7 сарын 1: Хар ба Цагаан өдөр

Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн. Бүхэл бүтэн нийгмийн шилжилтийг оготны хамраас ч цус гаргалгүйгээр тайван замаар хийж чадсан, тэрхүү амжилт нь дэлхийд үнэлэгддэг ардчилсан Монгол Улсын төр тэрхүү хар өдөр дөрвийн дөрвөн иргэнээ буудан хөнөөж, бас хэд хэдэн хүн үймээний хүчин зүйлээс шалтгаалан харамсалтайгаар амь насаа алдаж, олон зуун цагдаагийн албан хаагч эрүүл мэндээрээ хохирсон билээ.

Энэ бүхний шалтгаан нь сонгуулийн луйвар байлаа. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл ил цагаан гарч, улмаар сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад эрх баригчид ялалтаа тэмдэглэн тохуурхсан нь үндсэндээ “овоо босгоно” гээч болсон юм. Харин тэрхүү овоон дээр янз янзын шаазгай суусан нь тодорхой.

Дөрвөн жилийн өмнөх тэр хар өдөр тэр чигээрээ үлдэнэ. Дахин ийм алдаа гаргаж болохгүй шүү гэдгийг монголчуудад хэзээд сануулсаар байх болно. Иргэд энэ хэргийг шийдэгдсэн хэмээн ойлгож, тайвширч байгаа ч асуудал олон бий. Хэрэг дуусаагүй. Цагдаагийн хурандаа нар хариуцлага алдсаны улмаас хүний амь нас хохироход хүргэсэн гэх зүйлчлэлээр ял сонссон бол яг хүн буудаж алсан гэмтнийг одоо тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Шийдэх асуудал олон бий.

Дөрвөн жилийн дараа өнөөдөр тэрхүү хар өдөр тохиож байна. Гэхдээ өөр өнгөтэй, бүр тодорхой хэлбэл цагаан өнгөтэйгээр тохиож байна. Монголчууд мөн л урьдын адил төрийн эрх барих дээд байгууллагаа гуравхан хоногийн өмнө сонгосон. Дөрвөн жилийн өмнө сонгуулийн луйвар гэж юу байдгийг, луйвар нь ямар хар мөртэй байдгийг бодитоор мэдэрсэн учраас бид энэ удаад алдсангүй. Иргэд сонгогчид “Саналаа луйвардуулчихлаа” хэмээн жагссангүй. Бас зодуулж нүдүүлж, шоронд хоригдож, буудуулж байсны ул мөр огтхон ч алга.

Иргэд тайван байна. Сонголтондоо итгэл төгс байна. Сонгууль шударга болсонд баяртай байна. Тэдэнд ямар ч хар сэр алга. Тийм ч учраас 2012 оны долдугаар сарын 1-нийг “Цагаан өдөр” хэмээн онцолж байгаа юм. Энэ бол бидний том амжилт. Дэлхийн дахин ч монголчуудын энэ амжилтыг талархан сайшааж байна.
Ялагдал хүлээсэн намууд сонгуулийн саналыг дахин гар аргаар тоолох шаардлага тавьж буй нь жижиг асуудал. Учир нь энэ ажил ач холбогдолгүй, цаг хугацаа үрсэн хэрэг юм. Ялагдсан намуудын шаардлагыг хүлээж аваад гараар тооллоо ч сонгуулийн үр дүн өөрчлөгдөхгүй гэдгийг туршилтын тооллого нотолчихсон. Тиймээс сонгуулиас үүдэлтэйгээр нийгэмд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсэхгүй нь тодорхой болсон гэсэн үг.

Ийнхүү сонгуулиа маргаан будилаангүй шударга явуулж, иргэд, улс орныхоо эрх ашгийг хамгаалах чухал ажлын суурийг амжилттай тавьж чадсан энэ өдөр 2012 оны долдугаар сарын нэгэн Монголын түүхэнд цагаанаараа үлдэх болно.

Ч.Дашдэлэг Эх сурвалж: тайм.мн


URL:

Сэтгэгдэл бичих