Шуугиан тарьсан мэдээлэлд ЭСЯ хариу илгээлээ
Өнгөрсөн сарын 29-ний өдөр ukr-portal.com болон Оросын өөр олон цахим хэвлэлүүд дээр “Монголия входит в состав России?” буюу “Монгол Оросын бүрэлдэхүүнд орох уу?” гэсэн нэртэй нийтлэл гарч цахим ертөнцөөр шуугиан тарьж буй талаар манай сонин долоодугаар сарын хоёрны өдрийн дугаартаа нийтэлж, энэ талаар тодруулж эргэн сурвалжилна гэж мэдээлсэн.
Хэдийгээр энэ нийтлэлд үнэний ортой үг өгүүлбэр тоон баримтыг эс тооцвол огт байхгүй байсан ч ОХУ-ын Сергей Лавров мэдэгдэл хийсэн мэтээр иш татан бичсэн байсан тул мэдээллийг тодруулахаар бид Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе А.С.Акуловатай холбогдож, албан захиагаар тодруулга хүссэн юм. Тодруулгын хариуг өчигдөр орой бидэнд ирүүлсэн бөгөөд энэ захидалд “Танай сонин нэр хүндтэй хэвлэл тул интернэтэд тархсан энэхүү мэдээллийг утгагүй, санаанаасаа зохиосон зүйл гэдгийг ойлгож байгаа гэж бодож байна. Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэзээ ч ийм зүйл яриагүй, зарчмын хувьд ярих ч боломжгүй. Монгол Улс бол манай орны хувьд найрсаг харилцаатай, тусгаар тогтносон улс бөгөөд сүүлийн 100 жилд Орос улс Монгол Улсыг тусгаар тогтнолоо олж авч, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалахад нь дэмжлэг үзүүлэхээр олон ажил хийсэн. Харин өдөөн хатгасан шинжтэй энэ нийтлэлийг гаргасан цахим хуудас өөрсдийн нэр хүндийг өсгөх, анхаарал татахын тулд худал хуурмаг мэдээлэл цацаж заншсан. Балмад этгээдүүдийн үйлдлийг дэвэргэж, нийтлэлийн агуулгад онцгой анхаарал хандуулах хэрэггүй гэж бид үзэж байна. Хүндэтгэсэн, Хэвлэлийн атташе А.С.Акулова” гэжээ.
Мэдээлэл хэдий худал хуурмаг ч гэлээ цахим ертөнцөөр хурдтай тархаж, олон хүний дургүйцлийг хүргэн, үл ойлголцох байдалд хүргэж болзошгүй болсон тул Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийхээр болсон байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: