Эх орончдын өдөрт – ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ

Үндэсний үзэл, үндсэрхэх үзэл, эх оронч үзлийн тухай сүүлийн үед сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр ихээхэн ярьж бичих боллоо. Үндэсний үзлийг ихээхэн дэвэргэвэл үндсэрхэх үзэл болдог. Монгол шиг нэгдмэл нэг \үхрийн бөөр шиг биш\ үндэстний хувьд үндэсний үзэл, эх оронч үзэл  хоёр бараг ижил ойлголт гэсэн санааг бас дэвшүүлсэн байна. Үүнийг түр орхин түүхээ нэг зурвасхан эргэж харъя.

Манжууд 1626-1627 оны үеэр Өвөр Монголын Харчин, Хорчин нарыг, 1634-1636 онд нийт Өвөр монголыг, 1691 онд Халхыг, 1723 оны үед Хөх нуурын монгочуудыг эрхшээлдээ оруулж, 1755 оны 3-р сард Зүүнгар  хаант улсад цэрэг оруулж, 1755 оны 7 сард байлдан эзлэв.  ХҮIII зууны дунд үе хүртэл тусгаар тогтнолоо хамгалж чадсан Баруун Монголчууд 1755 оны 9 сарын 24-ний өдөр нийтээр зэвсэглэн босож, Манжийн эсрэг  тэмцэл эхлэв. Энэхүү зэвсэгт тэмцлийг дарахаар Манжийн төр хоёр замын их цэрэг татаж ерөнхийлөн захирах жанжнаар Жалфунгааг,туслах жанжнаар Халхын Сайн ноён аймгийн Эфү Цэрэнг, зөвлөлийн сайдаар Юй Баог тавьжээ.

Тун удалгүй Амарсанаад хууртсан гэж зэмлэн Манжийн хаан Жалфунга, Цэрэн, Юй Бао нарыг огцруулж, оронд нь Жаохуй, Далданга, Фүдэг нарыг тус тус томилжээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар  цэргийн хамт боосож, манжийн цэргийг хэд хэдэн удаа сүрхий зохиж, жанжин Жаохуй үлдэгдэл цэргийн хамт зугтан 1757 оны 2 сард Үрүмч хотод хүрэлцэн очжээ. Яг энэ үеэр Амарсанаа нутагтаа Хасагаас буцаж иржээ.

Манжийн хаан энэ удаа хоёр замын их цэргийн жанжнаар Халхын Сайн ноён аймгийн туслах жанжин, манжийн хааны хүргэн, чин ван Цэнгүнжавыг томилж, Жаохуйг түүний туслахаар тавьжээ. Баруун Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цуслан дарахаар эфү Цэрэнгийн хүү Цэнгүнжаваар удирдуулсан их замын цэрэг хөдлөхөд түүний нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингүнжав дайны талбараас босож, цэргээ удирдан нутгийн зүг хөдөлгөхөд түүнтэй хамт Засагт хан Бальдир, Түшээт хан Ямпилдорж, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамран гүн нарын зэрэг ноёд  Манжийн албыг хаяж,тус тусын нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард түмний Манжийн эсрэг тусгаар тогтнолын төлөөх  зэвсэгт тэмцэл эхэлсэн юм.

1757 оны 6-р сарын 30- нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор нэгдсэн 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжаваар удирдуулсан 10000 гаруй цэрэгтэй хагас сарын турш тулалдан ялагдаж, цөөн хэсэг оросын зүг зугтан оджээ. 1755-1758 онд Манжийн ноёрхолын эсрэг гарсан ардын бослогыг Баруун монголд Амарсанаа, Халхад Шадар ван Чингүнжав нар удирдан манлайлж тэмцсэн бөгөөд Хочин ван Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, тэдэнтэй нягт холбоотой ажиллаж байжээ. Харийн түрэмгийллийн эсрэг ард олноо манлайлан тэмцсэн Амарсанаа\1718-1755\, Чингүнжав\1710-1755\ нарыг өнөөдөрч гэсэн үл мартан баатарлаг эх орончид гэж алдаршуулан “Хөшөө дурсгал”-ыг нь босгож үе дамжин алдар нэрийг нь мөнхжүүлсээр байна.

Манжийн дарлалын 200 жилийн талхилтыг таслан зогсоохын төлөө амь бие үл хайрлан тэмцэж 1911оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад идэвхийлэн оролцсон Чин ван Ханддорж\1869-1915\, Сайн ноён хан Намнансүрэн\1878-1919\, Да лам Цэрэнчимэд, Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг эх оронч үзэлтэн байсан хэмээн  Монголын түүхийн хуудаснаа алдаршуулан мөнхжүүлжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн амжилтанд хүрсэн гол шалтгааныг түүхчид Монголчууд бүгдээрээ ноёд түшмэл, лам хуврага ,харц ард, хамжлага гэлтгүй тусгаар тогтнолынхоо төлөө нэгдмэл нэг санаа бодолтой нэгдсэн удирдлагатай байсанд оршино гэж тэдэглэжээ.

Өдгөөгөөс 255 жилийн тэртээ Манжийн дарангуйлалын эсрэг тэмцсэн зэвсэгт бослого дарагдсан гол шалтгаан нь тухай үедээ Баруун Монголд хан, жанжин, зайран гэж нэрд гарч явсан  Даваач, Амарсанаа, Дондогманж, Галсандорж, Занаграба, Ням нарын зэрэг хүмүүс хүчээ нэгтгэн дайсантай тэмцсэнгүй, тэрч бүү хэл эрх мэдэл, хаан суудалд санаархан өөр хоорондоо тэмцэлдэн цус асгаруулж, дан ганц өөр өөрсдийн хүчээр тэмцэхээр шийдсэн, Халхын хан, ноёдууд Хүрээнд ирж чуулган нийлэхээр тохиролцсонч, Их хүрээ II Богдын хамт нэгэнт манжийн хатуу хяналтанд орсон Чин ван Цэнгүнжав манжийн талыг тууштай баримталж байсан зэргээс шалтгаалж нэг үгээр хэлэхэд босогчдыг нэгтгэн зангидах удирдлага,  эвнэгдэл  дутсанаас ялагдал хүлээжээ. Эх оронч үзэл, итгэл сэтгэл байвч нэгдсэн нэг удирдлага, эвнэгдэл байхгүй бол  амжилтанд хүрдэггүйг түүх бэлхнээ гэрчлэх ажгуу.

1921 оны Үндэсний Ардчилсан Хувьсгалын үйл хэргийн удирдан зохион байгуулж Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулж, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулахад ард олноо манлайлан оролцож, үнэтэй гавьяа байгуулсан жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн нарын зэрэг алдартнуудыг өнөөгийн хөгшин, хөвөө,  хүүхэд багачууд ч ялгалгүй эрэлхэг баатар эх оронч хүмүүс байсан хэмээн бахархан дурссаар байна.  1939 онд Японы түрэмгийлэлийн эсрэг эрэлхэгээр тэмцсэн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байлдаж байсан, эх орны баруун хилээр довтолсон Оспаны дээрэмчдийн эсрэг тулалдсан олон олон дайчин баатарлаг эрсийг эх орончид байсан хэмээн түүх шастир, утга зохиол, урлагт мөнхлөн үлдээснийг бид бүхэн сайн мэдэж байгаа.

Ингээд бодохоор Эх оронч үзэл, Эх оронч гэдэг үг ямагт улс үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай шууд холбогдож, тэрхүү үзэл амьдралд хэрэгжих эсэх нь ард олны  эвнэгдэл,түүнийг удирдан зохион байгуулах нэгдсэн удирдлага байгаа эсэхээс ихээхэн шалтгаалж байжээ. Дайн дажингүй тайван цагт эх оронч үзэл гэж чухам юуг ойлговол зохилтой билээ. Хөдөлмөрийн баатарууд, гавьяатууд,  урлаг соёлын зүтгэлтнүүд, спортын алдартнууд,ажил мэргэжилийн аваргуудыг Эх орныхоо хөгжил, цэцглэлтийн төлөө ихийг бүтээсэн хүмүүс гэж төр засагч, ард олонч магтан сайшааж алдаршуулж байдаг. Энэ утгаар нь авч үзвэл эдгээр хүмүүсийг энх цагийн  Эх орончид  гэж үзэж болох мэт. Эх оронч үзэл гэж ийм юм байдаг гэж норм норматив тогтоох биш харин эх оронч биш үзэл гэж юуг хэлэх вэ гэдэгийг ярилцвал арай дөт санагдана.

1945 онд АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж Аллен Даллсын хэсэн үгэнд “ Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртхууны суурь дэвсгэрийг устган, хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч ,гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн тэдгээрийг ялзруулан ,завхайруулах, замхруулах болно. Бид тэдгээрийг хувиа хичээгчид, биеэ тоогчид, садарлан самууруулагчид, эх оронч бус үзэлтэнгүүд болгон хувиргана” гэсэн байна. Мөн цааш нь “Утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажмаар зайлуулаж уран бүтээлчдийг төсөөрүүлэх, тэдгээрийг ард олны дунд гарч байгаа үйл явдлыг шинжилж үздэг, дүрслэн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй. Утга зохиол, таетр,  кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрсэлдэг, өргөмжилдөг байх болно.Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртхуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг “урлан бүтээгчид” хэмээгчдийг бүх талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй” гэжээ.

Мөн цааш нь”.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд ч хэрэггүй болж өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна. Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусын айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт, энэ бүхнийг бид чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулан зүсэн зүйлээр дэлгэрүүлэх болно” гэсэн байна.

Дээрх бодлогыг тунгаан үзвээс Монголчууд бид хүүхэд багачуудаа эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлэхийн тулд “юуг сурахад биш, харин юунд эс сургах”-ыг эхлээд бодвол зохилтой мэт. Өөрөөр хэлбэл эх оронч болгохын тулд бүр багаасаа  юуг цээрлэвэл зохилтойг ухааруулахаас эхлэх ёстой гэж бодогдоно. Эцэг өвгөдийн маань үе уламжлан сургаж ирсэн зан заншил, ёс суртахууны хүмүүжил үр хүүхдүүд бидэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хангалттай л байсан гэж би хувьдаа бодож явдаг.

Үндэстэн гэдэгийг 1966 онд хэвлэгдсэн Х.Цэвэл гуйн тайлбар толинд “…хэсэг бүлэг хүмүүсийн хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл санааны агууллага чанараараа нэгийн улмаас түүхийн ёсоор бий болсон батжилтай нэгдэл, нийлэл…” гэсэн бол 2006 онд хэвлэгдсэн н.Дамбажав нарын тайлбар толинд “…нийтийн нэг хэл, соёл, газар нутагтай түүхийн урт удаан хугацааны явцад бүрэлдэн тогтсон ястнуудын нэгдэл” гэсэн байна. Эх ороноч үзэл гэдэгийг “ Эх орон ард түмэндээ хайртай бөгөөд түүний төлөө амь бие үл хайрлан тэмцэх” гэсэн байна. Хүннүгээс эхлэн тооцвол 2220 жил, Хамаг Монгол улсаас эхлэн тооцвол 910 жил,  эзэн Чингисийн байгуулсан Их Монгол улсаас эхлэн тооцвол 805 жилийн тэртээгээс Монголчууд бид бүхэл бүтэн үндэстэн болон  бүрэлдэн тогтнож өнөөдрийг хүрчээ.

Бие хүний дархлаа алдагдвал “ДОХ” тусаж, алтан дэлхий дээр амьд явах хоногийн тоо жил сараар биш, өдөр хоногоор тооцогддог гэж анагаах ухаан нотолж байгаа. Харин үндэстний дархлаа алдагдаж, харийн соёлд уусаж, сөнөж мөхдөг гэж түүх бэлхнээ гэрчилж байгаа. Үндэстнийг дархалдаг гагнаас нь нэг хэл, соёл, газар нутаг, зан заншил гэж эрдэмтэн мэргэд сургадаг. Олон зууны турш нэгдмэл нэг үндэстэн байлгасан гагнаас маань хир бат бөх байгаа билээ. Гэтэл газар нутгийн бүрэн бүтэн байдал маань өдөр хоногоор алдагдсаар байгаа бус уу? Монгол хүний гени, үндэсний хэл бичиг, соёл, зан заншилаа бид чинь хэрхэн хадгалж, бэхжүүлж байгаа билээ. Хувь хувиа хичээж, довоо шарлуулж, хар амиа бодсоор явтал нэг л өдөр Манжийн дарлалд орсон шиг харийн хэл, соёл, зан заншилд идэгдэн Монгол үндэстэн мөхөх ч юм бил үү?  Нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин нутаг дээр заавал Монгол хүн байх албагүй гээд зарим нь улаан цайм бичээд сурталчлаад байх болжээ. Байгаль орчноо хамгаалъя, түүнтэйгээ зохицож амьдаръя, үндэснийхээ бичгийг сэргээн хэрэлэе, соёлын өвөө хамгаалъя, жихэнэ эзэн нь болъё,үндэснийхээ хувцасаар гангарья, үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжье, тэр хөжлийн банкны босс нь таван толгой кампаны захирал нь яагаад монгол хүн байж болдоггүй юм бэ?гээд байгаа чинь эх оронч үзлийн эхлэл санаачлага биш  юм гэжүү!

Энэ бүхнийг зангидаад залаад өгдөг төрийн хар хайрцагны бодлого л дутаад  байна уу даа.” Бид түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой. Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ” гэж Аллен Далссын хэлсэн үгээр энэхүү нийтлэлэ өндөрлөе.Эх оронч үзэлгүйгээр Эх орноо хамгаална гэж бах уу?.

М.Далайхүү


URL:

Сэтгэгдэл бичих