Ц.Амарбаясгалан: Зодог тайлаагүй ээ. Ойрын хэдэн жилдээ рингээ орхих бодолгүй байгаа
Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалантай ярилцлаа.
-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр таныг зодог тайлж байгаа тухай бичиж байна. Үнэхээр зодог тайлж байгаа юм уу?
-Харин өөрөө ч мэдээгүй байхад ингэж бичээд байх юм. Энэ удаагийн мэдээлэл намайг гурав дахь удаагаа зодог тайлуулж байх шиг байна. Өмнө нь бас гэмтэл аваад сэхээнд байгаа. Дахиж тоглож чадахааргүй болсон, зодог тайлж байна гэж бичээд л байсан. Ойрын хэд хоног зарим нэг вэб сайтуудаар бүр надтай ярилцлага хийсэн мэтээр биччихсэн байна лээ. Уг нь би бэлтгэлээ хийгээд байж л байна. Яахав сүүлийн үед тэмцээнд оролцохгүй, нам жим байгаа болохоор хүмүүс зодог тайлсан гэж андуурсан бололтой.
Би кикбокс, мутай боксоор хичээллээд олон жил болж байна. Сонирхогчоос эхэлсэн гээд ярих юм бол 11 настай байхаасаа л хичээллэсэн. Бараг 20 гаруй жил болж байна уу даа. Тооцоолоод үзэхээр 70 хэдэн тонн хөлс биеэсээ гаргасан байна. 80, 90-ээд мянган цагийн бэлтгэл сургуулилт хийж, хэдэн зуун мянган км гүйлээ. Ингээд бодохоор миний амьдрал спортоос шууд хамааралтай болчихсон. Бие махбодь ч гэсэн. Тэгэхээр гэнэт больж болохгүй байх аа. Хэзээ болино гэдгээ мэдэхгүй ч ойрын хэдэн жилдээ тийм төлөвлөгөө алга. Тамирчин хүн угаасаа зодог тайлахдаа хүрэхээр сэтгэл зүй нь ч тэр, бие махбодь нь ч тэр бэлэн болдог гэсэн. Одоогоор миний бие ч тэр, сэтгэл санаа ч тэр зодог тайлахын эсрэг байгаа.
-Таныг шавь нараа бэлдээд байгаа болохоор ийм яриа гарсан байж болох юм?
-Магадгүй ээ. Би Монголд ирснээсээ хойш “Шинобу Амараа” клубээ нээгээд, шавь нараа бэлдэж байгаа. Жил гаруйн хугацаанд байнга хичээллэдэг 100 гаруй, ирж очин байдаг хэдэн зуун шавьтай болсон. Гэхдээ сургалт явуулахынхаа зэрэгцээ өөрийгөө орхиогүй шүү дээ. Өнгөрсөн хавар эх орондоо “Империал-2011″ олон улсын тэмцээн зохион байгуулж, өөрөө тулалдсан. Мэргэжлийн мутай боксын дэлхийн аварга, Английн аварга тамирчинтай тулалдсаныг хүмүүс мэдэж байгаа байх. Мөн ирэх намраас Тайланд явах гэж байгаа. Одоохондоо би клуб дээрээ шавь нартайгаа хамт бэлтгэлээ хийгээд байгаа ч гэлээ нормдоо орохын тулд эрчимжүүлсэн бэлтгэл хийх хэрэгтэй. Урьд нь угаасаа Тайландад бэлтгэлээ хийдэг байсан юм. Тэнд миний менежер, дасгалжуулагч багш маань байдаг. Явахдаа клубийнхээ тамирчдаас авч явах бодолтой байгаа. Тэмцээнд орохгүй ч гэлээ мэргэжлийн том тулаан ямар байдгийг хараг гэж бодож байна. Тайланд бол кикбокс, мутай боксын өлгий нутаг гээд хэлчихэж болохоор газар шүү дээ.
-Клубдээ та өөрөө багшилдаг уу?
-Би багшилна. Хамт хичээллэнэ. Клуб дээрээ байнга байж байдаг юм.
-Энэ зун задгай талбайд томоохон тэмцээн зохионо гэж ярьж байсан. Тэр юу болсон бэ?
-Уг нь зургадугаар сард Сүхбаатарын талбай дээр ч юм уу задгай ринг засаад тэмцээн зохиох гэсэн боловч сонгуультай давхцаад болсонгүй. Залгаад наадам яриад эхэлчихлээ. Харин сүүлийн жилүүдэд байнга зохиогоод байгаа “Империал” олон улсын тэмцээнээ ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөчихсөн. Улаанбаатарт хэд, хэдэн удаа тун амжилттай зохион байгуулсан. Тэмцээний үеэр хэдэн мянган хүний суудалтай заал байнга дүүрдэг. Тэгэхээр өнөө жилийн тэмцээнийг өөрийнхөө төрсөн газар болох Дархан хотод хиймээр байна. Тэнд угаасаа том заал байхгүй учраас гадаа рингэн дээр тулалдана. Манай оронд ямар зэрэглэлийн хэн гэдэг тамирчин ирэх талаар би мэдэхгүй. Дэлхийн болон олон улсын кикбокс, мутай боксын холбоо мэддэг юм. Тэгэхээр тэд нартай долдугаар сарын сүүлээс ярилцаж эхэлнэ.
-Таны шавь нар улсын аваргын тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа харагддаг. Гадагшаа тэмцээнд явуулах бодол бий юу?
-Мэдээж байлгүй яахав. Гэхдээ одоохондоо арай болоогүй байна. Манай клубт хичээллэж байгаа хүүхдүүд ихэнх нь энэ спортын хаалгыг татаад жил гаруй болж байгаа. Эхлээд тэд улсдаа зохиогдож байгаа тэмцээнд оролцож үзэг. Тамирчид маань эх орондоо болж байгаа тэмцээнээс байнга алт, мөнгөн медаль авч байна. Харин олон улсын тулаанд оролцуулах арай болоогүй. Дөнгөж эхэлж байгаа тамирчдыг хүчтэй өрсөлдөгчидтэй тоглуулахаар зүрх нь үхнэ. Өөртөө итгэх итгэлгүй болж зориг нь мохсон тамирчин цаашид яагаад ч амжилт үзүүлж чадахгүй. Тэгэхээр ойрын нэг, хоёр жилдээ тамирчдаа нөөнө. Гэхдээ “Империал” оролцож байгаа учраас хэдэн мянган хүний өмнө тулалдаж сурч байгаа. Олон хүний өмнө тулалдаж нүүр хагарна гэдэг бас л чухал.
-Та Японд байхдаа рекламанд их тоглодог байсан гэсэн. Хаанахын рекламанд тоглож байв?
-Японд томоохон брэндүүдийн нүүр царай болж байлаа. “Emporio Armani” -тай нэг жилийн гэрээтэй ажиллаж байсан. Мөн “Hanabo” гээд тэндхийн алдартай хослолын брэнд компанитай гэрээгээр ажиллаж байсан. Ер нь бодоод байсан чинь тэнд байхдаа ахуйн хэрэглээний олон рекламанд тоглодог байсан юм байна шүү. Бүр дотуур хувцасныхад ч тоглож байсан юм байна. Энд ирээд ч гэсэн “Хараа” брэндийн нүүр царай болж ажилласан. Тэднийх ирэх есдүгээр сард Тайланд явах тамирчдын маань замын зардлыг даах зэргээр хамтран ажиллаж байгаа.
-Бас кинонд тоглоод амжсан байх аа?
-Монголд ирээд удаагүй байхад “Hero” энтертайнмэнтийнхэн кинонд тоглох санал тавьсан юм. Зохиолыг нь уншсан чинь миний ажилтай холбоотой байхаар нь зөвшөөрөөд тоглосон. “Татар ажиллагаа” киног хүмүүс мэдэх байх аа.
-Таныг Японоос нутаг руугаа буцах үед тэнд үлдээч гэсэн санал ирж байсан гэдэг?
-Тийм ээ. Би Японд гурван ч их, дээд сургууль төгссөн. Мөн эдийн засгийн чиглэлээр Токиогийн их сургуульд магистр хамгаалсан. Токиогийн их сургуульд миний магистрын ажлыг удирдаж байсан багш маань Японд үлдэж ажиллах санал тавьсан юм. Хэдий боломжийн санал байсан ч эх орноо гэх сэтгэл минь дийлээд хүрээд ирсэн дээ. Японд би арав гаруй жил хичээллэсэн. 2004 онд кикбоксын дэлхийн аварга болсон. 2005 онд Японы шилдэг тамирчнаар шалгарсан. Намайг шилдэг тамирчин болоход 40 жилийн түүхтэй бүсээ өгч байсан. Тэдний түүхэнд оны шилдэг тамирчнаар нь гадаадын иргэн шалгарч байсан тохиолдол байдаггүй юм байна лээ. Японд 10-аад жил хичээллэх хугацаандаа нийт 57 удаагийн халз тулаанд орж 50-д нь ялалт байгуулж байсан юм байна.
С.АЛТАНЦЭЦЭГ
URL: