Домогт аварга Б.Түвдэндорж шиг бөх арай л гарч ирэхгүй болов уу ?

Жил жилийн наадам дөхөхөөр жимс, чихэрт нүдээ өгчих шахсан нялх хүүхэд аятай л нэг сонин мэдрэмж цээжинд гозгонох бөгөөд тэрийг бүгд л бөхийн хорхой гэцгээнэ. Гарч байгаа жилийнхээ өнгийг тодорхойлдог гэх цагаан сарын барилдаанаас хойш хэн хүнгүй ёстой л ханаж цадталаа л бөх үзэцгээж тэр сайн байна, энэ ч нэг юм дуулгана даа гэлцсээр наадам хүргэцгээдэг нь бөхийн хорхойтнуудын чухал ажил юм.

Монгол үндэсний бөх маань мөн ч эрчимтэй хөгжиж байна. Аль ч барилдааныг таахын аргагүй өрсөлдөөнтэй тэмцэлтэй болдог болж. Залуу бөхчүүдийн сэтгэлзүйн бэлтгэл яасан ч их өссөн юм. Хүн л юм бол унаж л таарна гэсэн шиг нүдээ зуугаад л үздэг болж. Арал чац, бяраараа ааглаж хүрэх ёстой амжилтандаа хүрцгээсэн аварга арслан тэргүүтэй улсын цолтнууд маань даваа болгондоо л тунчиг хашир үзэхгүй бол үс авах гэж ирлэсэн тонгорог шиг залуус маань ер нь л хэцүү болж дээ.

Залуу аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Д.Азжаргал, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж нарын зэрэг бөхчүүд л энэ жилийн наадмын өнгийг тодорхойлох болов уу гэж санагдах юм.

Шинээр улсын цол авах бөхчүүдэд аймгийн арслан П.Бүрэнтөгс, О.Гантулга, аймгийн заан Т.Баасанхүү зэрэг залуусыг нэрлэж дэмжиж байгаа. Аймгийн заан Т.Баасанхүүд бөхийн хорхойтнууд хийгээд бөхчүүд, багш дасгалжуулагчид ер нь зон олноороо ам сайтай байгаа. Тэрбээр Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд зэгсэн амжилт гаргаж 54 барилдааны 47-д нь давсан амжилт үзүүлсэн билээ.

Гэхдээ энэ жил “битүү морь” гэдэг шиг 1939 оны наадмаар гэнэт гарч ирж түрүүлсэн домогт аварга Б.Түвдэндорж шиг бөх арай л гарч ирэхгүй болов уу. Яагаад гэвэл бөхийн сургууль, дэвжээ, клубууд залуусыг өргөн их хамруулж байнга заал танхимын барилдаан уралдаан тэмцээн ойрхон зохиогдож байдаг болсон учраас ямар нэгэн хэмжээгээр заавал бөхийн хорхойтнуудын соргог хараанд өртсөн байх талтай.

Уртын дуу шуранхайлан, хүүхдийн гийнгоо цангинаж, сумын зэв исгэрч, алдар цолоо дуудуулсаар бөхчүүд нь, дэвэн дэвсээр дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадам маань хэзээ хэзээгүй хаяанд ирлээ. Хэн гэдэг аавын хүү шинээр улсын цол авч хэн нь ахиулж, хэн нь баталж нутаг ус алдар цолоо дуурсгахыг зөвхөн харах л үлдлээ.

Ер нь энэ жилийн наадмын бөх ямар болохыг хэдхэн хоногийн өмнө болсон сорилго барилдаан хэлээд өгсөн гэхэд болно. МҮБХ-ноос жил зохион байгуулдаг уг барилдаан энэ жил жаахан оройтож болсон нь УИХ, НИТХ-ын сонгуультай холбоотой байв. Уг барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Насандэлгэр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 208 бөх зодоглосон.

Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Алтай констракшн” компанийн бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн.

Харин шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс нар шалгарч байсныг уншигч олон санаж байгаа. Дээрх барилдаанаас энэ жилийн наадамд залуу бөхчүүд одтой сайхан наадах нь харагдсан. Бөхийн ам авах хугацаанд бага зэрэг дүрмийн өөрчлөлт орсныг эс тооцвол өмнөх жилүүд шигээ сайхан наадам болох нь.

Хамгийн гол нь бөхчүүд маань бэртэл гэмтэлгүй, хүлэг морьд нь хурдан ч хүүхэдгүй морь ирэхгүй байгаасай гэж хэн хүнгүй л залбирч суугаа. Аугаа их түүхтэй, асар их ирээдүйтэй амны хишигтэй монгол зон минь сайхан наадаарай гэж ерөөе.

С.Тэгшээ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих