Цөмийн магтyy дууч: О. Чулуунбат
Арваад жилийн өмнө Намбар Ваны зарлигаар Тайваньд очиж цөмийн хаягдлын гэрээ хийж явсан гэгддэг О. Чулуунбат өнгөрсөн хавраас хойш цөмийн хаягдлыг магтан дуулсаар ирсэн. Харин долоо хоногийн өмнө нөхөр гэнэтхэн ухаан орж, “би цөмийн хаягдал Монголд булшлах гээгүй, буруу орчуулсан байна“ гэх маягийн мэдээг нийтлүүлжээ (http://www.inet.mn/?vfile=36&vmet_id=53253&vmet_main=71)
Түүнд таарсан хариуг бичгээр болоод бичлэгээр барьсаныг үзэж сонирхоно уу?
Таны хүссэний дагуу ярилцлагын ахин сайн харлаа… сонслоо. Орчуулга буруу байна гэж та хэлжээ. Гэтэл үнэндээ та монгол хэлээр ярьж байгаа болохоор орчуулгын хэрэг алга.
Та “цөмийн хаягдал“ гэдэг үгийг хэрэглэмээргүй байгаа бололтой. Цөмийн хаягдал гэдэг бол маш тодорхой бөгөөд 3 ангилагддаг талаар хүн бүр интернэтээр google, wikipedia ашиглан мэдээлэл авч болно. Цөмийн хаягдлыг бага, дунд түвшний аюултай ба маш аюултай гэж 3 хуваадаг. Жишээлбэл, цацраг туяа эмчилгээнд ашигласан эд материал, багаж төхөөрөмж зэрэг нь бага аюултайд орно. Атомын цахилгаан станцын (АЦС) эд анги, ажилчдын хамгаалалтын хувцас гэх мэт нь дунд түвшний цацраг идэвхт цөмийн хаягдал юм. Харин хамгийн аюултай цөмийн хаягдал нь таны яриад байгаа ашиглагдсан цөмийн түлш буюу АЦС-ад шатаад дууссан ураны саваануудыг хэлдэг. Ашигласан цөмийн түлш нь дангаараа хамгийн дээд түвшний асар аюултай цөмийн хаягдлын ангиллыг бүрдүүлдэг. Аюул заналхийллээрээ түүнийг гүйцэх цөмийн хог хаягдал гэж өөр байхгүй.
Цөмийн реакторт эрчимхүч үйлдвэрлэх зорилгоор ашигласан ураны түлшний саваа гэгч гайтай зүйлийг үнгийн аргаар хаяж, устгах арга байдаггүй. Энэ бол хэдэн зуун мянган жилээр далд оруулах шаардлагатай, маш ноцтой асуудал. Герман, Америк, Япон зэрэг гүрнүүд хүртэл ашигласан түлшнийхээ хаягдлыг хадгалах газраа олохгүй, толгойгоо гашилгасаар аргаа барж суугаа гэдгийг Монголын олон нийт сүүлийн нэг жилд сайтар ойлгосон.
Та “Монголд ураны шатсан түлшийг дахин боловсруулах үйлдвэр барина” гэж ярьжээ. Энэ үйлдвэрийг чинь Япончууд, Германууд бариагүй үйлдвэр шүү дээ. Европт Францын далайн эрэг дээр La Hague гэдэг газар Аревагийн дахин боловсруулах үйлдвэр бий. Энэ үйлдвэр нь асар их усны хэрэглээтэй, хордсон усаа далай руу шахдаг. Ла Хаагийн үйлдвэр лүү Япон, Герман болон Европын АЦС-уудаас гарсан ураны ашигласан түлшийг зөөдөг. Тэнд цөмийн хаягдлыг элемэнтээр нь ялгаж, 4% плутони гаргаж аваад үлдсэн 90 хувийг нь Оросын Томск руу дахин боловсруулах түүхий эд нэрээр тээвэрлэж, тэр цөмийн хаягдал нь ОХУ-ын өмч болдог. Энэ тухай тодорхой өгүүлсэн ” Цөмийн хаягдал – Хар дарсан зүүд“ киног Монголчууд үзсэн.
Та “тэртээ тэргүй Монгол улс уранаар баян улс“ гэжээ. Баян гэдэг үг бол харьцангуй ойлголт юм. Бодит байдал дээр бол дэлхийн ураны нөөцийн зөвхөн 1% Монголд байдаг гэсэн судалгаа байна. Уран гэгч нь асар аюултай бодис тул улс орнууд тэр болгон газар нутагтаа олборлолт хийхийх хүсдэггүй, зөвшөөрдөггүй. Ихэвчлэн Африк мэтийн ядуу буурай орнуудад ураныг нь олборлож, үр шимийг нь том гүрнүүд амсдаг. Тухайлбал, өнөөдөр Дорноговийн Дулаан Уул орчимд уран олборлож буй Арева компани өмнө нь Нигерид уран олборлож байсан. Тэндэхийн ураны уурхайн улмаас газар нутаг, гол ус нь хордож, олон хүн өвчилсөн төдийгүй Франц улсыг эрчим хүчээр хангаж буй хэрнээ уран олборлодог тосгоныхон өөрсдөө гэрэл цахилгаангүй амьдардаг нь нэгийг бодогдуулах буй заа.
Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд ураны бизнес эрхэлдэг гэдэг бол ердөө л толгой эргүүлэх гэсэн оролдлого юм. Ураны бизнес гэдгэ бол Монголын засгийн газар болоод МонАтомын хийж чадах бизнес биш. Энэ бол ердөө Арева мэтийн хэдэн цөөхөн том корпорациудын бизнес. Харин тэдний хөл гар бологсод дорой буурай авилгалд идэгдсэн орнуудад улс төрч гэдэг нэрээр зангиа зүүгээд хүмүүсийн тархи угаагаад явж байгаа нь Африкт ч, Монголд ч тохиолддог зүйл.
Урантай холбогдуулан Монгол улс техникийн том дэвшил хийж болно гэж ярьжээ.
Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Арева газрын гүн руу хүчил шахаж газар доор нь ураныг хайлуулан олборлох ажил хэрэгжээд эхэлжээ. Ингэхдээ уран болон бусад газрын гүн дэх олон янзын бодисыг хүчлээр хайлуулчихаад, тэр усыг эргүүлэн соруулж авч ураныг нь ялгадаг. Мэдээж хэрэг газрын гүнд шахсан бүх усыг буцаан соруулж чаддагүй, тодорхой хэмжээний ус тэндээ үлддэг бөгөөд гүний усыг хордуулах эрсдэлтэй.
Ураныг нь ялгасныхаа хойно өнөөх олон янзын хорын найрлагатай хүчилтэй усаа цөөрөмд юулж, ууршихыг нь хүлээнэ. Үлдсэн шаварыг газар ухаж булдаг гэж байгаа. Энэ хооронд агаарт ямар их хор ууршин түгэж байгаа болоод газрын хөрс, гүний ус хэрхэн хордох үр дагавартайг та төсөөлөөд үзээрэй.
Усыг газарт нэвчихээс хамгаалж, цөөрмийн ханыг бүрсэн гялгар уут нь зориулалтын бус, жинхэнэ нүглийн нүгдийг гурилаар хуурсан байгааг та доорх зурагнуудаас үзэж болно. Эдгээр зургийг Анти Нуклеар Мүвментийн гишүүд өнгөрсөн 5 сарын дундуур Дорноговь аймагт очиж авсан юм.
Энэ таны нөгөө хэлээд байгаа техникийн дэвшил гэгч мөн үү?
А. Булган, Амарлин
Эх сурвалж : golomt.org
URL: