Даваа ахисан ч цол бодогдоогүй

Нутгийн ах нар даваа бодолгүй, учраа бөхөө мэдрэхийг зөвлөсөн

Их Монгол Улсаа байгуулсны 806, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан олон түмний тааврыг эвдсэн ч сэтгэлд хоногшиж, түүхэнд бичигдлээ.

Улсын баярт аймгийн цолтой бөх барилдаж, улсын цол хүртсэн тэртээх 1955 онд Төв аймгийн Өнжүүл сумаас аймгийн арслан С.Оргодол хөтөлгөө морьтой ирж барилдсан гэдэг.

Тэрбээр Ардын Хувьсгалын 34 жилийн ойн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цолоо Монгол Улсын арслан болгож байжээ. Тэгвэл энэ түүхийг давтаж, наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн Монгол Улсын арслан П.Бүрэнтөгстэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр 2001 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж, 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн аж.

П.Бүрэнтөгс Улсын баяр наадамд дөрөв дэх жилдээ барилдаж, өнөөдрийн амжилтад хүрч, улсын арслан боллоо. Шинэхэн арслан 2009 онд Д.Лхагвадорж начинд, 2010 онд Б.Сангисүрэн начинд өвдөг шороодож байсан.

Харин өнгөрсөн жил улсын начин болсон Ховд аймгийн харьяат Ч.Цогбаяртай гурвын даваанд тунаж барилдан мөн л өвдөг шороодож байсан түүхтэй. П.Бүрэнтөгсийн энэхүү амжилтыг хамгийн түрүүнд нутгийн зөвлөлийнхөн нь мялааж Монгол Улсын арслан цол хүртсэнийх нь маргааш буюу уяачдын наадмын үеэр “Лексус-570” машин бэлэглэсэн.

-Ардын Хувьсгалын баяр наадмын бөхийн ба­рилдаанд урамтай сайхан барилдсанд баяр хүргэе. Үзэгч түмэн болоод манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Бөхөө дээдэлдэг Мон­голын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Тө­рийн их баяр наадамд анх удаа түрүүлсэндээ маш их баяртай байна. Дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Улсын наадамдаа айм­­­гийн арслан цолтой ба­рилдсан. Нэгэнт начны даваа өнгөрсний дараа юу бодогдож байв. Дараа дараагийн цол санаанд тань бууж байсан уу?

-Тухайн үед цол ер нь бодогдоогүй шүү. Сайхан барилдаж, хүчээ үзье л гэж бодсон.

-Таны барилдаанууд маш богино хугацаанд болж, даваагаа ихэвчлэн мордох мэхээр ахиулсан. Мэхээ эртнээс өөрийн болгочихсон байв уу?  

-Шуурхай, сайхан барилдъя гэж бодож байсан. Түүнээс ганц мэхээр барилдаад байна гэсэн төлөвлөгөө, бодол байгаагүй ээ.

-Шийдвэрлэх үед буюу үзүүр, түрүүний бөх барилдаж байхад Увс нутгаас төрсөн хүчтэнүүд зүлэг ногоон дэвжээнээ түрэн орж ирсэн харагдсан. Чухам ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Нутгийн ах нар “Аль болох тайван бай. Биеэ барьж болохгүй” гэж зөвлөж байсан. “Даваа бодох биш, учраа бөхөө л мэдэрч барилд” гэсэн. Түүнийх нь ачаар давсан даа.

-Сүүлийн хоёр жил Увсын бөхчүүд наадмын түрүүг авлаа. Таны хувьд ч даваа ахих тусам энэ амжилтыг залгамжилъя гэсэн бодол байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн ах нартайгаа хамт бэлтгэл хийсэн нь миний амжилтад маш их нөлөөлсөн. Хоёр жил дараалан нутгийн ах нар наадмын түрүү авсанд баяртай байна. Тэднийгээ залгамжилсандаа улам урамшиж, баярлаж байгаа шүү.

-Увс аймгийн Давст сумаас Монгол Улсын арслан М.Мөнгөн төрсөн. Та халааг нь үргэлжүүлж байгаагийн хувьд нутгийн түмэндээ хандаж хэлэх үг байгаа байх?

-М.Мөнгөн арслангаас хойш манай сумаас 31 жилийн дараа улсын арслан цолтой бөх төрж байгаа. Нутгийн зон олон маань дэмжиж явдагт баярладаг. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараа дараагийн барилдаануудад улам бүр хичээж барилдах болно гэдгээ хэлмээр байна.

-Бөхийн спортод хөл тавихад А үсэг заасан хүн суурийг нь сайн тавьж өгчээ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Анхны багш тань хэн бэ?

-Анхны багш маань Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир гэж хүн бий. Улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан Д.Энхбаяр, аймгийн начин Т.Хайдав гээд бид нэг багшийн шавь. Багшдаа танай сониноор дамжуулан баярлаж байгаагаа илэрхийлье.

-Бөхийн эрдэм ихэнхдээ удам дамжсан байдаг. Харин таны хувьд, танай удамд уламжилсан бөх бий юу?

-Яг сүрхий барилдаж байсан хүн байдаггүй. Аавын маань аав цэрэгт байхдаа барилдаж байснаас сум, аймагтаа зодоглож байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих