З.Энхболд, Х.Баттулга хоёр уулзав, юу ярив
УИХ-ын шинэ чуулганы нээлт өндөрлөсний дараахан УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболдын өрөөнд орж харагдав. Парламент дөнгөж бүрэлдэж буй энэ цаг үед эрхэм лидерүүд юун тухай ярьсан нь сонин юм. Шинэ Засгийн газрын тухай юу, эсвэл намын дотоод асуудлаар хөөрөлдөв үү. АН-ын хамгийн хүчтэй фракц болох МоАХ-г Х.Баттулга, Шонхор фракцыг З.Энхболд нар тэргүүлдэг. Хоёр том фракцын тэргүүнүүд өнгөрсөн намраас л хоорондоо найр тавьж, нэгдмэл санаа бодлоготой ажиллаж эхэлсэн нь илт болсон. Х.Баттулга намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцох тухай нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө нэлээн сайн “гөвшсөн” харагдана.
Тодруулбал Х.Баттулга “Монгол Ардын нам хоёр хагарчихсан энэ тохиолдолд бид 2000 оны сонгуулиар МАХН-ын авсан шиг 72 суудлаа байг гэхэд доод тал нь 40-45, бүр тавь хүртэл суудал авах бололцоо байсан гэж би боддог. Үнэхээр харамсч байна. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Гадаад, дотоод хүчин зүйл, сонгуулийн сурталчилгаа, мөнгө төгрөг гээд олон зүйл нөлөөлсөн байх л даа. Нэг үгээр бол манай намын удирдлагуудтай холбоотой гэж бодож байна. Ардчилсан нам сонгуульд дангаараа орох шийдвэр гаргахдаа дангаараа ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Өөр нам, хүчинтэй эвсээгүй нь ийм зорилготой байсны нотолгоо. Намын дарга, удирдлагууд ямар шинэ залуу, туршлагагүй хүүхдүүд биш улс төрд олон жил сайд, дарга явсан хүмүүс. Алсыг харсан байх ёстой.
Ардчилсан нам УИХ-д олон болж чадсан ч олонх болж чадсангүй. Бусадтай эвсч Засгийн газар байгуулах нөхцөлд орчихоод байна. Парламентад нөгөө талд хэн, хэн байна вэ хар даа. Тэгэхээр олонх болж чадаагүйн хариуцлагыг намын удирдлагуудтай ярих ёстой. Тухайлбал, намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нартай хариуцлагын асуудлыг ярих биз ээ. Энэ бол намын дүрэмд тодорхой туссан зүйл” хэмээжээ.
Х.Баттулгын энэхүү байр сууриас ажвал, ирэх өдрүүдэд АН-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал сөхөгдөх нь. Өнгөрсөн дөрвөн жилийн турш хамтарсан Засгийн газрын үед З.Энхболдын фракц намын даргаа өөрчлөхийн төлөө дуугарч ирсэн ч хүчин мөхөсдөж байв. Харин Х.Баттулгатай хагас жилийн өмнөөс нөхөрлөж, санаа зорилго нэгдэж ирсэн.
Ирэх өдрүүдэд АН-ын даргын халаа, сэлгээний асуудал хүчтэй өрнөх бололтой. АН их хурлаа зарлаж, ҮЗХ-гоо хуралдуулж Н.Алтанхуягийг даргаас нь буулгах ажил өрнөж магадгүй байна. Харин оронд нь хоёр эрхмийн нэг нь намын дарга, нөгөө нь Ерөнхий сайдын суудлыг авах тохироо энэ хоёрын дунд яригдсан байхыг үгүйсгэмгүй юм. Намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй. Мөн намын дарга болсон нь шадар сайд болно гэх зэргээр ямар ч хувилбар байж болно.
АН-ын хоёр лидер ямартай ч намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцох, дараагаар нь Засгийн газрыг эмхэтгэн байгуулах асуудлаар яриа өрнүүлсэн болов уу. Х.Баттулга. З.Энхболд хоёрын яриа чухам юун тухай хөөрөлдсөн нь сонин байна.
Т.АМУР olloo
URL: