УИХ-ын даргад З.Энхболд Ерөнхий сайдад Н.Алтанхуяг нарыг дэвшүүлэхээр болов
АН-ын бүлэг өнгөрсөн бямба гаригт хуралдаж, шинэ парламентад ажиллах АН-ын бүлгийг байгуулсан байна. “Хэдийгээр энэ өдөр улс орон даяар амарч байсан ч засаг төрөө эзэнтэй болгохын тулд АН-д амрах эрх байхгүй” гэж үзсэн учраас хуралдсан аж. Ингээд бүлгийн даргаараа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг томилжээ. Энэ тухай тус намын бүлэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Өмнөх парламентад АН-ын бүлгийн даргаар ажилласан УИХ-ын Ч.Сайханбилэг хэвлэлийн хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан сэтгүүлчдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин дараа нь шинэ бүлгийн дарга Д.Эрдэнэбат бямба гаригт хуралдсан АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар танилцуулав.
Эхний ээлжинд парламентад ажиллах АН-ын бүлгийн ахлагчийг томилсны дараа УИХ болоод АН-ын эвслийн Засгийн газрыг хэн, хэн толгойлох тухай ярилцсан байна. Хууль тогтоомж, АН-ын дүрмийн дагуу хэлэлцсэний эцэст УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг санал болгохоор болсныг бүлгийн гишүүд дэмжжээ. Харин Ерөнхий сайдад АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр бүлгээрээ бүгд санал нэгдсэн байна.
Үүний дараа ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудлаа баталжээ. ҮЗХ-ны хурал өнөөдөр 11.00 цагт төрийн ордонд эхэлнэ. Энэ хурлаар төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлсэн гишүүдийн асуудлыг эцэслэх юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нар илтгэл тавих юм байна. Төгсгөлд нь Засгийн газраа аль намтай эвсч байгуулах асуудлаа хэлэлцэхээр болжээ. АН-ын удирдлагууд МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах хүсэлтэйгээ эхлээд зарлачихсан. Тиймээс үүнийг ҮЗХ-ны хурлаар оруулж, эцэслэх юм байна. Энэхүү мэдээллийг хийсний дараа бүлгийн шинэ дарга Д.Эрдэнэбатаас сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.
-УИХ-д бүлгийн хэмжээнд суудал аваагүй бусад намуудаас танай бүлэгт орох хүсэлтээ гаргасан уу?
-Одоогоор албан ёсоор тийм санал ирээгүй байна.
-УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн хэд нь ҮЗХ-ны гишүүн бэ?
-АН-ын бүлгийн 31 гишүүн бүгдээрээ АН-ын ҮЗХ-ны гишүүн.
-Ер нь Засгийн газраа хэдийд гэхэд эмхлэн байгуулчихна гэсэн чиг байгаа вэ?
-Засгийн газраа байгуулах ажлыг болж өгвөл шуурхайлахаар хичээж байна.
-Эвслийн Засгийн газарт орох намуудын суудлын харьцаа ямар байх бол?
-Эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын асуудлаа шийднэ. Түүний дараа эвслийн Засгийн газарт намууд ямар харьцаатай орох вэ гэдэг асуудлыг ярьж эхэлнэ гэсэн юм.
Я.Мөнгөн
URL: