Архи уусан эрсийг цаазаар авна
Ираны зүүн хэсэгт орших Хорасан мужийн шүүх нутгийн хоёр иргэнийг цаазаар авах шийдвэр гаргажээ. Эдгээр сайн эрс согтууруулах ундааг нэг бус удаа ууж байгаад илчлэгдсэн аж. Тодорхой болсноор бол тэд гурван ч удаа ууж согтуурхсан байна. Эхний хоёр тохиолдолд тэр хоёр тус бүр нь 80 удаа саваадуулсан бол энэ удаа цаазаар авахуулах ял сонсчээ. Шийтгэгдсэн хүмүүсийн нэрийг зарласангүй. Шүүхийн энэхүү шийдвэрийг Иран улсын Дээд шүүх соёрхон үлдээвэл ялыг тэр даруй гүйцэлдүүлэх аж.
Лалын шашинт Иран улсад архи, согтууруулах ундааг худалдаалах, түүнийг хэрэглэхийг хатуу хориглодог билээ. Гэхдээ энэ ундааг хар зах дээрээс авч болох юм. Согтууруулах ундаа ууж, хэрэглэсэн хүмүүст ялын дээд хэмжээ өгч байсан тохиолдол тун ховор аж. Голчлон торгох юм уу саваадаж, аль эсвэл шоронд хорьдог байна. Харин цаазаар авах ялыг удаа дараа ууж согтуурхан нийгмийн хэв журам алдагдуулсан хүмүүст оноодог билээ. Иран улсад хүн амины хэрэг, хүчин, зэвсэгт дээрэм, их хэмжээний хар тамхи хадгалах юм уу тээвэрлэх хэргүүдэд цаазаар авах ял өгдөг юм.
www.wikimon.mn
URL: