2011 онд Монгол улсын иргэн бүрт “Хүний хөгжил сан”-аас 252,0 мянган төгрөгийг сар бүр 21,000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэсэн. Хүний хөгжил улсын хөгжлийн эх үндэс. Энэ бол хэзээнээс ч юм хэрэгжиж ирсэн бичигдээгүй хууль л даа. Хүнээ хөгжүүлсэн улс өөдөлдөг. Хөгжүүлээгүй нь мөлхдөг гэдэг. Хөгжлийн хуулийн томъёолол ерөөсөө л энэ. Ийм ч учраас манай төр уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр “Хүний хөгжил сан” гээч гоё нэртэй сан байгуулан иргэддээ cap бүр 21 мянгаар хуваарилан өгсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Энэ сарын хувьд сүүлчийн 21,000 төгрөг. Cap бүр олгодог 21,000 төгрөгөөр зарим өрх айл амьдралаа залгуулж, зарим нэгнийх нь хувьд ердөө л өдрийн хэрэглээг хангах төдий мөнгө болдог байна. Зарцуулж чадаж байгаад нь мөнгө, чадахгүйд нь цаас. Гурваас дээш ам бүлтэй өрхийн орлогод боломжийн хэмжээний мөнгө болж байсан. Энэ мөнгөний төлөө иргэд өглөөнөөс аваад орой болтол банкуудын үүдэнд дугаарлан, сахиж суудаг гээд бодохоор манайхан тэгтлээ ядуураад байна уу, эсвэл энэ мөнгө тэдний амьдралд тийм их чухал үүрэг гүйцэтгээд байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Өнөөдөр сүүлчийн гэх тодотголтой 21,000 мянган төгрөгөө авах гэсэн иргэдийн цуваа Хаан, Хадгаламж, Капитал банкны үүдэнд дугаарлаж харагдана. Арга ч үгүй биз дээ өргөн хэрэглээний барааны үнэ жилээс жилд чангарч, амьдралын өртөг өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ цаг үед энэхүү мөнгөөр голоо зогоож буй өрх гэр олон. Үүнийг дагаад бэлэнчлэх сэтгэлгээтэй зүгээр дэмий сууж буй иргэд ч олон байна. Зарим нэгнийх нь амьдралд чухал болоод буй 21000, зүгээр л өдрийн архины мөнгө болоод өнгөрөх жишээтэй. Оюутнуудын хувьд хэдэн өдрийн хоолны мөнгө. Харин зарим оюутнуудын шоуны мөнгө болоод дуусдаг гэх. Ямартай ч энэ мөнгө хэрэг болох хүндээ хэрэг болж чадсан гэж энэ олон иргэдээ хараад бодогдох юм. Гэхдээ уул уурхайгаас орж ирсэн энэ мөнгийг жинхэнэ утгаар нь зарцуулж чадсан гэхэд арай л учир дутагдалтай байх. Нийгмийн олонх нь энэ мөнгөөр юу хийдэг вэ гэсэн асуултанд өдөр тутмынхаа амьдралд зарцуулдаг гэж хариулдаг. Жишээ нь: хоол хүнс, унааны мөнгө гэх мэтчилэн. Одоо дахиад олгогдохгүй гэхээр хэцүү байна гэсэн иргэд олон байлаа. Энэ үеэр хэсэг ахмад настантай хийсэн ярилцлагаа танд хүргэе.
Сүхбаатар дүүргийн иргэн: Д. Ганчимэг
- Сайн байна уу та? Өндөр настанд олгож буй мөнгөө авах гээд оочерлож байна уу?
- Тийм ээ. Өглөө ирээд энэ мөнгөө авах гээд хүлээж сууна. Харин дарга ирээд өгөхгүй гээд байна.
- Тэгээд юу хүлээж суугаа юм бэ?
- Энд ирсэн хүмүүс бүгд л сүүлийн 21 000 мянган төгрөгөө авах гээд оочерлож байх шиг байна. Эгч нь тэр мөнгөө авчихсаан. Одоо өндөр настныхаа мөнгийг авах санаатай л хүлээгээд сууж байна.
- 21 мянган төгрөг таны амьдралд ямар хэрэг болж байна вэ?
- Өө хэрэг бололгүй яахав хүү минь. Тэр мөнгөөр чинь сар болгон хоолныхоо махаа аваад идчихнэ. Сүүгээ аваад уучихна. Өөртөө хэрэгтэй эмээ аваад уучихна. Надад бол маш хэрэгтэй мөнгө шүү.
- Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ?
- Манайх олуулаа. Зургаан хүн энэ мөнгөөр амьдралаа залгуулахад бас нэмэр болоод байдаг юм. Хүүхдүүдийн хувьд ном дэвтрийг нь хангаад өгчихдөг. Ядаж автобус унааныхаа мөнгийг болгочихно.
- Өндөр настанд олгосон мөнгөө авч чадсан уу? Юунд зарцуулсан вэ?
- Аваад ойр зуурынхаа хэрэглээнд зарцуулаад дуусчихсаан. Одоо үлдсэн мөнгөө аваад рашаан сувилалд хэвтэх санаатай хүлээгээд сууж байна. Ер нь төрөөс өндөр настай болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа нь зөв зүйтэй санагдаж байгаа шүү. Цаашдаа ч өгөх л хэрэгтэй гэж бодож байгаа. Зарим хүмүүс сайхан байшин барилга барьсан дээр л гэх юм. Хангалуун амьдралтай улсууд л тэгж боддог байх.
- За танд баярлалаа.
Чингэлтэй дүүргийн иргэн 12 дугаар хорооны иргэн Б. Даш
- Сайн байна уу? Та өглөө хэдэн цагаас ирсэн вэ? 21 мянган төгрөгөө авах гэж байна уу?
- Би өглөө 07 00 цагт ирсэн.
- Сүүлийн 21 000 төгрөг өгч байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаан энэ мөнгө таны амьдралд хэр нөлөөтэй байсан вэ?
- Хэрэг бололгүй яахав дээ. Энэ мөнгөөр чинь ойр зуурын хэрэглээнийхээ зүйлсийг авчихдаг юм. Би тэтгэврийн зээлтэй. Тэрэндээ өгөөд таардаг.
- Танайхаас хэдэн хүн энэ мөнгийг авдаг вэ?
- Тавуулаа.
- Одоо олгохгүй гэж байгаа. Тэгэхээр таны эдийн засагт нөлөөлөх үү?
- Хэцүү л байна. Хөгшин бид хоёр энэ мөнгөөр болгоод байдаг юм.
- Өндөр настанд олгосон мөнгөө авсан уу? Юунд зарцуулсан вэ?
- Авсан авсан. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт өгсөн.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Дамба
- Өглөө хэдэн цагт ирсэн бэ та?
- Би 8:00 цагаас хойш энд хүлээгээд сууж байна. Уг нь өчигдөр ирсэн юм. Гэвч энэ банкны тог нь тасраад авч чадаагүй. Тэгээд хоёр талаас нь оочерлоод зогссон иргэд бухимдаад, энд чинь бөөн зодоон болсон. Ямар ч замбараа байхгүй. Өчигдөр байсан хүмүүс одоо ч энд оочерлоод зогсож байна.
- Энэ таны хувьд хэр мөнгө вэ?
- Үгүй яахав ээ. Хэрэг болдог л юм. Ядахнаа л тогныхоо мөнгийг төлчихдөг.
- Өмнөх 330 мянгаа авсан уу? Юунд зарцуулсан бэ?
- Авалгүй яахав. Энэ мөнгөөрөө өвөө нь нэг хөргөгч авсан. Бусдыг нь идэж, уугаад дуусчихсан. Одоо авах мөнгөөр орон сууцаа янзлах бодолтой байна.
- 21 мянган төгрөг олгохоо больж байгаад зарим иргэд бухимдалтай хандаж байна л даа. Таны хувьд?
- Уг нь бол өгч байвал хэрэгтэй байна. Цаанаасаа санхүүжилт байхгүй болж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Монголын 70, 80% нь ядуурсан юм чинь бүх хүнд хэрэгтэй байна. 1 500 000 төгрөг өгөөд дууслаа гэж байгаа. Намууд амласан мөнгөө худлаа хуураад, хоёр нам хоорондоо ингэж байгаа нь буруу шүү дээ. Үлдсэн 1 000 000 сая төгрөгийг одоо яаж зохицуулах гээд байгаа юм. Төр л үүнийг шийдэх хэрэгтэй байна. Энэ мөнгийг өгвөл бидэнд хэрэгтэй. Тэгвэл амьдрал ахуйгаа дээшлүүлнэ, үр хүүхдээ тэжээнэ. Манайхан хөгжөөд байна л гэж яриад байгаа. Хар л даа энэ мөнгөний төлөө ямар их хүн оочерлоод зогсож байгааг. Хэдэн барилга нэмэгдсэнээс өөр юу ч харагдахгүй байна. Дээгүүрээ л хувааж идээд, доогуур нь иргэд ядуурсаар л байгаад бухимдаж явдаг.
- Баярлалаа танд.
Иргэд иймэрхүү л байна. Зарим нь энэ мөнгийг авах гэж үүр цайхтай зэрэгцэн ирсэн боловч одоо болтол аваагүй хэмээн бухимдаж сууна. Бас мөнгөө авчихсан зарим нэг нь үнэртүүлчихсэн л зогсоно. Жилийн хугацаанд зарим иргэдийг алалцуулж, зодуулж байсан 21000 минь. Зарим нэгнийх нь амьдралд тусаа үзүүлж явсан 21 000 минь баяртай…
http://lov3izo.miniih.com/index.php/home/post/2394