Манай баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль авна гэжээ

Зуны гуч дахь удаагийн олимп хаяанд иржээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог олимпийн наадамд аль улсын, хэн гэдэг тамирчин ямар амжилт үзүүлэхийг спортын сэтгүүлчид аль хэдийнэ таамаглаад эхэлчихэж. Америкийн “USA Today” сонины спортын сэтгүүлчид мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан таамаглалдаа манай багийн тамирчдыг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авч багийн дүнгээрээ 47-д жагсана гэжээ. Ингэхдээ жүдогийн эрчүүдийн 66 кг-д барилдах Х.Цагаанбаатарыг алтан медаль авна гэсэн байна. Х.Цагаанбаатарыг шигшээ барилдаанд ОХУ-ын бөх Муса Могушковтой таарч ялснаар эх орныхоо төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэжээ. Харин тус жингийн хүрэл медалийг Солонгосын бөх Чо Жун-Хо хүртэнэ гэсэн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар манай орны баг тамирчдаас жүдогийн 52 кг-ын жинд барилдах М.Бундмааг мөнгөн медаль авна гэжээ. Мөн боксчдоос 49 кг-ын жинд тоглох П.Сэрдамбыг хүрэл медаль зүүнэ гэсэн байна. Тэдний таамаглаж буйгаар түүний жинд БНСУ-ын боксчин Шин Жон Хун алтан медаль, Хятадын Жоу Шимин мөнгөн медаль хүртэх юм байна. Манай багийн бусад тамирчдын хувьд жүдо, чөлөөт, боксоор долоон тамирчин шагналт байрт шалгарах боломжтой гэнэ.

“USA Today”-ын таамаглалаар багийн нийт дүнгээр БНХАУ 34 алт, 35 мөнгө, 25 хүрэл буюу нийт 94 медальтайгаар тэргүүлэх бол АНУ 41 алт, 20 мөнгө, 27 хүрэл буюу нийт 88 медальтайгаар хоёрдугаар байрт, ОХУ 21 алт, 27 мөнгө, 33 хүрэл буюу нийт 81 медальтайгаар гуравдугаар байрт шалгарна гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ажээ.

С.АЛТАН


URL:

Сэтгэгдэл бичих