СЕХ сахил хүртээд шал дордов

СЕХ гэж сонгууль бүрийн дараагаар сор залдаг сонин газар бий боллоо.

2008 оны сонгуулийг луй­вар будлиантай явуул­сан гэдэг үндэслэлээр өмнөх дарга Б.Баттулгыг огцруул­сан. Мэдээж тухайн үедээ Б.Баттулга дарга янз бүрийн байдлаар өөрийгөө хамгаалж, мэдэн будилснаар эцэст нь гэмээ ухаарсан хүн шиг жүжиг тавьж билээ.

Өөрөөр хэлбэл, СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хууль эрх зүйн үндэсгүйг мэдсээр байж, биднийг хараат бус ажиллах нөхцөл боломж олгохгүй байна. Тиймээс бүгд огцоръё гэх утгатай тогтоолыг тухайн үеийн УИХ-ын хурлын даргад өгсөн нь саяхан мэт санагдана.

Угтаа бол СЕХ сонгуулийг шударга зохион байгуулах үүрэгтэй байгууллага. Ард түмний сонгосон төрийн түшээдийг чин шударгаар томилон тохоох эрхтэй “том” газар. Харамсалтай нь үүргээ мартчихаад байдаг бололтой. Сонгууль бүрийн араас байнга хэл амны бай болдог нэг ёсны “хэрүүлийн бузар шингэсэн” газар гэхэд хилсдэхгүй.

Энэ удаа ч мөн л урьдын адил “будлиантай сонгууль” гэдэг нэр зүүгээд эхэллээ. Чухам л луйвар булхай оруулахгүй хэмээн хэрдээ л хичээж, автомат машинд найдсан. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч боллоо. Гадаадаас ирэгсэд л цагийн зөрүүнээс болоод учиргүй ядарлаа гэдэг юм билээ. Түүн шиг авч ирсэн машинуудынх нь “цагийн зөрүү” гараагүйгээс сонгогч­дын саналыг унших­даа “эндүүрэл” гар­гачихсан юм болов уу ч гэж бодоход хүргэв.

Өмнө нь СЕХ-ныхон автомат машинтай, машин-гүй ажилласаар ирсэн. Гэхдээ маш хаалттайгаар. “Том” газар болохоор ч тэгдэг юм уу их л нууцлаг, олон харуул, хамгаалалттайгаар ажлаа явуулдаг болов.

Зөвхөн сонгуулийн үеэр ч бус энэ байгууллагын дарга Н.Лувсанжав болон бусад удирдлагатай нь уулзана гэдэг гонжийнжоо. Дарга нар нь ихэнхдээ эзгүй. Асуухаар “гадуур ажилтай”, “хуралтай яваа” гэх. Ажлын байрандаа байгаа албан хаагчид нь “дарга мэднэ” гэдэг үгээр бусдын амыг таглаад буцаадаг.

Эсвэл сэтгүүлчдийг заавал хэвлэлийн төлөөлөгчтэй уулз, тайлбарла, цаг ав гэх зэргээр “залхаан цээрлүүлнэ”. Ядаж байхад хэвлэлийн төлөөлөгч нь хэд хэдэн газрыг хариуцаж ажилладаг нэрийдлээр Төрийн ордноос гарах дургүй эрхэм бий. Тийм болохоор СЕХ-ныхон өөрсдийгөө сонгуулийн үеэр л ажилладаг тусгай эрхтэй төрийн албан хаагчид гээд бодчихдог бололтой. Ямартаа л СЕХ-ны даргаас эхлүүлээд бусад албан тушаалтан нь өглөө цагтаа ирэх нь ховор л юм билээ.

Харин өдгөө бүр ч ярвигтай болжээ. Төрийн тусгай хамгаалалтыг хэдэн давхраар нь авчихсан. СЕХ руу нэвтрэхийн тулд бүхий л шатны  харуул, хамгаалалтад нь бичиг баримтаа үзүүлж, явсаар яг хаалганд нь тулаад “Маш их ажилтай тул уулзах боломжгүй” гэдэг үг сонсоод буцна. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн яамны зөвшөөрснөөр бүх байгуул­лагад нэвтэрч сур­валж­лах эрхтэй сэт­гүүлчдэд тохиолддог энгийн нэг асуудал. Тэгэхээр иргэний үнэмлэхнээс өөр бичиг баримтгүй энгийн иргэд  шагайх нь ч бүр хаалттай байх нь гарцаагүй.

Гэтэл  хачирхмаар нь сонгуулийн өмнөхөн СЕХ УИХ болон НИТХ сон­гуулийн өмнө сэтгүүлчид үйл явдлыг сурвалжлахын тулд эрхийн үнэмлэх авах ёстой гэдэг хаалт хийчих юм. Дээрх үгийг нь хэвлэл мэдээллийнхэн дуулгавартай хүлээн авсан. Ингээд СЕХ-ны хүссэнчлэн үйл явцыг хурдан шуурхай сурвалжилж, иргэдэд хүргэхийн тулд  долоодугаар сарын 14-нийг хүртэл хүчинтэй гэсэн тэрхүү үнэмлэхээр хэсэгтээ гангарах гэсэн ч бас л бүтэхгүй төлөвтэй. Ингээд санал хураалт болсон өдрөөс хойш СЕХ руу нэвтрэх эрх чухам хэнд нээлттэй байгаа нь тодорхойгүй хэвээр хоцорлоо.

Сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг авахын тулд зөвхөн СЕХ-ноос зарласан хуралд очихоос өөр аргагүй. Хэлэлцэж тохиролцсоны эцэст хэвлэлийнхнийг дуудаж хэдхэн асуултад хариулахаас хэтрэхээ болив.

Урьдын дарга нь “хуулийн дагуу…” гэдэг үгээр мөн ч олон хүний амыг таглаж байсныг санаж байна. Харин энэ удаагийн дарга Н.Лувсанжав нь төрийн хамгаалалтаар олс татуулан хамгаалуулж сууна. Үйл ажиллагаагаа ингэтлээ нууж, хэвлэлийнхэнд ч мэдээлэл өгөхгүй байгаагаас нь хардах сэтгэл төрмөөр ч юм шиг.

Түмний сонголтоор төрийн түшээг зарлан тунхаглах ёстой байгууллага олон нийтэд нээлттэй ажиллах ёстой баймаар юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих