Бид гэж Монголыг л хэлдэг
Баабар бид ялав гэж орилно. Халхын голд ялчихсан юм шиг. Миний ойлгож байгаагаар АН сонгуульд ялсан. Гэхдээ олонхи болоогүй. Би болон бас олон хүн АН-ын гишүүн биш. Ер нь ямар ч намын гишүүн биш. Тэхээр яахаараа “бид” болчихдог байна.
Яагаад монголчууд бид заавал Баабарын “талд” орох ёстой гэж ?! Ноён Баабар Ерөнхийлөгчийнхөө үгийг гүйцэд унших хэрэгтэй л дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 12 сарын 28-нд Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойн илтгэлдээ ингэж дүгнэсэн:
“Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй…
…өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно. Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье…Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Үүнийг би тэр үед ноён Баабар өөрийнхөө гараар Ерөнхийлөгчид “тусалсан” гэж ойлгож байсан. Хэрэв тийм бол Баабар солиотой, үгүй бол “хамгийн хайртай” Ерөнхийлөгчийнхөө эсрэг дүгнэлт хийж байна.
Яг нарийн яривал Ц.Элбэгдорж илүү үнэн зөв, бодитой дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл тэр одоогийн бүх намуудыг НОВШ гэсэн. Үүнээс илүү үнэн юм хаана байна ? Даанч өөрөө “шал хуучин” нам байгуулчихсан болохоос биш. Харин Баабар бол солиорч байна. Энд сэтгэл зүйн нэг л эвгүй юм бий, тэр нь Баабарын эсрэг бичвэл МАН-ын “талд” оруулах явдал юм. Тэгж л байг. Бид ямар хүүхэд байгаа биш ?!
АН нам бол ялсан ч новш, ялаагүй ч новш. Мэдээж МАН-тайгаа адил, бусад нам, наманцаруудтайгаа адил. Ер нь энэ Баабарын “нэг юм” хөдлөөд байгаа юм шигээ, уг нь ингэдэггүй л юмсан…
Харин би нэг л зүйлийг сайн мэдэж байна, “бидний” засаг бантан, жонхуу, жорлон хутгахаас өөр ямар ч юм хийж чадахгүй гэдгийг л баталгаатай хэлнэ. Энд МАН болон МАХН бас хамаарах нь мэдээжийн хэрэг, яагаад гэвэл энэ бол ямар ч утгаараа “бид”-нийх биш, олигархийн засаг, энэ бол Баабарын засаг…
Харин БИД гэж Монголыг л хэлдэг юм…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 3.
Эх сурвалж: ganaa.mn блог
URL: