МАХН-д МАН бууж өгөх үү
“Эх орончид”-ын өдрийг эдүгээ хоёр улс төрийн хүчин тэмдэглэх нь. Уг нь коммунист угшилтай намд оногддог эл баярын өдрийг зөвхөн МАХН тэмдэглэдэг байв. Гэтэл тус нам 26 дугаар их хурлаараа нэрээ МАН болгон сольсон. Нам нэрээ солих нь нэг хэрэг. Харамсалтай нь зарим гишүүд нь бууриа сахиж үлдэнэ хэмээн онц их хурал хуралдуулж сэргээн байгууллаа. Улмаар Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад удаагүй байгаа. Тэгээд ч улс төрийн намыг бүртгэдэг шүүх эрх мэдлийн дээрх байгууллага МАХН нэрээр бүртгүүлсэн нам байхгүй гэсэн лавлагаа тэдний материалыг хүлээн авахаасаа өмнө өгсөн байдаг. Тэрхүү өгсөн лавлагаанаас харахад МАН-ын тэдэнтэй булаацалдаад байсан МАХН хэмээх нэр ямар нэг иргэн хуулийн этгээдэд өмчлөгдөөгүй байжээ гэдэг нь тодорхой болсон юм. Энэ бүхнээс ажиглах юм бол МАХН-ыг Дээд шүүх бүртгэх нь ойлгомжтой болов бололтой. Тус нам бүртгэгдэнэ гэдэг бол улс төр дуусахын нэр биш. Харин цаашаа улам ээдрээтэй үргэлжилж өрнөхийн эхлэлийг тавина бус уу. МАН-ын зүгээс тэднийг бүртгэлгүй гэдгээр нь жаахан элэг барих гээд байгаа зүйл ажиглагддаг. Тэгвэл МАХН бүртгүүлснээр тэдний байр суурь яг ижил болно. Ижил түвшний улс төрийн намууд хэлэлцээрийн ширээний ард суудаг. Ялангуяа намууд сонгуулийг угтаж нэгдэж эвсдэг. УИХ-ын сонгууль 2012 онд болно. Хаяанд нь ирчихээд байна, бид. Улс төрийн намууд парламентад суудалгүй үлдвэл үйл ажиллагаа нь дараагийн сонгууль хүртэл зогсдог. Энэ их ажлын өмнө хоёр хуваагдсан дээрх нам хоосон хоцрохгүйн төлөө эвсэх байх гэсэн таамаглал улс төрийнхний хүрээнд явна. Тэгээд ч МАХН-ыг эмхлэн зохион байгуулсан онц их хурал дээр дарга Н.Энхбаярынх нь тавьсан “Шинэ нам” илтгэлд хоёр намын эвсэл байж болох талаар өнгөц дурдагдсан. Гэхдээ газар аваагүй. Онц их хурал дээр газар аваагүй дээрх санаа эдүгээ хүчээ авахад бэлэн болоод байна гэж хэлэх хүн байна. Намын нэр солино гэдэг бол дарга С.Батболдынх нь хүсэл зориг биш. Ийм санааг гаргаж хэрэгжүүлсэн гол хүн бол УИХ-ын гишүүн, намын дарга асан С. Баяр. Түүний намын нэрийг солих болсон шалтгаан нь мөн л сонгууль ойртсонтой холбоотой хэмээн ойлгож болно. Сонгуулиар 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр сөхөгдөнө. Тэр бүхэнд нам, намын дарга С.Баярын нэр холбоотой. Хар өдөр эрх баригчдын суманд үрэгдэгсдийн цогцос нь хөрж амжаагүй, үлдэгдсдийнх нь нулимс нь хатаж амжаагүй байгаа. Энэ бүхэн ирэх сонгуулиар сөхөгдөх тул тэрбээр хэл амнаас зайлж МАХН гэсэн нэрийг МАН болгон өөрчлөх санааг дэвшүүлээд амьдралд хэрэгжүүллээ. Тэгвэл хуучин нэрээ тэд бас л өмчлөх гэж өнгөрсөн богинохон хугацаанд маш их зүтгэлээ. Хуучин нэрээ хувьчилж авах гэсэн тэдний хар санаа МАХН-ыг улам чанга дуу гарахад хүргээд байна. Нэг үгээр хэлбэл нэр нүүрээ алдахгүйн тулд МАХН гэдэг нэрийг тэдэнд дангаар нь өгчихгүйн тулд МАН-ын хувьд эргээд тэднийг царай алдах хэмжээнд хүргээд байх шиг. Хэрэв тэдний хувьд гэдийх юм бол ирэх оны сонгуулиар “лааз” өшиглөх магадлал нь улам бүр өндөр болно. Зарим нэг судлаачийн албан бус судалгаагаар МАН-ыг дэмжигсдийг зуун хувь гэж үзвэл, түүний 40 хувь нь МАХН-ыг дэмжиж байна гэсэн судалгаа гараад байгаа юм байна. Дэмжигсдийнхээ 40 хувийг алдана гэдэг парламентад 45 суудалтай гэх МАН-ын хувьд амиа хорлосонтой адил зүйл болох болов уу. Энэ бүхэн л МАХН-д МАН-ыг бууж өгөхөд хүргэнэ гэдгийн эхлэлийг тавиад байна. Тэгээд ч сонгуульд ороогүй МАН нам засгийн эрх бариад байгаа нь нэн хачирхалтай. Энэ бол заавал сонгууль хүлээхгүй МАН-ын хувьд МАХН-тай эвсэл байгуулахыг тулган шаардаж байгаа нэг хэлбэр.
Нэрээ шинэчлээд нэмэр болоогүй нэрмээс болж байгаа тэдний хувьд МАХН-тай эвсэл болж, засгийн эрхийг барих, улмаар сонгуульд орно гэдэг бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрд эргэн хөл тавихад хүргэнэ. Тэрбээр улс төрд эргэн хөл тавьж МАХН-ыг сэргээн зохион байгуулсан дээрх үйлдэл нь түүний МАН-ын зарим удирдлагатай нам дуугаар ярьж, сэм хуйвалдан, цөм авах арга заль биш биз. МАХН-ыг чирч МАН-д тэрбээр очно гэдэг дахин улс төрийн өндөр албан тушаал руу зүтгэх эхний алхам болох болов уу. Албан тушаал аа гэж…
Г.ЭРДЭНЭБАТ
URL: