Сонгуулийн шоунаас улбаатай газрын төлөөх тэмцэл дэгдэв

-Газрын төлөөх эмх замбараагүй байдлыг хэн, хаанаас, яагаад, ямар зорилгоор зохион байгуулсан гэдэг нь тогтоогдсонгүй- УИХ, НИТХ-д суудал авах гэсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн уулзалт, амлалтыг ард иргэд хэдийнэ нэхээд эхэлчихлээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчмын иргэд АН-аас амлалтаа биелүүлэхийг шаардаж, нийтийг хамарсан хөл үймээн дэгдэв.

Сонгуулийн дүн албан ёсоор гараад удаагүй байгаа энэ үед газар өмчлөх сургаар иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсээд байна. Өөрийн гэсэн газрын гэрчилгээтэй болох хүсэлтэй иргэд Нисэхийн дэнжээс Яармаг, Нүхтийн ам орчим хүртэлх газарт гэр, майхан, машин тэрэгтэйгээ очин байрлажээ.

Иргэд газар өгөх сургаар бие биенээсээ өрсөн ирж тохиромжтой газрыг сонгон авсан байлаа. Гэрчилгээг нь ч аваагүй газраа зарим нь худалдах тухай ярьж, Яармаг, Нисэхийн дэнж Улсын баяр наадмын талбайгаас ч илүү хөл хөдөлгөөнтэй байв.
Сонгуулийн шоунаас болж иргэд ийнхүү чирэгдэж байгаа нь харамсалтай.

Хан-Уул дүүргийн газрын албаны улсын байцаагч Ц.Отгонбямбаас энэ асуудлыг тодруулахад «Ямар ч газар өмчлөх асуудал явагдаж эхлээгүй. БОАЖЯ-ны мэдэлд байдаг дархан цаазтай бүс нутаг учир энд газар олгох боломжгүй. Хууль бусаар хашаа хатгасан иргэдийг албадан болиулна» гэсэн хариулт өглөө.

Хашаа хатган, гэрээ барих л дутуу байгаа, өөрийн өмчилсөн газраа манах иргэдийг хэдий болтол халуун наранд суулгах тухай мэдэх хүн энд байсангүй. Хан-Уул дүүргийн ЗДТГ, Газрын алба, дүүргийн Ардчилсан нам гээд энэ бүхэнд хариулт өгөх байгууллага нь мэдэхгүй байхад бүрэн эрхээ авч амжаагүй шинэхэн гишүүд юу ч мэдэхгүй байв. Энэхүү төөрөгдөл, сонгуулийн шоунаас улбаатай газрын төлөөх эмх замбараагүй байдлыг хэн, хаанаас, яагаад, ямар зорилгоор зохион байгуулсан гэдэг нь өчигдөр тогтоогдсонгүй.

Оршин суугчдаас болж буй үйл явдлын талаар тодрууллаа.

Зөвшөөрөлгүй гэж бодохгүй байна

- Дархан цаазтай газар учир газар олгох асуудал яригдаагүй гэж холбогдох албаныхан хэлж байгаа. Та бүхэн зөвшөөрөлгүй газар дээр сууж байна шүү дээ?
-Шөнийн 01:00 болж байхад «Иргэдэд газар олгох гэж байна» гэсэн мэдээлэл тарсан. Үүнийг бид газрын албаны хүмүүс өөрсдийн таньдаг, мэддэг хүмүүст хэлсэн гэж ойлгож байна. Зөвшөөрөлгүй гэж бодохгүй байна.

Бид тэмцэнэ, газраа авна

-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид энэхүү газрыг өмчлөх тухай ярьсан гэж ойлголоо. Энэ тухай тодруулахгүй юу?
-Иргэн бүрт газар олгоно гэж ярьдаг. Өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн газартай хүн ховор байна. Бид тэмцэнэ, газраа авна.

Гэрчилгээ олгосон юм алга

-Газар өмчлөх асуудал хэзээнээс эхэлсэн бэ. Яг гэрчилгээ олгож байгаа юм уу?
-Манай 4,5,7,8,11 дүгээр хорооны иргэдэд газар олгох шаардлагатай, түүнийг олгож өгөөч гэдэг хүсэлтийг I нэр дэвшигчдэд хүргүүлсэн юм.

Гэтэл өнгөрсөн шөнөөс эхлэн «Газар олгох гэж байна. Урагшаа явж, газраа сонго» гэсэн яриа гарсан. Бид учрыг нь сайн олоогүй ч бусдын адил өөрийн газраа сонгоод сууж байна. Одоогоор гэрчилгээ олгосон юм алга.

О.Номин-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих