МАН-ын дараагийн генсек хэн бэ

Ардын намын бага хурал удахгүй болно. Тиймээс ч сонгуулийн ялагдлын дараах ааг амьсгаагаа дарж, наашилж буй дөрвөн жилд намаа хэнээр удирдуулахаа шивэр авир ярилцдаг цаг. Энэ сонгуульд намдаа багагүй шинэчлэл хийж өрсөлдсөн дарга нарын хувьд намын ажлаас завсардах ёстой болжээ. Угаасаа ч намын болоод парламентын ажилд зааг их бий. Тэгвэл ирэх дөрвөн жилд МАН-ыг хэн удирдах вэ?

Намын удирдлагуудын талаарх асуудал сөхөгдөх болгонд  боловсон хүчний асар их нөөцтэй гэж омогшдог энэ нам яг үнэндээ лидергүй болчихсон нь мэдрэгдэж байна. Магадгүй намаа “цавчих” их үйлд зориглосон С.Батболд, У.Хүрэлсүх нар шиг характер, харагдах байдалтай лидерүүдийн орон зай үгүйлэгдэж байж болох.
Саяхан тус намын шийдвэр гаргах эрх бүхий бүрэлдэхүүн У.Хүрэлсүхийн хүслийг болгоож генсек мөрдэсийг нь авав.  Ингээд хүлээж байснаар Л.Оюун-Эрдэнэ намынхаа “гал тогоо”-г удирдах хариуцлага өөд итгэлтэй алхаж эхэллээ.

Л.Оюун-Эрдэнийн хувьд намын ажил мэдэх залуу учир энэ суудалд зохих хүн. Тэгээд ч Л.Хүрэлсүхийн дараа гарч ирж буй нь гайхах зүйл биш. Харамсалтай нь түүнийг намынх нь залуус дэмжихгүй байгаа гэх боллоо. Өчигдөр бүр мань хүн эсрэг намын лидерийн шазуур занд нэрвэгдэх шахав. УИХ-ын даргад залрах тэргүүн эгнээний хүн З.Энхболд түүний эсрэг прокурорт гомдол гаргаж. Л.Оюун-Эрдэнэ батлан даалтад гарсан ч эсрэг нам болон З.Энхболдын энэ үйлдэл сануулга төдий гэдгийг санах хэрэгтэй. Цаашид Засгийн эрхийг гартаа авсан АН-ын зүгээс Ардын намд их л хатуу загнах байх даа.

Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр намын ажлын зах цухаас гадарлах ч  хүлээн зөвшөөрөгдөх цаг нь арай л ирээгүй бололтой. Тэгвэл өөр хэн гэж? Янз бүрийн нэрс намын гишүүдийн дотроос гарч байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Дарханд ялагдсан ч нэр хүндийн хувьд намдаа үнэлэгддэг. Тэгээд ч ирэх дөрвөн жилд намын төлөө хөдөлж чадах сэхээтэн. Харин түүний хувьд нэг асуудал байгаа нь намын ажлаас жаахан хөндий юм уу даа. Энэ залуугаас гадна эртнээс бэлтгэгдэж ирсэн гэж үзэж болох нэг хүн байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр. Өмнөх нөхрийг бодвол нам дотор багагүй манаргасан хүн. Түүнийг сайдын суудлаас тун ч олон удаа татаж унагах гэж оролдоход намаас нь өөр аврах хүчин байгаагүй. Өөрөөр хэлбэл намын одоогийн удирдлагууд нь л ивээлдээ авснаас биш масст үнэлэгдэж чадахгүй нэгэн.

Мөн сайд Д.Цогтбаатарын нэр сонсогдож байгаа. Гараад ирэхэд байг гэхийн аргагүй мэдлэг, боловсролтой залуу. Харамсалтай нь намын ажилд хэр дадсан юм бол доо. Түүний хажууд магадгүй Г.Занданшатар сайд генсек болохыг үгүйсгэхгүй. Мөн ид үедээ яваа энэ насныхны дунд Э.Мөнх-Очирын нэр бас дуулдаж буйг санах хэрэгтэй.

Дээр дурдсан нэрс нам дотроос хамгийн тод сонсогдож буй. Угаасаа ч эдгээр залууст их хариуцлага ирэх цаг болжээ. Харин хариуцлагын хуваарилалтыг хэрхэн хийх нь намын асуудал. Хэт тансаг энэ намд мөнгөөр далайлгаж гарч ирэх үзэгдэл гарахгүй гэх баталгаа алга. Гол нь генсекээр хэнийг дэвшүүлэхээс шалтгаалж МАН-ын Бага хурлын гишүүд хариу үйлдэл үзүүлэх байх. Одоо л үсчээд эхэлсэн гэхээр сонгуулиас ч хүнд хурал болж мэдэх юм. Бодолтой л хөдлөх цаг ирж дээ.

Т.Бэх

www.time.mn


URL:

Сэтгэгдэл бичих