Н.Багабандиас фашизм ханхлав болов
“Титэм үг”-нээс фашист тарчлаан мэдрэгдэх болов. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди
“Дайсан гурван янз. Дайсан. Нөхрийн дайсан. Дайсны нөхөр. Чамтай дайсагнасан хорон санаатны өмнө хүлцэнгүй ноомой, үхээнц дорой царайлан битгий бөхөлз. Тэгэх юм бол номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг чамайг номхчилон дураараа дээрэлхэж, бах таваа хангана. Дайсны өмнөөс зориг хүчээ хөвчлөн сөрөн тэмцэхгүй зүрхшээвэл ялагдлын гутамшгийг амсана. Тулалдсан хүн л гагцхүү ялдаг юм” хэмээн нийгмийг тэр чигт нь фашист хонзогнол тийш турхирч байна. Н.Багабандийн дэвшүүлсэн фашист онолоор бол задрал, хагарал нь хэдийнэ ил болчихсон Ардын нам, МАХН-ынхан битгий хэл амны салиа нь арилаагүй хүүхдүүд хүртэл “Зуун найз бага, нэг дайсан их” хэмээх үзэл суртлаар замнах ёстой юм гэнэ. Тэр ч бүү хэл “Хамгийн сайн хамгаалалт бол довтлолт. Чононуудтай чоно шиг үзэлцэхгүй бол чононууд ча¬майг тас татан хаяна. Чи гөлөг, муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ. Арслан, барсын дүртэй байвал айн сүрдэнэ.
Арслан ангийн олзондоо биш, ялалтдаа баярладаг гэдгийг мэд” хэмээн ятгасан нь эрх баригч хүчин хэмээх гох, дэгээн дээр арайхийн оршин тогтнож буй намынхнаа эвлэрэлд бус, эвдрэлцэлд уриалсан хэрэг болжээ. Н.Багабанди ингэж номлодог байхдаа ард олны дунд үнэ хүндтэй мэт харагддаг байв. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдарна” гэж.
Бас “Мөс сайтын мөр цагаан” гэдэг байв. Харин одоо өөр хоорондоо арслан, барс мэт архиралдан тэмцэлдэхийг ард түмэнд уриалах болов. Экс Ерөнхийлөгчийн фашист номлолоор бол ард түмэн нүүр бардам, харц дээгүүр амьдрахын тулд хэн нэгнийг цохиж байгаа бол өвдтөл нь цохиж, хашгирч байгаа бол улам чанга хашгирч явах ёстой юм гэнэ. Тэгмэгцээ “Нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар” хэмээх хоосон цэцэрхэлд автаж, өнгөрч, зөрсөн бүхэндээ өс санаж явах нь л дээ. “Сайнд хүрэхийн тулд муугаа хая”, “Сэтгэл ариун бол үйлс ариун”, “Хүн чанараа гээгээгүй хүн чухам аз жаргалтай” хэмээн айлддаг байхдаа экс Ерөнхийлөгч түмэн олонд “гоё” харагддаг байв. Түмэн олон нь түүнийг гэгээрэл тийш хөтлөгч эрхэм хэмээн хүндэлдэг байлаа. Монголчуудад нэгэн үе сайхан сэтгэлийн боловсролыг сурталдаж явсан экс Ерөнхийлөгч Н.Багабанди өдгөө анархизмжсан үгсээр мөр, шад холбох болжээ. Бүр “Хэн нэгэн танд хор хохирол учруулсан бол яг адилхан хариуг нь барь. Гэхдээ өөрөөс нь илүү ихээр хариугаа ав” хэмээн амжилтын оргилд ид гялалзаж яваа нэгний хэлснийг уламжилснаа дуулгасан байх юм. Тэрхүү нэр нь үл мэдэгдэх баатар нь Н.Багабандийн “Титэм үг” дэх “Би” хэмээгч дүр бус уу.
Н.Багабанди 1996 онд тухайн үеийн МАХН-ын дарга, харин Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг хүн бүхэн мэднэ. Н.Энхбаяр Н.Багабандийн халааг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг ард түмэн бүр ч сайн санаж байгаа. Гэвч эцэст нь Ардын нам, МАХН болон задарч, ирэх сонгуулийг үймээн самуунтайхан угтах гэж буйг ч харж байна. Экс Ерөнхийлөгч намынхаа задралыг хумихын оронд нийгмийг залхаасан мөнөөх хэрүүл дээр томоохон “цучил” нэмэх нь тэр. “Ойр дотно хүмүүсийн дайсагналцал онцгой эвлэршгүй, олхиогүй заваан үргэлжилдэг” гэж. Н.Багабандийн дотоод сэтгэл дэх “Би” нь энэхүү үзэгдлийг хараад “Жинхэнэ там, түүнээс илүү аймшигтай зүйлийг би харж байгаагүй, огт үзээгүй” хэмээн халаглаж байгаа юм байх.
“Чиний анд нөхрийн дайсан чиний атаат дайсан” хэмээх фашист үзэл суртлыг өөд, уруугүй номлох экс Ерөнхийлөгч эцэст нь ард түмэнд аймшгийн кино ярьж өгөв. Түүнийг дунд сургуульд сурч байхад түүхийн багш нь Барон Унгерныг харгис хэрцгийгээр нь дуудаж, аймшигт мангас байсан мэтээр дүрслэн ярьдаг байжээ. Харин тухайн үед Өргөө хотын комендант гэгдэж явсан нэгэн харгис хурандаа ямар ч эргэлзээгүйгээр тарчилган жаргагч байсан гэнэ. Мэдээж хэрэг, коммунист хүмүүжлээр хүмүүжсэн Н.Багабанди тухайн үед тэрхүү харгис хурандааг үзэн яддаг байсан байлгүй. Гэвч олон жилийн туршид “Би”-тэй нь тэрсэлдэж явсан харгис хурандаа мань хүний амнаас гарамгүй үгсийг “хэлүүлдэг” болжээ. “Цаазлуулах ялтны амийг зөвхөн өөрийн гараар тасалж, тэр үедээ инээж хошигнон дуу аялдаг байсан” хурандаагийн үзэл суртал экс Ерөнхийлөгчийн яс, маханд шингэчихэв үү гэлтэй. Учир нь Н.Багабанди “Тэр хурандаа улаантнуудад үнэн голоосоо өсөрхсөн цагаантан байжээ. Түүнийг ийнхүү харгис хэрцгий яргачин болгоход нөлөөлсөн гол зүйл нь өс хонзон. Тэрбээр цусны үнэр авсан араатан адил дайсныхаа багалзуурт хүрсэн л бол тасар татан дуусгадаг яргачин” хэмээн анархизмыг бахтай нь аргагүй магтан дуулж байна.
Хүчтэй нь биш, өстэй нь илүү аюултай. Экс Ерөнхийлөгч намынхнаа мөнөөх шуудайд нуусан шөвөг шигээ ийн хатгаж байна. Чингэхдээ “Улс төрийн өс хонзон аюултай. Улс төрийн шунал бүр их аюултай. Шунал ихэдвэл шулам болно. Улс төрийн шунал ихэдвэл улс төрийн цагаан солио тусч мэднэ” хэмээхдээ ийм нэгэн үгийг сануулжээ. “Өшөө хорсолдоо шатсан цагаантан хурандаагийн түйвээж байсан харгис хатуу тэр үеэс нөхцөл байдал, цаг үе тэс өөр болсон. Гэвч хүний мөн чанар, тэр тусмаа өс хонзон өвөрлөн бие биенээ хорлох адгийн муухай араншинд ямар ч өөрчлөлт гараагүй байх. Болгоомжтой, сэрэмжтэй байцгаая” гэж. Гэвч хэн нь хэнээс болгоомжлох учиртайг тэр тодорхой хэлсэнгүй. Ардын намынхан Н.Энхбаяраас уу, аль эсвэл Н.Энхбаяр хэмээх “харгис хурандаа”-аас хүн болгон айж явах ёстой юу. Экс Ерөнхийлөгч “Титэм үг”-ийнхээ зангилааг тайлалгүй орхижээ. Харин “Титэм үг хааны титмээс ч үнэтэй” гэдэгт итгэн анархизм, фашизмыг номлон улс төрд үл үзэгдэгчийн үүргээ гүйцэтгэсээр байна.
С.Баттулга.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.
URL: