Н.Энхбаяр: Хамтарсан Засгийн газар бол долоон сарын 1-ний асуудлыг нуун дарагдуулахын тулд зохион байгуулагдсан

Монголын улс төрийн ууган намын 90 жилийн ой, эх орончдын баярын өдрөөр  МАХН-ын түр штабын дарга Н.Энхбаяр  өөрийн хувийн “TV-9″ телевизийн нэвтрүүлгээр ярилцлага өгөх үеэрээ  2008 оны долдугаар сарын 1-ны жагсаалын талаар өгүүлснийг сийрүүлэн хүргэж байна.

Н.Энхбаяр:
“Тэр үйл явдал болохоос өмнө ЦЕГ-ын дарга н.Ганболдыг тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр ажлаас нь өөрчилсөн. Шүүхийн тодорхой шийдвэр гарсны дараа түүнд дургүйцэж, тийм шийдвэр гаргуулахаар өөрийнхөө цагдаагийн байгууллагыг ажиллуулсных нь төлөө, гэмт хэрэгтэй тэмцсэнийх нь төлөө, хариуцлага тооцох ёстой асуудал гаргаж ирж, түүнийг нь шүүх хүлээж авч шийдсэнийх нь төлөө тэр хүнийг ажлаас халсан байдаг. Оронд нь Ч.Амарболд гэж хүнийг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Үүрэг гүйцэтгэгч хүн хэзээ ч жинхэнэ даргын хэмжээнд ажиллахгүй. Үүнийг хүмүүс сайн анзаардагүй юм. Долдугаар сарын 1 болоход  Ч.Амарболд жинхлээгүй явсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр, сүүлд нь 21.00 цаг, 21.30 цагийн үед гэж би бодож байна. Энэ бүхэн төрийн нууц биш учраас би хамаагүй ярьж байна. Төрийн нууцыг ярихгүй байхаа би мэднэ. 21.00-21 цаг хагасын үед Ч.Амарболд генерал “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн өмнөх байр сууриасаа буцаад “МАХН-ын байрыг би хамгаалж чадахаа болилоо. Цагдаа нараа татъя” гэсэн. Тэгэхэд нь би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Хамгаалсан юм бол хамгаалсан шиг хамгаал. Наад байшин чинь хамгаалалтгүй үлдэх юм бол улам сүйрч, үймээн самуун улам даамжирна шүү дээ. Өмнө хэлсэн ёсоор хамгаалах ёстой ” гэсэн үүрэг өгсөн.

Тэгэхэд тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр миний үгийг залгуулж аваад “Би Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд цагдааг хариуцдаг юм” гэсэн. Тийм учраас цагдаагийн даргад “Тэр намын байран дээрээс бүх цагдаагаа тат” гэсэн үүргийг миний дэргэд өгсөн юм. Би тэгэхэд нь эмзэглэсэн. Монгол Улсын Төрийн тэргүүн Ерөнхий сайдтай, хүчний байгууллагын хүмүүстэй уулзаад асуудал ярьж байхад ийм маягаар огцом шийдвэр гаргасан нь хэр зэрэг зүйтэй юм бол гэж. Хоёрдугаарт хамгийн сонирхолтой нэг үг байгаа юм. “Би цагдаагийн асуудлыг мэддэг. Ерөнхий сайдын хувьд ийм үүрэг даалгаврыг Ч.Амарболд генералд өгч байна” гэсэн. Ч.Амарболд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаагаа татсан.
Тэгээгүй бол Онц байдал зарлахгүйгээр байдлыг зохицуулж болох байсан болов уу гэж би боддог юм. Цагдаа татсаны дараа улангассан ард түмэн намын байр руу дайрч орсон. Бүр шатаасан. Шатаах шатаахдаа бүр хонзонтой шатаасан байж магадгүй. Тэр байдал даамжирч, цагдаа нар ч олон цаг ямар ч тодорхой удирдлагагүй, ямар ч зохион байгуулалтгүй байж байгаад зодуулсан, гэмтсэн байж магадгүй. Ямар ч байсан тэр байшин руу дайрсан улсууд цагдааг татахад бүр улангасч тийшээ дайрч орсон болов уу гэж боддог. С.Баяр дарга өөр хүнээр над руу утасдуулж байхад тэр хүн “Ерөнхийлөгч өө, автоматаар буудаад байна шүү дээ. Та миний утсаар сонсч байна уу. Сонс доо та. Намайг тантай ярьж байхад намын байрны хажуу талд автоматаар буудаад байна шүү дээ” гэсэн. Яагаад тэгвэл тэгэхэд автоматаар буудуулж байсан юм. Хэн буудаж байсан юм. Ямар сумаар буудаж байсан юм гэдгийг тогтоох ёстой. Гурван жил өнгөрөхөд энэ асуудал судлагддаггүй, жинхэнэ алдаа гаргасан эзэн нь тогтоогддоггүй явдаг.

Хамтарсан Засгийн газар бол энэ долоон сарын 1-ний асуудлыг нуун дарагдуулахын тулд зохион байгуулагдсан гэж өнөөдөр шууд хэлж болно. Яг жинхэнэ утгаараа МАНАН байгаа цагт, шилжсэн утгаараа улс төрийн манан байгаа цагт долоон сарын 1-ний үйл явдал жинхэнэ утгаараа олдохгүй, тогтоогдохгүй.  Тиймээс жинхэнэ болоод шилжсэн утгаараа мананг арилгаж байж л долоон сарын 1-ний жинхэнэ ёсоороо тогтоно гэж хэлэх байна”  хэмээн өгүүлэв.

Дашрамд дурьдахад түүний нам “Эх орон -Шударга ёс” нэртэй хөдөлгөөнийг жижиг гэгдэх намууд, Даяар Монгол, Хөх Монгол зэрэг хөдөлгөөнтэй хамтран байгуулж, энэ хавар томоохон жагсаал зохион байгуулахаар болсон гэнэ.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих