Батгүй Ж.Батсуурь
УИХ гэдэг хэн бүхний дураараа орох гэж тэмүүлдэг газар болчихжээ. Хөрөнгө мөнгөтэй, хор хутгагчид ч тэмүүлэх газар болов. Төрөлх нутгаа хөгжүүлэх гэж найман жил хувийн бизнесээ цэцэглүүлээд, Авлигатай тэмцэх газарт хэд хэд дуудагдан, тэвдэж явсан Ж.Батсуурь гэдэг овсгоотой эр адаг сүүлд нь журмын нөхдөө хулхидан байж УИХ-ын гишүүнээр сонсогдож чадсаныг Дорноговийн амтай бүхэн нь шагширч залбирдаг болсон гэнэ. Ж.Батсуурь ч төрийн түшээгээр сонгогдсон дөрвөн жилд ангийн хамт олон болон намдаа чухам хэн бэ? гэдэг тар нь танигдсанаас сонгуульд нэрийг нь дэвшүүлэх байтугай нутаг дээр үлдсэн шавар зуух мэт хоцорсон юм.
Гэтэл ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж Ц.Анандбазар гэж түүний хамсаатан баймаар нэгэн эр гарч ирээд өмнүүр нь хөндөлдөж байснаа толгой дээгүүрээ дээлээ нөмөрснөөр Ж.Батсуурийн дахин нар нь гийв. Гэвч энэ нар үдийн нар уу, үүлэн чөлөөний нар уу гэдэг нь бас мэдэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэрбээр бас л урьдын дархан мэхээ хийж адилхан “жороо” нөхрөө авлигад өгсөн гээд яригдаж эхэллээ. ц.Анандбазар нь шоронд орж, түүнийг “Энхбаярдаж” эхлээд байна. Үеийн үед улс төрд нэр цэвэр явсан Дорноговийнхныг ингэж Ц.Анандбазар, Ж.Батсуурь хэмээх хоёр овлигогүй наймаачид гутааснаар түүхэнд үлдэх болж байгаа юм. Ийнхүү 2008 онд аймгийн намын Бага хурал дээр Л.Одончимэд, Ц.Шаравдорж нарыг хулхидаж гарч ирээд, сонгуулийн хороонд журмын нөхөр Д.Туяагаа гүтгэн бичиж, дөрөв, таван цагийн туршид санал өгөлтийг нь зогсоолгон байж 47-хон саналын илүүгээр “луйвардаж” байв.
Ж.Батсуурь гэгч МАН-аас Дорноговь-Говьсүмбэрийн тойрогт өдгөө өрсөлдөж байна. Бүхнийг аргалах дадлага туршлагатай Ж.Батсуурь энэ удаад “үнэг залиараа гайхуулна, хавханд ороход үнэгийг үнэн ялна” гэдгийн тодхон жишээ болох янзтай. Ядаж байхад өөрийнх нь тэжээж өсгөсөн намын нөхөд нэртэй хэдэн залуус нь цөм Ц.Анандбазарын мөнгөнд урхидуулж, түүнээс урвасан гэнэ. Настангуудын нэлээд нь Н.Энхбаярын намыг дэмжээд холдчихсон. Орон нутгийн сонгууль ялагдсанаас сумдад МАН гэх юм бараг үгүй болчихсон байдаг. Говьсүмбэрт байдал бүр хүнд. Намын дарга, журмын нөхөр Баянмөнх нь шоронд суучихсан. Гишүүд, нэртэй хэд нь бас л Ц.Анандбазарын мөнгөнд дэгээдүүлчихсэн. Одоо сэтгэл нь хоёрдож, яахаа мэдэхээ больсон байдалтай. Олон нийтийн санал асуулгад Ж.Батсуурийн нэр байнд ч үгүй, банзанд ч үгүй болсон аж. Нам нь гэж иймэрхүү янзтай. Ядахдаа Ж.Батсуурь дуугүй байж чадахгүй Говьсүмбэр аймгийг дандаа манай аймгийн сум, эргүүлж нийлүүлэх ёстой гэж яриад дургүйг нь хүргэчихсэн байдаг. Гэтэл анд Ц.Анандбазар нь шоронгоос шордоод мань хүний булхайг илчилж эхлээд байдаг. Тохиолдол гэдэг таах аргагүй.
Ер нь 2008 онд Дорноговиос Ж.Батсуурь, Я.Батсуурь гэж ижил нэртэй хоёр хүн сонгогдсон байдаг. Батсуурь гэдэг баттай, суурьтай байхын бэлгэдэл болсон нэр. Дорноговийнхон хоёр түшээгээ “Баттай Суурь”, “Батгүй Суурь” гэж ялгадаг гэсэн. Баттай Суурь нь Я.Батсуурь гэнэ. Батгүй Суурь нь Ж.Батсуурь юм байна. “Я” нь дөрвөлжин суурьтай, “Ж” нь өндгөн суурьтай гэсэн үг. Гишүүд өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо хийсэн ажлынхаа тухай сэтгүүл гаргажээ. Гэтэл Ж.Батсуурь нь сонгуульт хугацаанд нь Дорноговьд хуваарилагдсан төсвийн хөрөнгө оруулалт болон хоёр гишүүний хуваарьт мөнгөөр гүйцэтгэсэн бүх ажлыг өөрийнхөө нэр дээр болгочихсон байх. Энэ бол Батгүй Суурь гэж нэр авсны нэг нотолгоо. Баттай Суурь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, уул уурхайн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх, орон сууцны талбайн үнийг хямдруулах, авлига, хээл хахуулийн уурхай болсон “Эрдэнэт”, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ зэрэг газруудыг Олон Улсын аудитийн газраар шалгуулах, малчдын амьжиргааг дээш татахад чиглэсэн олон чухал хууль санаачилсан байдаг. Баттай Суурь угаасаа нэр хүндтэй, малчин гаралтай, ард сэтгэлгээтэй, хар ухаанаар түлхүү гэдэг нь харагддаг. Морь уяна, шагай харвана. Хээгүй бас хийгүй. Дорноговийнхон Баттай Суурьтаа ам сайтай байгаа гэнэ. Батгүй Суурийн санаачлан, батлуулсан хууль гэж байдаггүйтэй адил гэнэ.
Хааяа телевизээр үг хэлэх нь яг л хүүхэд шиг юм ярьж харагддаг. Түүнтэй нийлж хууль санаачлах, ажлын хэсэгт орох хүн олддоггүй нь ч үүнтэй холбоотой аж. Батгүй Суурийн нэр нь энэ дөрвөн жилд байнгын хороо, сайдын зиндаанд нэг ч удаа яригдсангүй. Суудал муутай, сул гишүүн явсаар өнгөрсөн байдаг. Харин аймгийн дарга байхдаа бол хийсэн гэх ажил бий. Гэхдээ цөм цаанаа өөрийнх нь амин хувийн ашиг шингэсэн байдаг гэнэ. “Ус орчин” гэж худаг гаргадаг компанитай. Ус орчны бөх гэдэг харцага А.Цацавшир нь “намайг сонгуульдаа хэрэглээд хаясан” гэж гомдож явдаг гэнэ.
Дорноговьд очсон худгийн тендерийг “Ус орчин” компани нь авна. Аваад богино яндант биш “богино наст” хуурай худаг гаргана. Засвар хийсэн ч адил. Ж.Батсуурийн худаг нэртэй хуурай худаг хаа сайгүй гэж нутгийнхан ярина. Мэргэжлийн ганц усны аж ахуйгаа Ж.Батсуурь байнга дарамталдаг гэж нутгийнхан гомдоллоно. Бас барилгын компанитай. Дарханы Д.Хаянхярваа хоёулаа тендерийг өөрсдөдөө аваад барилгачдаа зөрүүлж, зөрүүлж ажиллаад байсан нь илэрсэн. Хуучин байшин буулгаж, шинэ байшин барих ШБОС-ыг Батгүй Суурь гаргасан гэдэг. Нэгдсэн эмнэлгийг төрөх тасаггүй болгож, сууц барьсан, хугацаа нь болоогүй цэвэр усны 17 км хоолойг солих бизнес хийсэн. “Саран Хөхөө” театрын шинэ барилгыг өргөтгөл болгон өөрчлөөд, огт барилга барьж үзээгүй компанид өгч халтуур хийсэн гээд Батгүй Суурийн балгийг тоочоод баршгүй. Аж үйлдвэрийн парк байгуулагдаж хүн ам өсч эхэллээ. Одоо төрөх тасаг байхгүй, яана гэж Дорноговийнхон ярьж сууна. Тэрээр “хулхи” хочтой, түүний бариулсан гэх Хүүхдийн ордон нь цахилгаан, монтажийг нь хулхи хийлгэснээс болж шатаж, асар их хохирол гарсныг хэн ч төлөөгүй гэдэг. Батгүй Суурь явсан газар балагтай гэж Дорноговийнхон ярих болжээ. Говийнхон хүн сайтай болохоороо шүд зууж найман жил тэвчээд, Их хуралд явуулж, шилийг нь харж хоёр яс хагацсан гэж ярьцгаах юм билээ. Аймгийн намынх нь залуус яагаад тийм амархан түүнээс нүүр буруулав.
Намын бага хурал дээр ангийн нөхөд нь заалнаас нэр дэвшихэд нь яагаад дэмжсэнгүй вэ. Нам нь яагаад түүнийг төр болоод намд нэг ч хоног ажиллаагүй улсдаа нэртэй луйварчин гэгддэг Анандаас дорд үзэв. Найман жил ажилласан аймгаасаа яагаад санал авч чадахгүй, Д.Туяаг луйвардахад хүрэв. Та ер нь Ж.Батсуурь гэдэг хүнийг магтаж байгаа хүнтэй дайралдсан уу. Бүхнийг аргалж, өөрийгөө Шинжлэх ухааны доктор гэж хүртэл /Ph.D байж магадгүй/ худлаа ярьж ирсэн Ж.Батсуурийн тухай өнгөцхөн бичвэл иймэрхүү дүр зураг тодорно. Унасан хүнийг битгий өшиглө! гэдэг. Архи дарс, авлига өглөг, газрын наймаа, авгай хүүхэн гээд үүнээс ч илүү баримт сэлт байдаг. Намын ой хийж байна гэж архидалт зохион байгуулснаас Айраг сумын намын хороон дарга нь согтуугаар машинтай явж онхолдоод, нас барсан гээд факт олон. Тэр бүхнийг бичнэ гэвэл бал, цаас их орно. Аргалж болдоггүй юм гэж бас байдгийг Ж.Батсуурь удахгүй ойлгох биз ээ. МАН-ын удирдлагууд ч мөнгөтэй хүмүүсийг бурханчлан шүтэж ирснийхээ горыг амсаж Дорноговийг бүхэлд нь цэнхэртүүлэх замдаа шулуудав бололтой.Баттай Суурь нь эргээд Парламентад залрах нь бараг тодорхой харагдаж байна. Харин Парламентын “хулхи” эрчүүд нэгээр цөөрөх нь ашгүй дээ.
Т.АМУР
Olloo.mn
URL: