Автомат машин асуудалтай байна
Сонгуулийн санал хураалт өчигдөр болж өндөрлөсөн ч өнөөг хүртэл СЕХ урьдчилсан байдлаар нэгдсэн мэдээллээ гаргаагүй байна. “Сонгуулийн урьдчилсан дүн энэ сарын 29-ний үүрээр гарна. Өөрөөр хэлбэл санал тоолох машин хүнээс хэд дахин хурдан ажиллахын зэрэгцээ ямар нэгэн будлиан орох боломжгүй” хэмээн СЕХ мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр 29-ний өдрийн үд дунд болж байхад сонгуулийн урьдчилсан дүн хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр. Энэ жилийн сонгуулийн дүнг автомат машинаар тоолж байгаа. Машинаар тоолсон саналын зөрүү хорь, гуч, тав, зуу зарим дүүрэгт хэдэн зуугаараа гарч ирж байна. Тиймээс МАН, МАХН-МҮАН-ын эвсэл, ИЗНН-ын зүгээс саналын хуудсыг дахин гараар тоолуулахаар санал гаргаад байгаа юм. Үүнийг хяналтын тооллого гэж нэрлэж байгаа. Гараар тоолох үед машинаар тоолсноос тэс өөр тоо гарч байгаа нь хачирхалтай.
Өмнө нь автомат машинаар тоолоход дөрвөн саналын хуудсын зөрүүтэй байсан бол гараар тоолоход 100 гаруй саналын зөрүүтэй гарсан гэх мэдээлэл ч байгаа юм. Сонгуулиа шударга явуулъя гэвэл намууд бие биенийхээ саналыг хүлээн авч будлиантай байгаа тойрог хэсгийн хороодын саналын хуудсыг гар аргаар дахин тоолоход асуудалгүй л баймаар. Хар өдөр хэмээгддэг “Долдугаар сарын 1”-ний хэрэг ч тухайн үед АН-н дарга байсан Ц.Элбэгдоржийн саналыг С.Баяр хүлээж аваагүйгээс улбаатай гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Энэ машин үнэхээр үнэн ажиллаж байна уу гэдэг эргэлзээ төрүүлэх болов. Нэг бүр нь 3200 ам долларын үнэ бүхий санал тоолох машин өмнө нь АНУ-ын Флорида мужид болсон орон нутгийн сонгуульд ашигласан машины програмд алдаа гарч сонгуулийн дүн будлиантсан тухай мэдээлэл АНУ-ын сайтууд болон хэвлэл мэдээллээр цацагдсан удаатай. Юутай ч сонгуулийн автомат машин сааталтай гэдэг нь тодорхой байна.
Г.Энхтуяа
URL: