МАН, МАХН тэврэлдсэн учир
МАН, МАХН-ын удирдлагууд тэврэлдэх шахам хамтдаа мэдэгдэл хийсэн нэг тийм сонин үзэгдлийг өчигдөр харлаа. Өмнө нь МАН тэр тэнгэрт, бусад нь доороос нь татах гэж зүтгэдэг байв. Гэтэл АН сонгуульд олон суудал авах сургаар МАН “бусад” гэсэн категорит ордог намуудтай нэгдэн “Бид…” хэмээн ярих нь чихэнд нэг л наалдаж өгөхгүй байсан. МАН бол төрийн эрхийг олон жил атгасан нам, тиймээс ч эрх мэдэл нь суларна гэдэг хүнд.
МАН-ын олон мянган дэмжигчид энэ сонгуулийг булхайтай болсон гэж баримт дэлгэн нотолсоор байгаа. Саналын хуудсыг авч зугатаасан, саналын машин гацсан, саналын дүн үнэмшмээргүй өөр гарсан гээд дахин гараар тоолохыг шаардаж байна. Намууд нэгдэн эвсэх нь энгийн л үзэгдэл. Нэг үйл явдалд байр суурьд нэгдэх нь байдаг л зүйл. Гэхдээ энэ удаа хонь чоно шиг байсан МАН, МАХН хамтарч байгаа нь нэг л содон байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэргээр оймстой нь баривчилж, Н.Энхбаяр үүнд МАН-ыг буруутгаж байсан цаг саяхан. Бүр тун саяхан билээ. Нэг нам МАН, МАХН болж хуваагдаад хэрхэн чулуу шидэлцэж байсныг олон хүн мартаагүй. Харин одоо бол голын нэг эрэг дээр гарчихаад байна.
Арав орчим намууд нэгдсэн өчигдрийн хэвлэлийн хуралд МАН, МАХН-ын “толгой”-нууд ирсэнгүй. Ирэх ч үндэсгүй юм. Учир нь тэдэнд ичих нүүр бас үлдсэн бололтой. Хэрэв Н.Энхбаяр ирээд “Сонгууль булхайтай боллоо” гэж мэдэгдсэн бол хэчнээн хүний цөс нь хөөрөх байсан бол. Харин тэрбээр хөшигний цаанаас удирдаж, Ч.Улаан урдаас нь гүйсээр. Сонгууль булхайтай боллоо гэдэг үг сонгууль болгоны араас ёс юм шиг дагадаг нь хууль. Ямар сайндаа Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Төмөр гэх эрхэм СЕХ-нд ирж “миний саналыг луйвардлаа” гэж хуурай агсам тавьж байхав. Г.Уянга, Г.Баярсайхан, Д.Зоригт, Д.Очирбат гэсэн луухгаруудтай өрсөлдсөн түүний саналыг луйвардсан эсвэл луйвардаагүй эсэхт хэн ч анхаарал тавьсангүй. Яагаад гэвэл түүнтэй эвсэж орилоод ашиг гарахгүй гэдгийг мэдэх хүн, нам олон.
МАН, МАХН-ыг хонь ба чоно гэж төсөөлсөөр ирсэн иргэд гайхах нь гайхаж байна. “Ийм цаг бас ирдэг ээ” гэж. Ийм цаг ирэв. Учир нь “Мөнхийн дайсан гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэгч нь үнэн юм.
Б.Баяр
24tsag
URL: