Н.ЭНХБАЯРЫГ ӨРӨВДӨХ ТУСАМ

“Өрөвдөхөд өр рүү өшиглөнө” гэж манайхан хэлдэг дээ. Сонгоод өгсөн биш харин сонгогчдынхоо эрх рүү “өшиглөсөн” үйл явдал шинэ тутам УИХ-д болж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд бүрэлдсэн Парламентын анх дугаар чуулганд 72 гишүүн тангараг өр гөх байснаас 69 нь уламжлалт дэгийн дагуу Тө- рийнхөө далбаанд мэхийн ёслов. Харин гурван гишүүн хувийн чанартай улс төр хийгээд орон гэртээ бүгж, УИХ-ын гишүүний батламжаа авахаас татгалзлаа. Гэвч айлгамтхай гурвыг Төр нь, түмэн нь адислахаар хүлээж буй. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ, Төрийн тү- шээ тангаргаасаа зугтаж айлгана аа гэж. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшин Төрийн түшээгээр сонгогдсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар эвслийнхээ шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулаагүй хэмээсэн тайлбар тарав. Жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хандсан Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваагүй тухайд “Шударга ёс” эвслийн гомдлын хариуг Үндсэн хуулийн цэцээс авах хүртэл О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүнийхээ тангаргаас татгалзана. Ард түмэн өөрийгөө төлөөлүүлэх онцгой нандин эрхээ олгосон байтал үүнээс дээгүүр шийдвэр, сонгогч түмний итгэлээс илүү ашигтай пээдгэр улс төрийг хэн сэтгээд байна вэ? Тэд Н.Энхбаярын заавраар СЕХ-той заалдах нэрийдлээр бүхэн бүтэн Монгол Улсын хууль тогтоох байгууллагыг улстөрийн барьцаанд тооцов.

Омог бардам алхаад орохын оронд босгон дээгүүр нь гишгэчиж буй хүмүүс Н.Энхбаярын төлөө Төрд улс төрийн хавх тавин даажигналаа. Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” хэмээсэн ухаант үгийг тунхагласан нь тун саяхан даа. Гэтэл афоризмын логик сонгуулийн дараачаас амьдрал дээр яг эсрэгээрээ хэрэгжих болов. Одоо ард түмний дэмжлэг хэрэггүй, Н.Энхбаяр албан тушаалд юунаас ч хүчтэй шунахайрч эхэллээ, дахиад л. Энэ бол шинэ зүйл биш билээ. Харин энэ удаа ард түмэн түүнд эрх мэдлийг нь сонгуулиар дамжуулан олгосныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Н.Энхбаяр хүүтэйгээ УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүйн хонзонгоо ядаж тангараг өргөх ёслолын өдөр илэрхийлэлгүй тэвчээд өнгөрүүлчихэж тэсэхгүй байгааг харахад тэрбээр өөрт нь үзүүлсэн ард түмний дэмжлэгийг огоортлоо хилэгнэж байна.

“Шударга ёс” эвслээс УИХ-д сонгогдсон хүмүүсийг Н.Энхбаяр өөрийнхөө төлөө гишүүний бүрэн эрхээс нь татгалзуулахдаа түүний хувьд албан тушаал гэгч ард түмний дэмжлэгээс хамаагүй хүчтэй гэдгийг нотлов. “Шударга ёс” эвслийг УИХ-д 11 суудалтай болгосон хүн нь Н.Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй. Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан түүнийг дөрвөн мөчнөөс нь дамжлан одоход Төрөө дээдэлдэг уламжлалтай монголчуудын олонхид өрөвдөх, хүний нь хувьд энэрэх сэтгэл эрхгүй төрсөн. Сонгуулийн өмнөх нийгмийн сэтгэл зүйг Н.Энхбаяр өрөвдүүлэх тактикаар чадварлаг удирдсан лидер. Түүнээс өөр хүн нөхцөл байдлыг ийм мэдрэмжтэйгээр ашиглаж чадахгүй ч байх. Харин өрөвдөх тусам өр рүү нь өшиглөөд байвал нүүр өгөхгүй ч байж чаддаг л ард түмэн шүү.

Цэц Н.Энхбаяр нарын сонгогдох эрхийг хязгаарласан СЕХ-ны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарын оронд Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар гурав УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Олон нийтийн анхаарлыг энэ сарын 18-нд болох Н.Энхбаярын авлигын хэргийг шүүх хурал татаж буй. Жирийн иргэд шүүхийн болон Цэцийн шийдвэрийг хүндэтгэн хүлээдэг. Тэгвэл дэмжлэгт нь хүчирхэгжсээр буй Н.Энхбаяр яагаад ард түмнийхээ итгэл найдварыг УИХын суудлаас дорд үзэж, бүр юман чинээ санадаггүй юм бэ?

mongolnewsmn


URL:

Сэтгэгдэл бичих