Там болсон Дарь-Эхийн зам

Саяхан л засвар хийсэн, шинээр тавьсан гэх ч төд удалгүй эвдэрчихэж байгаа зам нийслэлийн хэмжээнд олон байгааг юу гэж үзэх вэ. Тэр дундаас хамгийн тамтай нь Дарь-эхийн зам. Өчигдөр өглөө ажилдаа явахаар Дарь-эхийн хуучин эцсийн буудлаас автобусанд суулаа. Дундын буудал өнгөрөх үед автобус замын голоор явж байтал урдаас 77-27 УНС улсын дугаартай бор шаргал өнгийн “Ver­na” маркийн автомашинтай залуу тулж ирээд зогсов. Тэгээд автобусны жолоочтой маргалдаж эхэллээ. Учир нь, тус замын хоёр талын хэсэгт том нүх гараад ус тогтжээ. Түүнээс болж “Чи зам тавьж өг… би зам тавихгүй” хэмээн биесээ элдвээр дуудаж, олон зорчигчийн ажлын цагаас хороолоо. Хүмүүс бухимдаж “Ажлаасаа хоцорлоо…” гэхэд аргагүйн эрхэнд автобусны жолооч хажуугийн нүх рүү орж, зам тавилаа. Гэсэн ч нөгөө суудлын тэрэгний жолооч араас хөөцөлдөн ирж бидний урд хөндөлсөөд “Эрхийг чинь хасуулна” гэж даналзав. Ингээд хэрүүл маргаан нь дахиад нэг цаг шахам үргэлжлэв ээ. Ёстой там гэж л энэ байв. Энэ үед замаа чанаргүй хийсэн, борооны ус зайлуулах суваг шуудуу гаргаагүй жинхэнэ буруутныг олж, “эрхийг нь хасмаар” санагдсан юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Газрын алба, Авто замын газар гээд гүйцэтгэгч компаниуд болон холбогдох байгууллагуудын мэргэжилтний хариуцлагагүйгээс л болж иргэд бид ажил амьдралаа эхэлж байгаа шинэ долоо хоногийн эхний гэгээн цагаан өглөөнөөс эхлэн уур бухимдал тээн зүдэрч байна.

Дарь-эхэд яг одоо очсон ч үерийн усанд идэгдсэн том, том нүхийг тойрч гарах гэсэн жолооч нар хоорондоо хэрэлдэж уралдан, зодоон цохион үүсгэж байгаад эргэлзэхгүй байна. Энэ жил аадар бороо их орж, Дарь-эх, Дамбадаржаа орчимд их үер ус бууж байгаа. Гэтэл шинэ замыг бүтээн байгуулсан технологид ус зайлуулах байгууламжгүйгээс замын зарим хэсэгт нуур тогтсон. Тухайлбал, ШТС-аас дундын буудал хүртэлх зам. Орчин цагийн хөгжингүйн арга технологиор бол ус зайлуулагчгүйгээр зам гэдэг зүйл төсөөлөгдөх учиргүй атал манай бараг л “Хүннү”-гийн замаа яахаараа жил бүхэн шинээр барьж байгуулдгийг л гайхаад барахгүй. Там болсон зам уруу үерт урсч ирсэн хайрга, шороо овон товон болж хөдөө орон нутгийн асга хадтай бартаат замаас долоон дор. Тэнд аваар осол гарах, зорчигч эрүүл мэндээрээ хохирох нь энгийн үзэгдэл болсон. Нэг ёсондоо аваар осол гаргах, зорчигчийн эрүүл мэндэд халдах “там” бүтээн байгуулахын тулд жил бүхэн хүч хөрөнгө төсөвлөн, барьж байгуулдаг гэсэн үг.

Ер нь жолооч нар “Дарь-эхийн замаар явна гэхээр яс хавталздаг” хэмээн ярина. Уг нь өнгөрсөн жил Сансрын ШТС-аас Шадивлан хүртэлх 12.7 километр замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай “НКВ интернэшнл холдинг” компани гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Гэхдээ замыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй л дээ. Албан ёсоор хүлээж аваагүйн учир нь гэрэлтүүлэг, явган хүний замын гүйцэтгэлийг хүйтний улирлаас өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад өгч амжихгүйтай холбоотой байв. “НКВ интернэшнл холдинг” компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 12 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж байгаа гэдэг. Энэ хөрөнгийг бүрэн зарцуулсан бол өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа шинэ зам нь түүгээр өнгөрсөн хүн бүрийн хараал идсэн “там” болохгүй л байх болов уу. Өнгөрсөн жилд дуусгах төлөвлөгөөтэй зам өнөөг хүртэл ажил нь ч эхлээгүй байгааг юу гэж таах ёстой вэ. Тухайн үедээ удааширч байгаа ажлаа Нийслэлийн авто замын газрынхан “Айлууд нүүхгүй байна” гэх хариултаар далдалсан. Мөн хашлага боржуурыг нь байгуулахдаа зуурмагаа газрын хөрсөнд суулгалгүй нарийн цувьж, хэвлэсэн нь ёстой л нүд ирмэхийн зуур эвдэрсэн. Ингэж “нүглийн нүдийг гурилаар хуурдаг” байдлаа ичихгүй “Шинэ технологи” хэмээн нэрлээд байгаа юм. Нэгэнт эвдэрсэн хашлагыг буцааж цэвэрлэн, “Минжит булган ХХК”-ийн боржуураар сольсон нь ихээхэн цаг алдсан.

Харин өнөө жил яагаад замын ажлыг бүрэн дуусгахгүй удааширч байгаа талаар Дарь-эхийн замын ажлыг хариуцсан НАЗГ-ын хяналтын инженер Д.Ганбатаас тодрууллаа.

ХАРИН Ч ЭНЭ ЗАМ ЭВДРЭЛГҮЙ ИХ ТЭСЛЭЭ ШҮҮ ДЭЭ

-Замын ажлыг хэзээ бүрэн дуусгах вэ. Хүлээлгэж өгөөгүй байхад эхнээсээ эвдэрчихлээ?
-Энэ замыг техникийн нөхцөлөөс буюу гэрэлтүүлэг асаагүйгээс комисс хүлээж аваагүй байгаа. Учир нь, анх зураг гаргахдаа гэрэлтүүлгийг хоёр цэгээс эх үүсвэр авахаар гаргасан. Одоо болохоор гэрэлтүүлгийн дэнлүүний нь хүчин чадал өндөрсчихсөн учраас эх үүсвэрээ дөрвөн цэгээс авах шаардлагатай гэж байгаа. Тиймээс техникийн нөхцөл сунгагдаад дөрвөн цэгээс авахаар болсон. Удахгүй гэрэлтүүлэг ашиглалтад орчих байх. Харин үерийн усанд газрын дээрээсээ хайрга урсаж зам дээр тогтоод байна. Бараг өдөр бүр бороо орж байгаа болохоор ус тогтож, зам эвдэрч байна. Харин ч энэ зам эвдрэлгүй их тэслээ. Жил гаруй боллоо. Байнга машин явж борооны усанд цохиулж байгаа юм чинь аргагүй. Уг нь Сансрын ШТС-аас хойш эргээд “Хараа” дэлгүүрийн ойролцоо ус зайлуулах хоёр суваг байгаа. Түүнийг бид өнгөрсөн жил нээж үзсэн. Гэтэл замын доод талын айлууд усанд автчих гээд байдаг юм билээ. Энэ нь газар олголттой холбоотой хүндрэл бэрхшээл яригдах болоод явчихаж байгаа юм. Одоо харин бид нэг сувгийг нь нээгээд, усыг нь зайлуулъя гэж ярьж байгаа.

-Ус зайлуулах сувгаа айлууд уруу биш гудамжаар нь хөндий рүүгээ шууд гаргаж болдоггүй юм уу?
-Суваг, шуудуу татъя гэхээр айлууд шигүү суурьшсан байдаг. Тиймээс айлын хашаанд суваг, шуудуу ухаад байх боломжгүй ээ.

-Газарт суулгасан хоолой байж болохгүй гэж үү?
-Тэгээд хэчнээн километр хоолойг хаана хүртэл суулгах гэж. Хэрэв тэгвэл зардлыг нь хэн гаргах вэ. Тэгээд ч зураг, төсөлдөө ерөөсөө тусгагдаагүй зүйл.

-Эхнээс нь тал бүрийн асуудлыг бодож тооцоолж зураг, төсөл гаргадаггүй юм уу?
-Ер нь бол үерийн амны зам доогуур ус зайлуулах суваг байна гэж зурганд байгаа, Энэ дагуу хийхэд ус урсаад гарах талд нь айлууд байдаг. Энэ бүгдийг зохицуулах маш хүнд байна. Нөгөө талаар замын доод талын айлууд өөрсдөө усанд автахгүйн тулд ус зайлуулах сувгийг хаагаад байдаг. Саяхан бороо ороход “Ганц худаг”-ын тэндэх нэг суваг хог шороогоор дүүрээд хаагдсаны улмаас зам дээгүүр үерлэсэн. Тэгээд манай гүйцэтгэх компаниуд болон Усны барилга байгууламжийнхан очиж хамжиж байгаад ус зайлуулах хоолойгоо цэвэрлэсэн.

-Үерээс үлдсэн хайрга шороо Дарь-эхийн замд л лав сүүлийн cap гаруй хугацаанд байлаа. Цэвэрлэчихэж болдоггүй юм уу?
-Байнга бороо орж байгаа болохоор хайрга урсаж ирээд байна.

-Тэртэй, тэргүй бороо ороод байгаа юм чинь гээд байлгаад байх ёстой юм уу. Энэ чинь машин техникийн эдэлгээ, аваар ослоос шалтгаалах хүний эрүүл мэнд гээд иргэдэд л хүндрэл бэрхшээл дарамт болж байна шүү дээ?
-Байнга бороо орсон ч замаа дагуулаад шуудуу татаж болно. Ер нь ярих юм бол их бий. Гэхдээ зургийн дагуу хийгдвэл бодит амьдралтай зөрөөд байгаа болохоор хэцүү байна.

-Тухайлбал, юу нь болохгүй байна вэ?
-Өнөөдөр би зургийн дагуу суваг гаргачихвал маргааш нь замын доорхи айлууд усанд автана. Тэгээд онцгой байдлынхан тэднийг нүүлгэх асуудал ундарна байх.

-Тэгвэл зураг гаргахдаа л асуудлыг тооцолгүйгээр бараг мэргэжлийн бус хүн гаргасан гэсэн үг үү?
-Уг нь ус зайлуулах хоолойнууд байх ёстой газраа л байгаа. Гэтэл доод айлууд нь бөглөчихөөд байна. Гэхдээ энэ зураг 2008 онд буюу зам засч эхлэхээс гурван жилийн өмнө айл цөөн байх үед гарсан. Тухайн үед Газрын албанд бид заасан тэмдгээс дотогш газар олгож болохгүйг тайлбарлаж, шаардсан ч айлууд замд тулгаад л буулгачихсан. Тиймээс зураг ажил хоёр зөрөөд байгаа юм.

-Гэрэлтүүлгээ даруй хийх гэхээр юу нь болохгүй байна вэ. Нэлээд олон шон машинд дайруулсан байсан?
-Техникийн нөхцөл сунгагддаг. Нөгөө талаар гэрэл асаагүй байгаа шонг машин дайрч гэмтээгээд байна. Одоогийн байдлаар 5-6 шон дайрагдсан нь үнэн.

М.Наранболд

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих