Онлайн сэтгүүлзүй
Интернэтээр тарааж буй нийтэд зориулсан мэдээ, мэдээллийг Онлайн сэтгүүлзүй гэнэ. Интернетэд суурилсан бүх төрлийн вебсайт, блог, сонин сэтгүүлийн онлайн хувилбарууд, онлайн радио, подкаст, емайл гээд интернэт ашиглаж мэдээлэл түгээх болон хүлээж авах бүх хэлбэрийг онлайн сэтгүүлзүй гэж нэрлэж болно.
Интернет өөрөө мэдээллийн эрх чөлөөнд хувьсгал хийсэн болохоор мэдээлэл олж авах, нийтэд түгээх өнөө үеийн хамгийн хүчирхэг зэвсэг нь болсон.
2008 оноос америкчуудын мэдээлэл авах гол эх сурвалж нь сонин, эсвэл телевиз биш мэдээллийн харин сайтууд болжээ. Тэд мэдээллийнхээ 56 хувийг сайтуудаас авдаг болжээ.
Хялбар, хурдан, асар их мэдээлэл агуулдаг интернетийн давуу талд татагдах уншигчдын тоо өргөжих тусам тэдэнд зориулсан төрөл бүрийн шинэ вэбсайт нэмэгдэж, онлайн ертөнц рүү цутгах хөрөнгө оруулалт ч өсөж байна.
Тэр бүү хэл, онлайн сэтгүүлзүйн дараагийн үе, хоёр дахь хувьсгал гэж хэлж болохоор Мобайл сэтгүүлзүй хөгжих нөхцөл бүрэлджээ.
Ихэнх мэдээллийн байгууллагууд үйлдвэрлэсэн мэдээллийн бүтээгдэхүүнээ улам өргөн хүрээнд цацахын тулд онлайн хувилбарт оруулж байна. Яагаад гэвэл интернет уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх давуу талуудыг өөртөө агуулдаг. Онлайн мэдээллийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэгч гол цусан хангамж нь уламжлалт мэдээллийн хэрэгслийнх шиг зар сурталчилгаа юм.
Сонинууд зар сурталчилгааныхаа орлогыг вебсайтуудад алдаж байгаагийнхаа хэрээр телевизүүд үзэгчдээ сайтуудад, веб хуудсуудад алдаж байна.
Гэхдээ интернет нь хэвлэлийн болон өргөн нэвтрүүлгийн компаниудын дайсан биш. Бүтээлчээр ашиглаж чадвал мэдээллийн бүтээгдэхүүнээ хамаагүй өргөн цар хүрээнд хүргэж чадах хүчирхэг зэвсэг юм.
Интернет хүн бүрийн мэдээллийн эрх чөлөөг тунхаглаж чадна. Хэн нэгэн заавал телевиз, радио юм уу сонинд хандаж мэдээллээ олон нийтэд хүргэх шаардлагагүй боллоо. Блог, вебхуудас нээгээд л хүссэн зүйлээ бичиж, холбоосыг нь чаатаар тараагаад нийтийн хүртээл болгож болно.
Онлайн сэтгүүлзүйн бусад чухал хэрэгсэлд томоохон мэдээллийн компаниудын хангаж өгдөг онлайн форум, видео хэлэлцүүлгийн танхим болон чаатууд ордог.
Гэхдээ Интернэт болон нийтийн сүлжээний сөрөг талуудын талаар ч сэтгэл зовнин хэлэн ёстой. Интернетээс болж амиа алдсан тохиолдол Америкт олон гарч байгаа. Өнгөрсөн онд нэгэн ижил хүйстэн коллежийн оюутан залуу хамтрагчтайгаа дотно харьцаанд орсон бичлэгийг өрөөний хамтрагч нь камераар бичиж аваад, нийтийн сүлжээнд тавьжээ. Бичлэгийг хэдэн мянган хүн үзэж, эмзэг хөвгүүн амиа хорлосон юм. Бэлгийн амьдралыг нь интернетэд дэлгэснээс болж амиа егүүтгэсэн анхны залуу тэр биш, сүүлийнх нь ч биш.
Олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулж байгаа хүн бусдын эрх ашгийг хөндөж байн уу, үгүй юү гэдгийг зохицуулах ямар нэг хүчин зүйл хэрэгтэй болох нь эндээс харагдаж байна. Тиймээс Америкт хуучин хуулийг хэрхэн шинэ технологийн улмаас гарч байгаа буй хэргүүдэд нийцүүлэн шийдэх тухай хэлэлцэх болжээ.
Чөлөөт нийтлэлчид буюу онлайн ертөнцөд мэдээлэл нэмж буй хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч, редакторууд адил хариуцлага үүрч чадахгүй.
Япон бол мэдээллийн хэрэгслүүдэд хамгийн найрсаг ханддаг орнуудын нэг. Ёмури, Асахи зэрэг том сонин нь тус бүрдээ 2000 гаруй сурвалжлагч, редактор ажиллуулдаг. Гэхдээ одоо мэдээж вебсайт хоёрдугаар шатны мэдээлэл түгээх чухал төхөөрөмж нь болжээ.
Барууны орнууд шиг Японы ихэнх томоохон сонин 90-ээд оны дундуур “өөрийн гэсэн жижиг бие даасан сурвалжлах багтай вебсайт” гаргажээ. Сайтууд асар хурдан шинэчлэгддлэг ч төдийлөн ашигтай, бас хүртээмжтэй болж чадахгүй байсан учраас сонинууд вебсайтуудаа өөртөө нэгтгэж, зөвхөн “вебийн сэтгүүлчид” гэж байхаа болжээ.
Одоо вэб болон сонин эрхлэгчид гар утсыг мөнгө хийх боломж гэж нэмж харж байна.
72 сая хүн амынх нь 60 сая нь wirelessтэй гар утастай учраас тэр. “Иомури” гэдэг сонин анх удаа гар утасны мэдээлэл түгээх үйлчилгээ үзүүлж байгаа ба түүнээ жинхэнэ алтны уурхай болохыг нь мэдэрч байгаа гэнэ. Ердөө зургаан хүн гар утаснууд руу мэдээлэл дамжуулах ажлыг хийдэг хэрнээ жилийн 100 сая долларын ашиг авчирч байна.
Онлайн сэтгүүлзүйд буюу мэргэжлийн сэтгүүлчдийн түгээсэн мэдээлэлд уламжлалт сэтгүүлзүйн ёс зүй болон үнэ цэнэ хадгалагдах нь тодорхой.
Та одоо онлайн сэтгүүлзүйг ирээдүй гэж харж байгаа бол нэгэн үндсэн дүрмийг мөрдөх нь зүйтэй.
Т БУЮУ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ
Онлайн сэтгүүлзүйд яагаад товч бичих нь сэтгүүлчийн үндсэн чадвар болох ёстойг доор дуръя. Мэдээ л юм чинь веб-д оруулахаараа яагаад өөрчлөгдөнө гэж үзэх учиртай вэ? Онлайн ертөнцөд мэдээ өөр байх ёстой. Вэб хэвлэл биш, телевиз бус, радио бүр ч биш. Гэхдээ бүгдийнх нь “ашигт давуу талуудыг” агуулдаг.
Хүмүүс вэбсайт дахь текстийг хэвлэл уншихаас болон телевиз үзэхээс огт өөр аргаар үзэж, уншдаг. Хүмүүс веб хуудсан дахь бичлэгийг цаасан хэвлэл унших дадлагаасаа 25 хувиар удаан уншдаг. Компьютерийн дэлгэцний үсэгний нягтрал болон хэмжээ сониноос хамаагүй доогуур байдагтай холбоотой юм. Ихэнх хүн дэлгэц дээрх том текстийг тэр бүр уншаад байдаггүй. Ямар нэг сэдвийн дагуу материал хайж байгаа бол том текст уншигчийг бухимдуулдаг байна.
Тиймээс товч бичиж сураарай. Мөн хэмжээ нь том ч гэсэн нарийн, босоо хэлбэртэй текстүүд амархан харагддаг учраас их уншигддаг. www.bbc.com-ийн мэдээнүүд үүний тод жишээ.
Та зарим нэмэлт мэдээллийг хялбар авч болох боломж бүрдүүлэн зарим нэг үгийнхээ доогуур холбоос хийх нь уншигчид таатай сэтгэгдэл төрүүлдэг. Дүрстэй мэдээ ч гэсэн богино байх ёстой. Гурван минутаас давах юм бол товч байхаа болино гэсэн үг.
Энэ бүх энгийн шаардлагууд сэтгүүлзүйг өөрчилж байгаа биз?
Гэхдээ үүнийг зүгээр л “шинэ төрлийн мэдээ, шинэ хэлбэрийн бизнес” гэж үзэх нь зүйтэй. Сэтгүүлзүйн үнэ цэнэ болон ёс зүйд нийцсэн, үнэн бодит мэдээллийн бүтээгдэхүүн мөнх үлдэх учиртай.
Та онлайн мэдээллийн салбарт ажиллах гэж буй бол хүмүүс танаас маш шуурхай, үргэлж шинэ байхыг шаардах болно. Хурдан шинэчлэгдэж байж вебсайтууд амьд сонин шиг болж чадна. Мэдээллийн вебсайтаас хүмүүс хуучин мэдээ унших гэж биш харин цоо шинэ мэдээ унших гэж зочилдогийг байнга санаж яваарай.
Интернетийн хурд нэмэгдэх тусам сэтгүүлчдийн ажлын хурд нэмэгдэх ёстой.
Наад зах нь вебсайтад мэдээ оруулж чаддаг, вебийг бүтээлчээр ажиллуулах чадвартай сэтгүүлч илүү давуу талтай, хүчирхэг ажилтан болох нь байна.
Бэлтгэсэн Б.Халиун
journalism
URL: