Машинд мад тавиулсан нь
Ардчилсан намынхан өчигдөр орой “Бид яллаа” гэж мэдэгдэв. Харин дараа нь МАН-ынхан “Бид бас ялчихлаа” гэв. Сонгогчид эргэлзэв. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан намынхан мөн л “Бид УИХ-д олонхи боллоо” хэмээн намынхаа байрны гадаа party зохион байгуулж байсан. Харин дараа нь тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “Ялалт биднийх шүү” хэмээн оргилуун дарс буудуулж байв.
Гэвч дараа нь юу боллоо. Тийм ээ, долдугаар сарын 1-ний үймээн болсон. Таван хүн амиа алдсан. Харин одоо… Америкийн E-технологи Монголын сонгуулийг будилаантуулав. Улсын төсвөөс 24 тэрбум төгрөг зарцуулан байж авсан санал тоолох автомат машин сонгуулийн эцсийн дүнг гаргахад саад болов. Ардчилсан намынхан ялалтын баяраа тэмдэглэж, МАН-ынхан бусад намын төлөөллүүдтэй хамт СЕХ-д очиж зарга хийлээ. “Х” үсэгнээс болж хоёр хуваагдсан МАН, МАХН-ынхан ийнхүү санал тоолох автомат машины эсрэг нэгдэх нь тэр.
ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл “E-технологи Е-булхай болов” хэмээн twitter-тээ бичжээ. Үнэхээр ч төсвийн 24 тэрбум төгрөгөөр төрийн сонгууль хямарлаа. Энэ бол банкрот. Баянзүрх дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны дарга санал тоолох машины чипийг авч зугтаж яваад цагдаад баригдав.
Гурван мандаттай Сонгинохайрхан дүүргийн 40, 41 дүгээр хэсгийн хороонд зөрчил гарч, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар автомат тооллогоор дөрвөн саналаар дутуу явсан ч гар аргаар хийсэн хяналтын тооллогын явцаар 120 хүний саналаар өрсөлдөгчөөсөө илүү гарч санал тоолох явцад зөрчил гарсан нь илэрсэн. СЕХ 1900 хүнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгосон.
Гэрчилгээ авсан мэдээллийн даамал хэсгийн хороо бүхэнд ажиллах үүрэгтэй. Гэвч өчигдөр тэр их өндөр хариуцлага хүлээсэн мэдээллийн даамал өөрөө сонгогчдоор ажлаа заалгах нь тэр. Санал хураалтын үеэр автомат машинууд гацсан тохиолдол ч бий. Энэ мэтчилэн нүүр улайж, инээд хүрмээр үйл явдлууд өрнөлөө. Монголын сонгуулийг гадны ажиглагч, сурвалжлагчид анхааралдаа авсан нь үнэхээр сайхан хэрэг гэж хөөрч байсныг нь яана.
Америкаас онгоцоор “урьж” авчирсан санал тоолох автомат машинууд Монголын сонгуулийг будилаантуулах юу ч биш. Энэ машин нутагтаа Ерөнхийлөгчийн сонгуулийг гацааж, үүнээс болж сонгуулийн дүн гаргахгүй 10 хонож байсан тохиолдол гарч байжээ.
Машинаас болж улс орон сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж, Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь улсынх нь ерөнхийлөгч болсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л мэдсэн байна. Санал тоолох машин 300 хүн санал өгснийг 4.0 сая хүн өгсөн гэж дүгнэсэн тохиолдол ч гарсан байна. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур энэ машинд монголчууд мад тавиулчихлаа. Одоо энэ машины учрыг нь олж хужрыг нь тунгаахаас өөр яая гэхэв.
У.САРАНГЭРЭЛ
http://www.info.mn/news/8363/%D0%9C%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD%D0%B4-%D0%BC%D0%B0%D0%B4-%D1%82%D0%B0%D0%B2%D0%B8%D1%83%D0%BB%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BD%D1%8C.htm
URL: