МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дахин хойшлох бололтой

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын шүүх хурал зургаан удаа хойшлоод байгаа. Өмгөөлөгчөөсөө татгалзсан, бие нь муу, өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшлоод байсан шүүх хурал энэ сарын 18-нд буюу ирэх лхагва гаригт болох юм. Энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулахгүй хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхээс мэдэгдэж байсан. Учир нь өнгөрсөн сарын 24-нд болох шүүх хурлыг хойшлуулахдаа Н.Энхбаяр дахин хойшлуулахгүй гэдэг ам мөчгөө өгсөн юм. Тиймээс шүүх хурлыг товлосон цагтаа хийнэ гэсэн ч дахин хойшлох бололтой. Учир нь түүний хэрэгт хяналт тавьж, улсын яллагчаар оролцож буй Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай ээлжийн амралтаа авчээ. Тэрээр ирэх есдүгээр сард ажилдаа орох бөгөөд тэр үед шүүх хурлын тов зарлагдана хэмээн эх сурвалж мэдээлэв.
Сонгуулиас өмнө Н.Энхбаярыг яллахаар улайрч, мөрдөн байцаалтаас прокурорт, прокуророос шүүхэд маш хурдацтай шилжүүлж байсан түүний хэрэг одоо гацаанд орох тийшээ болов. Сонгуулийн дараа шүүх хурлыг хийж өгөөч гэх Н.Энхбаярын хүсэлтийг улсын яллагч Е.Сагсай боломжгүй хэмээн сонгуулийн өмнө товлож байсан. Гэвч Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсон хэмээн гэнэт хойшлуулж байсан юм. Энэ мэт шалтгаанаар түүнд холбогдох шүүх хурал хойшилсоор байна.
Мөн улсын яллагч Е.Сагсай амралтаа авсан нь Н.Энхбаярын шүүх хурлыг дахин хойшлуулах гэсэн бас нэгэн оролдлого хэмээн иргэд хардаж эхлэв. Учир нь МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эсвэл Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулахаар болоод буй. Уг хоёр нам эвсэх асуудал яригдахад Н.Энхбаярыг Засгийн газарт оруулахгүй, харин яллахгүй гэсэн асуудал мөн давхар яригдаж байсан билээ. Тэгэхээр улсын яллагч Е.Сагсай амралтаа авч, шүүх хурлыг хойшлуулсанаар түр ч гэсэн амьсгаа авч байгаа юм. Харин хоёр нам Засгийн газар байгуулсаны дараа Н.Энхбаярын асуудал дахин яригдаж эхлэх бололтой.
Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн хуулиндаа заасан байгаа. Гэвч Н.Энхбаярын асуудал хуулийн дагуу бус Засгийн газар байгуулагдсаны дараа шийдэгдэх бололтой.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих