Шинэ засгийн шинжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн үндсэндээ гарлаа. Нийслэлийн хоёр тойрогт тус бүр ганц, ганц мандат дээр дахин санал хураалт болохыг эс тооцвол сонгууль хэрүүл тэмцэл багатай сайхан боллоо. МАН тэргүүтэй нам, эвслүүд Ардчилсан намыг ялсанд “атаархасхийж” буй ч гадаад, дотоодын ажиглагчид хийгээд сонгуульд оролцсон зарим нам шударга сонгууль болсныг зөвшөөрөөд байна.

Байдлаас ажиглахад СЕХ энэ долоо хоногийн лхагва гаригийн орчимд УИХ-ын 2012 оны дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх бололтой. Хэрэв тэгвэл баяр наадмын дараахан шинэ УИХ тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Тэгээд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажилд шуудрах юм.
Шинэ УИХ, Засгийн газрыг шинжиж үзвэл сонин дүр зураг харагдаж байна. УИХ-д баттай олонх болсон нам гарахгүй нь тодорхой болсон. Ардчилсан нам 33, МАН 29 суудал эзлэх бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тойргоос дөрөв, жагсаалтаар зургаа, нийт 10 гишүүн орж ирж бүлэг байгуулахуйц сөрөг хүчин бүрэлдээд байна. Дээр нь ИЗН-ын С.Оюун, дөрвөн бие даагч нэмэгдсэнээр парламентын 76 суудал бүрдэх нь.

Юуны өмнө одоогийн байдлаар УИХ-д олон суудал авах нь нэгэнт тодорхой болсон Ардчилсан нам Засгийн газраа бүрдүүлэх нь тодорхой. Гэхдээ баттай олонхийг бүрдүүлэх 39 суудалд гишүүдийн тоо хүрэхгүй тул ойролцоо суудалтай МАН-тай эвсч засгаа байгуулах уу, эсвэл бүлэг болохуйц МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хүч хавсрах уу гэсэн асуулт гарч ирж буй. Бие даагчидтай нийлье гэвч 39 гэсэн тоонд хүрэхгүй учир дээрх нам, эвсэл хоёрын аль нэгийг сонгон эвсч эвслийн Засгийн газар байгуулахаас өөр зам харагдахгүй байна гэж хэлж болно.

Эхлээд УИХ-д олон суудалтай болсон Ардчилсан нам Засгийн газар байгуулахад ямар зарчим барьж болох вэ гэдгийг таамаглаж үзье. Ардчилсан нам бол ардчиллын төлөөх экс олон намаас бүрдсэн, түүнээс улбаатай олон фракцтай гэдгийг сонгогчид мэднэ. УИХ-ын гишүүн болох нь тодорсон эрхмүүдийн хэн нь ямар фракцид хамааралтайг авч үзвэл Алтангадас фракцид ерөнхийдөө экс социал демократууд буюу АН-ын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, шинээр парламентад орж ирж буй Я.Санжмятав, А.Бакей, Б.Наранхүү нар багтаж байна. Хуучны Монголын үндэсний дэвшлийн намынхан болох “мүдняк” фракцийг Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар төлөөлж буй.

МоАХ гэж нөлөө бүхий фракц бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орохгүй хэмээн мэдэгдэж байсан нэлээд тэмцэгч тус жигүүрт Х.Баттулга, Д.Ганбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хамаарна.

Гол төлөв залуу гишүүдээс бүрддэг, нэлээд хожуу мэндэлсэн “Шонхор” фракцид Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, З.Энхболд, Г.Баярсайхан, М.Зоригт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, М.Батчимэг нар орж байна. Эдгээр фракцуудын төлөөлөл Засгийн газарт эн тэнцүү багтах магадлалтай.

АН-ын бүрэлдэхүүн дотор Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, үе үеийн Засгийн газрын гишүүн асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт,  Н.Батбаяр, Х.Баттулга, Ш.Түвдэндорж, Л.Болд нарын хүмүүс бий. Засгийн газрын гишүүн болгоход барих нэг зарчим нь намын жагсаалтаар “сраз майор” бологсдоос бус тойрогт өрсөлдөж хөрөнгө мөнгө, хүч чадлаа зарцуулан гарч ирэгсдийг гол болгох нь илүү зүйд нийцнэ гэдгийг ч бодолцох байх. Гэхдээ гишүүдийнхээ мэдлэг, мэргэжилд тулгуурлаж бас болох юм. Тийм ч учраас одоогоор Засгийн газар тэргүүн хийгээд сайд болох шанстай эрхмүүдийн талаар энд таамаглал дэвшүүлэхээ түр орхие.

Харин эвсч Засгийн газар байгуулахын тухайд МАН, “Шударга ёс” эвсэл гэсэн хоёрхон боломж байгааг дээр хэлсэн. Олон салж нийлсэн МАН-тай эвсвэл “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн хэлц үг тохирно. Ямар ч гэсэн зан зангаа мэдэх, бас 1990 оноос хойш Монголын  улс төрийн тавцанд ач тач үзэж яваа үндэсний хэмжээний том намууд. Гэхдээ МАНАН /энэ удаа АН-МАН/ дахин “эвсэлдэв” гэсэн шүүмжлэл дахин дагуулна.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэхээр бол бас асуудал гарна. Ёжилж хэлбэл “жаахан доошоо орно” ч гэдэг юм уу. Тэдний эгнээнд Ардчилсан намын хуучин лидер явсан хүмүүс, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан олон хүн бий. УИХ-д сонгогдох нь баттай байгаа нь гэвэл дээхнэ АН-ын нэр дээр УИХ-ын гишүүн болж явсан Н.Батцэрэг, М.Сономпил, Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон нар байна. Цаана нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан бий. МАХН-ын дарга нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэх мэтээр авч үзвэл Ардчилсан намд “Шударга ёс” эвсэл арай тохирохгүй “партнер” байж мэднэ. “Шударга ёс” эвсэлтэй эвсч засаг байгуулна гэдэг зүгээр л амиа хорлосонтой ижил, олон засгийн нүүр үзэх цондон байж магадгүй.

Ардчилсан нам засаг барихад айх нэг зүйл байдаг. УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл нэрээр ялж 2000 он хүртэл төр, засаг барихдаа гурван Засгийн газар тонгорсон гэдгээрээ олны зүрхэнд шар ус хуруулсан. Гэхдээ түүнээс хойш 12 жил, гурван сонгууль өнгөрч, Ардчилсан нам ч сэлэм эргүүлдэг партизан сэтгэлгээнээсээ ангижран төлөвшиж буурь суугаад буй. Дахиад Засгийн газруудаараа тогловол 2000 онд ямар дүн авснаа бас санаж байгаа.

Сар хүрэхгүй хугацааны дотор тангаргаа өргөх шинэ УИХ-аас байгуулах Засгийн газрын шинжээ өнөөдөр тодорхойгүй л байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих