Найрлаж ханасан бол ажилдаа орцгооё, дарга нар аа

Долоо хоног үргэлжилсэн улсын наадам өндөрлөлөө. Энэ удаагийн наадам амралтын өдрүүдэд таарсан болоод ч тэр үү ийнхүү монголчууд урт, удаан сайхан наадсан. Хэдийгээр улсын наадам өндөрлөсөн боловч давсан, шороодсон бөхийн дуулиан намдаагүй, түрүүлсэн, айрагдсан морьдын хөлс хатаагүй, мэргэн харваачийн эвшээсэн нум эгцрээгүй байгаа энэ өдрүүдэд наадам үргэлжлэн зохиогдоно. Тухайлбал, Сүхбаатар, Дундговь, Ховд аймагт бүсийн наадам зохиогдож, цаашилбал, орон нутгийн, Засаг даргын гээд найр наадам энэ зуны турш хавтгайрна.  За тэгээд наадмын сар дуусахаар найр, хуримын өдрүүд залгамжилж монголчуудын хувьд бүхэлдээ зуны турш найрлаж, цэнгэсээр өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа энэ зуны хувьд хэд, хэдэн онцлогтой төдийгүй найрлаж, наадах  шалтаг ч мундахгүй бий. Тодруулбал, монголчууд зургаа дахь удаагийн парламентаа сонгож, ирэх жилүүдэд хэнээр удирдуулах вэ гэдгээ шийдвэрлэсэн. Энэ удаагийн сонгуулийн дүнд ч иргэдийн хувьд сэтгэл хангалуун байгаа төдийгүй долдугаар сарын 1-ний үймээн давтагдах вий хэмээн эмээж байсан зарим нэг нь нойр бүтэн хоносон байх. Улмаар тойрогтоо ялж, их хурлын гишүүний батламжаа гардсан хүмүүсийн хувьд өдийд ёстой л хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байгаа. Уясан морь нь түрүүлж, айрагдсан бизнесменүүд тэргүүтэй уяачид мөн л дээрхийн адил хотгор газрыг тэгширтэл найрлаж, цэнгэж буй. Ийнхүү сонгуулийн дараа наадам залгуулж, түүний араас Олимп эхэлнэ.

Олимпийн наадамд  монголчууд олуулаа ялалт байгуулж, аварга төрвөл энэ зуны найр наадам намрын турш ч үргэлжилж магадгүй. Гэхдээ наадмын дараа намар гэх зүйр үг бий. Үүнийг ч өглөө, оройны сэрүүн агаар, энд тэндгүй дуугарах царцаа, зарим газраар хэдийнэ гандаж эхэлсэн өвсний өнгө сануулна. Наадмын дараа намар гэдэг. Тиймээс ч өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарч, ажилдаа яаравчлахыг сануулсан талаар саяхны нэг өдөр телевизээр ярив. Өвөл… дахиад л өнөөх утаа, тортогтой чөмөг царцаасан өвөл болж, хөдөө орон нутагт цас их унасны улмаас өвөлжилт хүндэрнэ. Улмаар халтиргаа гулгааны улмаас явганаас бэртсэн иргэд гэмтлийн эмнэлгийг дүүргэж, гэмт хэргийн гаралт өсч, өглөө нь орсон цасыг хайлуулах гэж баахан элс, давс цацаад ч тусыг эс олно гэж бодохоор “чанга” санагдаж байх чинь. Зарим нэг нь дэлхий дэлэгнэсэн зуны  сар дуусаагүй, наадмын яриа хуучраагүй байхад юу яриад байгаа юм хэмээн бухимдаж магадгүй. Гэхдээ л цаг цагаараа,  цахилдаг хөхөөрөө байдаггүйн үлгэрээр зуны сар дуусч, намар, өвөл болдгоороо л болно.

Харин бид дахиад л жил жилийн өвөл яригддаг  бэрхшээлүүдийг сонсч, ажил амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлдэх гэж үү. Энэ зуны хувьд Монгол орон даяар хур бороо элбэгтэй байгаа боловч зарим аймгуудад гандуу байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Намрын турш хүйтэн бороо орвол өнөөх тариаланчдын маань хөлсөө гоожуулан байж тариалсан үр тариа нь юу ч үгүй болохгүй гэх газаргүй. Малчдын хувьд ч ялгаагүй одооноос өвөлжилтдөө бэлтгэж эхлэхгүй  бол энэ өвөл урьд хожид байгаагүйгээрээ хүйтрэх  тухай хөгшид өвөр зуураа хэлэлцэхийг бишгүй дээ сонслоо. Цаашилбал, энэ намар, өвөл мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ямар байх бол, өнгөрсөн өвлийнх шиг шатахууны үнэ гэнэт өссөний улмаас сар шинээр явган таваргах дээрээ тулах юм биш биз, хүүхдийн цэцэрлэг, сургууль нэмж ашиглалтад орох  болов уу гээд үй түмэн асуулт иргэдийн дунд бий. Тиймээс найр, наадам хэсч дууссан бол ажилдаа орцгооё дарга нар аа.

Х.Өнөржаргал

mminfo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих