Олон улсын мастер А.Энхтуул эрэгтэйчүүдийн ангилалд ч хүч сорьжээ

Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер /WIM/, “Хүч” спорт хорооны тамирчин А.Энхтуул саяхан Шри Ланк улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн билээ.

Тэрбээр өчигдөр өөрийн амжилтын талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тус тэмцээнд Энэтхэг, Хятад, Иран, Казахстан, Малайз, Киргизстан, Монгол, Шри Ланк, Араб, Вьетнам, Филиппин, Бангладеш зэрэг орны 300 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулжээ.

Түүний өрсөлдсөн 18 насны эмэгтэйчүүдийн ангилалд мөн тооны шатарчин өрсөлдсөнөөс дэлхийн шатрын холбооны /WIM/ олон улсын мастер дөрөв, /WFM/ мастер гурав байсан ч А.Энхтуул рейтингээрээ V байрт жагсчээ.

Тэрбээр есөн өргийн тоглолтоос таван хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтойгоор 6.0 оноо авч шагналт IV байрт шалгарсан байна. Мөн рапидын 18 насны эрэгтэй ангилалд өрсөлдсөн 20 тамирчны нэг нь А.Энхтуул байсан юм. Энэ ангилалд дэлхийн шатрын холбооны /FM/ мастер нэг, /WIM/ мастер нэг байсан бөгөөд Олон улсын шатрын мастер тэрбээр рейтингээрээ VIII жагсч, долоон өргийн тоглолтоос дөрвөн хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 4.5 оноо цуглуулж шагналт IV байр эзэлжээ.

А.Энхтуул мастер өөрийн амжилтын талаар ийн өгүүлэхийн зэрэгцээ “Миний санхүүгийн бүх зардлыг даасан “Сандэй” группийн хамт олонд маш их баярлалаа” хэмээн чин сэтгэлийн үгээ дайсан юм.

Дашрамд дуулгахад тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард болсон Дэлхийн шатрын холбооны их хурлаар Олон улсын мастер цол хүртсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих