Ялагдсан нэр дэвшигчид хүн зодож уураа гаргаж байна

УИХ-ын сонгуулийн нэр дэвшигч шиг сайхан сэтгэлтэй, тусархаг, өгөөмөр хүн байдаггүй гэхэд болно. Тэдний биеэ авч яваа байдал, инээмсэглэл дүүрэн зураг хөрөг нь бурханлиг төрхтэй. Шартсан залуугийн доторт хүртэл санаа зовдог тийм өр нимгэн хүмүүс байдаг юм. Энэ бол сонгуулийн өмнөх болоод үргэлжлэх явцын дүр төрх билээ. Харин сонгууль дууссаны дараа зарим нэг нэр дэвшигчдийн аймаар дүр төрх, араншин тод илэрдэг байх юм.

2012 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж ялагдсан Дашдоржийн Зоригт маш муухайгаар орилсон гэнэ. Зүгээр ч нэг орилоогүй ширээ сандал өшигчин хүн амьтан цочоон чарлажээ. Уг нь бол их л номын царайлсан нөхөр байдаг шүү дээ. Сонгуулийнх нь штабт ажилласан иргэд хэсэг зуур цочиж “Манай гишүүн Д.Зоригт уу, мангас араатан уу” гэхэд хүрсэн байгаа юм.

Нэр дэвшигчид өөрийн буруугаасаа болоод ялагдсан гэж бодох дургүй. Тийм учраас буруугаа гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, сонгогчдоос нэхнэ. Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Пүрэвдорж, Д.Батбаяр хоёр ялагдлаа бие биенээсээ эрж эр улс зодолдсон байгаа юм. Орон нутгаа сонгууль болохоор сангалзагч залуус аанай л буруугаа бусдаас эрж яваа сурагтай.

Мөн Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдсан Ц.Мөнх-Оргил сонгуулийн штаб дээрээ очиж туслахаа зодсон мэдээ тараад байна. Тэрээр сонгуулийн ялагдлаа хүлээж чадахгүй бусад руу үсчин элдвээр хашгичсан гэнэ. Түүний энэ үйлдлийн талаар МАН болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс “Ор үндэслэлгүй мэдээлэл” гэх мэдэгдэл хийгээд байгаа юм. Харвардад боловсрол эзэмшиж эрдэм номтой гэдгээ гайхуулах дуртай Ц.Мөнх-Оргил гудамжны архичин шиг хуурай агсам тавьсныг олон хүн гэрчилж байгаа аж. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Арвин ч гэсэн орилж чарласан сурагтай. Тэгэхдээ бүр хүний биед гэмтэл учруулж дайрсан байгаа юм.

Ялагдсан нэр дэвшигчид сонгуулийн штаб дээр ажилласан иргэдийн цалин хөлсийг өгөхгүй унжих нь энүүхэнд. МАН-ын нэр дэвшигчид “Ялагдсан хүнээс юу авах гэсэн юм бэ” гэх болжээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Д.Сумьяабазар тун ууртай байгаа гэнэ. МАН-аас НИТХ-д нэр дэвшсэн Д.Баярсайхан гэх эмэгтэй ялагдлаа сонгуулийн хэсгийн хороон даргад гаргаж харааж зүхжээ.

Сонгуулийн дараахь нэр дэвшигчдийн хамгийн тод жишээ бол Хөвсгөл аймгаас УИХ-д нэр дэвшсэн Л.Мөнхбаатар юм. Тэрээр өөрийн муугаас болж ялагдчихаад ялагдлаа телевизийн сурвалжлагч, оператор нараас нэхэж зодуулсан юм билээ. Үүнтэй адилхан олон нэр дэвшигчид ялагдсан уур цухлаа сонгуулийн штабт ажилласан иргэдэд тайлаад эхэлсэн байна.

Т.ЭРДЭНЭ

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих