлага тооцож барах болов уу даа?
-Хэрэв одоо л чадахгүй бол цаашид ард түмнээр өнөөдөр тавиулсан байгаа шигээ дүн авах болно шүү дээ. Ард түмэн тооцож байна. Биднийг МАН дотор байхад хэлсэн ярьсныг маань ойшоогоод хамтраад явсан бол өнөөдөр олонхи болох байлаа.

-Гэтэл МАН-ынхан хэн нэгэнд хариуцлага тооцох тухай асуудал ярихаасаа өмнө ялагдал хүлээсэн буруу­гаа техник рүү хийхийг урьтал болгосон болохоор удирдах зөвлөлийг бүтцээр нь огцруулах тал дээр эргэлзээ төрөөд байгаа юм л даа?
-Аливааг урьдчилж тооцох хэрэгтэй. Техник хэрэгсэл авчрах, сонгуулийн хууль батлах гээд бүх л асуудалд МАН олонх байсан. Намын бүлэг ямар ажил хийж байсан юм. Шүүх засаглалаас бусад бүх эрх мэдэлд МАН-ынхны мэдлийнх байсан шүү дээ. Тиймээс ямар нэгэн зүйлд буруу тохох ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэхээр өөрсдийнх нь хийсэн сонголт анхнаасаа буруу. Уг нь миний бодлоор бид ялахын тулд эхлээд хамтрах ёстой байсан юм. Гэтэл бидний намаа ялуулах гэсэн хүсэл эрмэлзэл саналыг хэн нь ч хүндэтгээгүй. Намаасаа цэвэрлэхийг урьтал болгосон. Ялчихсаныхаа дараа юугаа ч ярьж болно. АН бол өнөөдөр маш зөв харагдаж байна. Х.Тэмүүжин, З.Энхболд нарыгаа урдуур жагсаачихаж байгаад ялчихлаа. Нэгэнт ялсан учраас дараа нь хоорондоо ярилцаж хэлэлцээд сууж байгаа биз дээ.

-Ардын нам сонгуулийн үр дүнг одоо болтол хүлээж авч чадахгүй байгаа. Бага хурлаасаа өмнө ямар нэг шийдвэрт хүрээд АН-д засагт хамтрах санал тавьбал хүлээж авах магадлал байгаа шүү дээ?
-Намын дээд удирдлага нь бага хурал байдаг. Тиймээс бага хурал ч гэсэн хариуцлага хүлээх шаардлагатай. Тэгэхээр одоо намын бага хурал биш бүр Их хурлаа хуралдуулах ёстой. Тэгж байж асуудлыг шийднэ.

-Тэгэхээр шууд удирдлагуудыг буулгах хурлаа хийх нь зөв гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Тэр нь хамгийн зөв. Учир нь бага хурлаас гаргасан хүмүүс, мөн бодлого алдаа л байсан байхгүй юу. Намын нэр солихыг бага хурал л шийдсэн.Тиймээс бага хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээх ёстой.

-Намын бага хурлаас гарснаасаа хойш та ажиглагч болж хувирсан. Ер нь МАН-ынхны сонгуульд оролцож байгаа байдлыг хэрхэн дүгнэж байв. Яг юун дээр алдчихав аа?
-МАН-ынхан ардчилалын үнэ цэнэ, олон ургальч үзлийг ойлгохгүй байна. Ялахын тулд бүх аргыг хэрэглэх ёстой. Бүх хүмүүс нэгэн зэрэг хөдлөх шаардлагатай байсан болохоос үзэл бодлын зөрүүтэй нэгнийгээ намынхаа гадна гаргачихаар алддаг гэдэг нь сая сонгуулиар батлагдлаа. Өнөөдөр бид цаг, үе нийгэмтэйгээ зохицож амьдрах ёстой. Олон ургальч үзлээ авч үлдээд, ардчиллын үнэ цэнийг хадгалаад ард түмнээсээ итгэл хүлээх бүхий л аргыг хэрэглэх ёстой байсан.

-МАН-ынхан хэр зэрэг сайн сөрөг хүчин болж чадах бол?
-Яг одоогийн байгаа байд­лаараа бол сайн сөрөг хүчин болж чадахгүй. Арай өөр зоримог алхам хийж чадах хүмүүсээр бүрдүүлж манай намын удирдлага гарч ирэх хэрэгтэй. Одоогийн байгаа удирдлагууд яагаад ч чадахгүй.

-МАН-тай холбоотой сэдэв бүрийг шинэчлэл гэх үг дагалдах болжээ. Яг ямар шинэчлэл хийх хэрэгтэй болсон юм бэ. Дотор нь байх үед танд яг юу үгүйлэгдэж байв?
-Миний хувьд мөнгөнд ач холбогдол өгөхийг илүүд үзээгүй. Сэтгүүлчид та бүхэн ч гэсэн харж л байсан. Манай намд сүүлийн үед мөнгөтэй хүмүүс их орсон. Мөнгөөр зодож бүгдийг шийдэж болдог гэсэн ойлголттой болсон нь хамгийн том алдаа байсан. Гэтэл хамгийн чухал нь ард түмний итгэлийг олох шүү дээ. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл ард түмэн гэдгийг ойлгодог удирдлага гарч ирэх хэрэгтэй байна.

-Хэрэв тэр хэмжээнд шинэчлэгдэж чадах юм бол танд намдаа эргэн орох бодол их байгаа юм байна гэж ажигдлаа?
-Тиймээ. Үнэхээр шинэч­лэгдэж чадах юм бол мэдээж тийм бодол байна. Би анхнаасаа л МАН хэмээх улс төрийн том хүчинг хагалж болохгүй гэж бодсоор ирсэн. МАН-аас гарсныхаа дараа МАХН руу ороод явчихаж болох байлаа. Тийм сонголтыг хийгээгүй учир нь түүхэн үүрэг гүйцэтгэдэг энэ том улс төрийн хүчнийг хагалъя, устгая гэж огтхон ч бодоогүй. Энэ хүчин сул байна гэдэг нь Монголын төрийг асар доройтуулж байгаагийн хэлбэр. Өнөөдөр энэ хүчнийг унаж байгааг нь харах тусам баярлаж байгаа хүн бол өөрийгөө дутуу бодож байна гэж дүгнэх хэрэгтэй. Монголын ард түмний бүхэл бүтэн зууны турш бүтээсэн Тусгаар тогтнолыг бий болгох гэж зүтгэсэн зүйл нь суларч байна гэдэг нь Монгол Улсын дархлаа дагаад суларч байгаагийн илрэл.

-МАН-ын ялагдалд хүрэхэд таны дээр хэлсэн зүйлүүдээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй гэж та бодож байна уу?
-МАН-ынхан өмнөх сон­гуульд ялагдсан тохиолдолд л нэрээ өөрчлөх шаардлагатай байсан байхгүй юу. Ард түмэн МАХН-д итгэл үзүүлээд олонх болгочихоод байхад нэрээ солих ямар хэрэг байсан юм бэ. Хагарлын эхлэл, хүчний сулрал нэрээ сольсноос эхэлснээс болсон. Гадаад улс орнуудад Хувьсгалт гэдэг үг их муухай санагдаж байна л гэсэн. Эцсийн бүлэгтээ сонгуулийг гадаадынхан ирж өгдөггүй биз дээ. Бид нар ч тухайн үед нь хэлж л байсан. Энэ бол хэдхэн хүн намыг удирдаж явдгийн хамгийн том алдаа.

-Таны бодлоор МАН-ын дараагийн даргад ямар хүн байвал зүгээр юм бэ. Мэдээж тэр олон гишүүнтэй намд зоосны нүхээр ажил явуулдаггүй хүн арай ч байхгүй болчихоогүй байлгүй дээ?
-Байлгүй яахав дээ. 100 гаруй мянган гишүүн дотор тийм хүмүүс олон байгаа. Хамгийн гол нь зөв шүүлт.

-Ардчилсан нам “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтраад Засгийн газар байгуулах дээр тогтож байх шиг байна. Зарим хүмүүс Ардын намтайгаа хамтарсан нь дээр л гэх юм. Та юу гэж бодож байна?
-Хэрэв Ардын нам одоо байгаа удирдлагатай АН-тай хамтарна гэвэл буцаад л МАНАН болно. Тэгэхээр “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан нь ард түмний талархлыг арай илүү хүлээх байх. МАН шинэчлэгдчихээд эвсвэл тэс өөр.

-Зарим яамдуудыг үйл ажиллагааных нь чиглэлээр салгахыг нь салгаад нэлээд өөрчлөлт оруулна гэж ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Яамдыг цөөлнө гэдэг нь хамгийн зөв арга гэж боддоггүй. Эдийн засаг томрох тусам асуудал томордог. Томорсон асуудлаа шийдэж чадах бүтэц байх нь хамгийн зөв. Тухайлбал, миний ажиллаж байсан яамнаас жишээ татахад, Сангийн яамны нэг алба дөрөв тавхан хүнтэй. Гэсэн хэр нь Монгол Улсын бүхэл бүтэн төлөвлөлтийг хийнэ гэж байгаа юм. Хэзээ ч тэгж чадахгүй. Боловсролын яамны тухайд дунд боловсролын газар тавхан хүнтэй. Тэдгээр хүмүүс нь бодлогоо барьж чадахгүй зөвхөн гүйцэтгэх ажлаа хийсээр байгаад таардаг. Эндээс Монгол төрийн бодлого суларсан байгаа нь харагдаж байгаа юм. Урд богино хугацааны бодлого төлөвлөх ёстой байтал өдөр тутмын гүйцэтгэх ажлаа хийдэг яамдууд байгаа байхгүй юу. Асуудал томорч байгаа энэ үед ийм замаар цаашид хол явахгүй. Тиймээс яамдын тоог нэмэхийг би буруутгахгүй. Улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол хүссэн хүсээгүй тэр бүтэц рүү явах ёстой. Харин зүгээр нэг ашиг хонжоо харсан улс төр хэрэггүй. Хуучин төр бол боддог төлөвлөдөг, хяналт тавьж хариуцлага тооцож чаддаг төр байсан. Тийм төр байсны хүчинд Эрдэнэт хот бий болсон. Гэтэл өнөөдөр Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой дээр сендвичнээс өөр юу ч босохгүй байгаа биз дээ. Энэ хоёрын хооронд төрийн зөрүү байгаа юм.

-Ардчилсан намынхан өдөр тутмын ажлаас нь салгаад хэтийн төлөв рүү явдаг болох ажлыг хийх гэж оролдож эхэлж байгаа санааг та дэмжиж байгаа юм байна тийм үү?
- Тэр бол маш зөв. Хөгжлийн яам байгуулъя гэсэн нь бүр зөв. 300 хүнтэй ч байсан болно. Хуучин 700 хүнтэй яам ажиллаж болоод л байдаг байсан. Харин ажиллахдаа гэр бүлээс эхлээд сум баг хороо дүүргийг бүгдийг нь уялдуулах шаардлагатай. Хүчний байгууллагуудыг ч гэсэн өөрчлөх цаг ирсэн

-АН-ынхан төрийн өндөр албан тушаалуудыг фрак­циу­дынхаа тохироогоор хувааж авч байна гэсэн шүүмжлэл байсаар байна.
-Тэгэх нь буруу биш. Бүх зүйл ил тод явагдах л хэрэгтэй. Манайд бол ганц хүч толгойд нь суучихаад зөвхөн өөрийнхөө хүрээний хүмүүст албан тушаал өгөх байдаг нь маш буруу. Харин АН-ынхан чадалтай чадалтайгаараа нэгдчихээд асуудлаа тавиад явж байгаа нь зөв. Ардын нам ингэж л өөрчлөгдөж ийм зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байж цааш явна.

-Та ч бас нам дотроо фракци байгуулах гэж нэлээд үзсэн дээ?
-Фракци байгуулах гээд болоогүй шүү дээ. Нэг жигүүр ахалж байтал хумиад, дараад л. Ганц хүн шийдсэн нь дээр үү. Эсвэл таван хүн шийдсэн нь дээр үү. Таван хүний ухаан мэдээж илүү. Тиймээс л олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудал яриад байгаа юм.

-Таны бодлоор Ардын намд энэ өөрчлөлтийг хийхэд хэр их хугацаа хэрэгтэй бол?
-Хийе гэсэн сэтгэл байвал ямар ч хугацаанд хийж болно. Хамгийн гол нь хийх хүсэлтэй хүн нь гарч ирэх хэрэгтэй байна. С.Баяр бол үнэндээ хуурчихсан байхгүй юу. Тийм алхам руу явсан ч эцсийн дүндээ өөрийгөө бодоод л явчихсан.

-С.Баяр нам нь сонгуулийн үеэр зөвхөн өөрийгөө бодоод явж байсан гэж үү?
-Би түүнд нь 100 хувь итгэлтэй байна. С.Баяр зөвхөн хувиа хичээсэн.

-Та үүнийг яг юугаар нотлоод байгаа юм бэ?
-С.Баярт бүгд итгэж байсан. Гэтэл тэгээд юу бүтээсэн юм. Намын дарга, Засгийн газрын тэргүүн байж үзлээ.

-Харин С.Баярын үед хүчирхэг байсан гэж танай намынхан ярьдаг ш дээ?
-Тэр бол худлаа. Өнөөдөр ялагдчихсан л байна. Ачаагаа үүрч чадахгүй дундаас нь хаяж байгаа юм. Оюутолгойг яагаад харийнханд өгчихөж байгаа юм. Хэн өгсөн юм. С.Баяр л өгсөн.

-Тэгвэл ер нь Н.Энхбаяр, С.Баяр гээд удирдлагууд амиа хичээсэн хүмүүс байж дээ?
-Н.Энхбаярын үед МАХН хүчтэй байсан. С.Баярын үед суларсан нь харин бодит үнэн. Ганц дарга шийдээд байгаагаас л алдаа гараад байгаа байхгүй юу. АН олуулаа байж шийдэж байна. Нөгөө нь ганц дарга удирдах зөвлөлөөр дамжуулж чиг өгчихдөг. Энэ хоёр намын хамгийн том ялгаа нь тэр. Н.Энхбаярт мэдээж алдаа оноо байгаа л байх. Гэхдээ яг өнөөдрийнх шиг ялагдаж байгаагүй юм билээ.

-Тэгэхээр одоогийн МАХН ч гэсэн яг тийм болох нь ээ?
-МАХН-ын дотоод асуудлыг би сайн мэдэхгүй юм. Ерөн­хийдөө Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар арай тэгэх­гүй байлгүй дээ.

-Яагаад хүчтэй удирдагчаа МАН-ынхан зүгээр л явуул­чихсан юм бэ?
-Масс гэдэг чинь бүгдийг аваад явчихаж байгаа юм. Мөнгөөр бүгдийг авч явна гээд нийт масс бодчихсон байсан. Тэр бодлоороо яваад гишүүнчлэлтэй газруудаасаа л санал авлаа шүү дээ. Мөнгөөр санал авах гэсэн нь бүгд унасан.

Б.ДАВАА


URL:

Сэтгэгдэл бичих