Тэдэнд эргэж санах дурсамж үлдээе
Зун болоод ч тэр үү бяцхан жаалууд тоглож, шуугих нь элбэгшжээ. Миний гулсуураар гулгаж, савлуур дээр тоглодог нас хэдийн өнгөрсөн байна. Ганц төрсөн дүү маань ч өнөөдөр төгсөх ангийн сурагч болчихсон. Хоёулаа өдөржин гадаа тоглож халтарддаг явдал түүх болж. Тиймдээ ч тэр үү хүүхдийн талбайг анзааралгүй уджээ. Сар гарангийн өмнө хөөрхөн бяцхан дүү нартайгаа ойр байх болж тоглоомын талбайд очих, түүнийг анзаарах сэхээтэй боллоо. Айлын хүүхдүүдийг харж өхөөрддөг байсан ч гурван охин дүүгээ хараад хүүхэд гэж тийм их аз жаргал байдгийг мэдрэх болов.
Ажлаас гараад алхаж явахдаа, гэрийн гадаа салхилах бүртээ хүүхдүүд хүүхэд шиг байж чадахгүй байгааг анзаарлаа. Аав минь хүүхэд шиг байгаарай гэж загнаад байдгийн учир ийм байж. Цэцэрлэгийн хашаанд гурван хүү тоглож байлаа. Гэнэт согтуу хөлчүү хүн агсамнав уу гэлтэй нэг нь орилж “чи шоронд орно, ёооооооооё чи муу” гэж ирээд хашгирахыг харлаа. Нөгөө нь гартаа чулуу барьчихсан шидэх гэж уурыг нь хүргэсэн юм уу, мэдэхгүй.
Тоглох талбай, гэрийнхээ ойр цэцэрлэггүй хүүхдүүд машин зам дээр хөөцөлдөн гүйнэ. Хүүхдүүдэд тоглох талбай алга. Огт байхгүй биш ч байхгүй тал нь жин дарж байна.
Саяхан дүүгийн маань төрсөн өдөр болоод гадаа сэрүүн байсан тул үндэсний соёл амралтын хүрээлэн оролгүй тоглоомын төв хайлаа. Сая гаран хүн амтай хотод маань 4-5 тоглоомын төв байдаг юм байна. Илүү байж болох ч миний интернетээр хайгаад олсон тоо энэ. ҮСАХ орно гэсэн ч сонин л доо. Нэг орсон бол дахин орж тоглоод байх сайхан юм ч үгүй. Намайг дунд ангид байхад ҮСАХ хаасан юм даг. Нэг удаа мэдээ үзээд намайг насанд хүрэх үед Disney Land –тэй дүйцэхүйц сайхан болох тухай сонсож билээ. Гэхдээ намайг МУ-н хуулийн дагуу 18 нас хүрэх үед шинэ ҮСАХ нээгдээ ч үгүй байлаа. Disney Land-тэй болно гэсэн миний мөрөөдөл хуучин талбайнхаа гуравны нэгд ч хүрэх үү үгүй юу газартай болсон үнэнтэй нүүр тулан сэтгэл гонсойлгосон.
Зурагтын хөтөлбөрүүд ч хүүхдэд зориулсан хөтөлбөрийг маш бага хэмжээтэйгээр цацдаг болсон. ТВ хөтөлбөр нь хэвлэгдсэн сувгаар тооцон, түүн дээр хоёр дугаар сувгийг нь нэмвэл нийлээд гуч гаран монгол суваг байх шиг байна. Дүү нар Sponge Bob үзэх гэсэн эгч муухай хүүхэлдэй гээд сольж байна. Би ч өмнө нь юу, юуг яаж ярьж хэлж, ямар үйлдэл гаргаж байгааг анзаардаггүй байж. Тоотой гарч буй хэд нь зодоон цохион, буу сэлэм барьсан хүүхэлдэй анимэ байх юм. Ийм юмнаас хүүхэд юу олж авах вэ дээ.
Мөн хүүхдүүдийн хоорондоо ярьж буй яриа, сэдвийг сонсоход тун эмзэглэмээр санагдсан. Энэ бүхэнд төр засаг, эцэг эхчүүд аль аль нь буруутай. Яагаад өөрөөсөө хичнээн саяын үнэтэй машин техник харамладаггүй мөртлөө үр хүүхдээсээ тоглоомын тайлбайг нь булааж харамлаад байдаг юм бэ? Яагаад хүүхдийнхээ хажууд хараал, элдэв завхай үг хэлэхгүй байж болдоггүй юм бэ? Хүүхэд эцэг эхийнхээ толь байдаг гэж тун ч үнэн үг шүү.
Тун удахгүй сонгууль боллоо. Гэрт ирсэн сурталчилгаа бүрийг харлаа. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө, тэдэнд чиглэсэн мөрийн хөтөлбөр хуруу дарам цөөн байна. Гэнэт л насанд хүрсэн чигээрээ төрсөн мэт яагаад хүүхдүүдийг хайрлаж, энэрэхгүй байгаа юм бэ?
Эцэст нь хэлэхэд би “Ну погоди, том жэрри, үнсгэлжин, цасан гоо” үзэж, өнөөдрийнхөөс гурав дахин том талбайтай паркд хүүхдийн баяраар жаргалтай нь аргагүй тойрч өссөн . Баавгайн чих тоглоод өвдөг тохойгоо шалба урдаг байсан ч бидэнд эргээд дурсах дурсамж бий. Наранд халсан гулгууранд гуяа улайтал хайрсан ч бидэнд хүүхэд насаа санах дурсамж бий. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан гэрлүүдээс битгий дурсамжийг нь булаагаач гэж гуйя!
http://orloo.info/readfull/life/9776-tedend-ergej-sanah-dursamj-uldeey
URL: