Шинэ парламентын өнгө

Шинэ парламентын гишүүд тангаргаа өргөлөө. 2012-2016 онд төр барих гишүүдийн талаар сонирхвол АН-аас 31, МАН-аас 25, МАХН-МҮАН-ын «Шударга ёс» эвслээс 11, ИЗНН-аас хоёр суудал тус тус авсан. Мөн бие даан ялалт байгуулсан гурван гишүүнтэй «шинэ анги» бүрдсэн.

Одоогоор СЕХ-ноос 72 хүнд түр үнэмлэх олгосон ч тэднээс 69 нь УИХ- ын гишүүний тангаргаа өргөсөн. Харин МАХН- МҮАН-ын «Шударга ёс» эвслийн жагсаалтаар сонгогдсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй. Учир нь тус эвслийн жагсаалтын дээгүүр бичигдсэн С.Наран- гэрэл, Э.Батшугар нар парламентын гишүүн болох магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ. Тиймээс эргэлзээтэй байгаа суудлаасаа шалтгаалан дээрх хүмүүс тангаргаа өргөөгүй ажээ. Тангараг өргөсөн болон түр үнэмлэхээ гардсан 69 хүний дунд нэлээд хэдэн амьдай бий. Батболд, Бат-Эрдэнэ, Дэмбэрэл, Эрдэнэбат нэртэй гишүүн хоёр хоёр байгаа бол гурван Энхболд байна.

Мөн УИХ-ын эрхэм гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарыг чуулганы танхимд дархлагдсан төрийн түшээд гэж хэлж болно. Тэднийг сонгогч түмэн зургаан удаа өөрсдийнхөө төлөөлөл болгон төрд илгээсэн байна. Харин тэдний араас Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Ч.Улаан нар тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүн болж буй Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Ц.Баярсайхан, С.Оюун нар байгаа бол тэдний араас гурав дахь удаа сонгогдсон 15, хоёр дахь удаагаа парламентын гишүүн болж буй 18 хүн байна. Анх удаагаа УИХ-ын гишүүн болж, тан­гараг өргөсөн хүн шинэ парламентад 27 байгаа ажээ. Хоёр намын бүлэг, нэг эвслийн бүлгээс гадна энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд хуулийн дагуу бүлэг байгуулах хэмжээнд тоо нь бүрдсэн байна.

Ирэх дөрвөн жилд төр түшилцэх эрхмүүдийг мэргэжлээр нь авч үзвэл ин­женер мэргэжилтэй 24 гишүүн байгаа бол эдийн засагч 20 байна. Хуульч, эрхзүйч 11, ардын багш дөрөв, сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн байгаа аж.

Мөн эмч, малзүйч, дипломатич, генетикч, түүхч, стратегич, геологич тус бүр нэг бий. Гишүүдийн анкетыг сөхөж үзвэл ихэнх нь нэгээс хоёр их, дээд сургууль төгссөн төдийгүй инженер, эдийн засагч эсвэл эрхзүйч мэргэжлийг хамт эзэмшсэн байна. Харин эрхэм гишүүн Х.Баттулга, Б.Наранхүү нар дунд боловсролтой хэмээн бүртгүүлжээ. Насны хувьд хамгийн ахмад нь 71 настай Д.Дэм­бэрэл гишүүн бол залуу нь 33 настай О.Содбилэг, Н.Номтойбаяр, Б.Болор нар юм.

Өглөөний сонин    Ж.Нарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих