Г.Мөнхбаяр Э.Бат-Үүлтэй халз мэтгэлцсэнгүй

“Ийгл” телевиз НИТХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг тэргүүлэн оролцож байгаа УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, МАН-ын нэр дэвшигчдийг тэргүүлж буй Г.Мөнхбаяр нарыг халз мэтгэлцээнд дуудсан юм. Хэн хэн нь хотыг хөгжүүлэхээр төлөвлөж, бодож байгаа зүйлээ өөд өөдөөсөө хараад яриг. Эндээс ард түмэн аль нь зөв, буруу ярьж, хэн нь үнэхээр нийслэл хотыг өөд нь татахаар үнэн сэтгэлээсээ явж байгааг шүүг гэсэн зорилготой байсан нь мэдээж. Тиймээс хоёр нэр дэвшигчид аль алинд нь урилга явуулсан байна. Нэвтрүүлэг өчигдөр 12.30 цагаас шууд эхлэх ёстой байлаа. Товлосон цагт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ирсэн ч хотын дарга асан Г.Мөнхбаяр ирсэнгүй. Хотын даргын ажлыг дөрвөн жил хийсэн хүний хувьд ярих яриа, хэлэх үгтэй л баймаар. Харамсалтай нь Э.Бат-Үүл баатарт илт давуу ялагдах вий гэсэндээ айв уу эсвэл түүний хийсэн ажил Э.Бат-Үүл гишүүний хийхээр төлөвлөсөн зүйлийн хажууд жул санагдав уу. Ямартай ч тэр ирсэнгүй, таг чиг алга болжээ. Тэрээр Э.Бат-Үүл гишүүнтэй мэтгэлцвэл олон түмний нүдэн дээр шившгээ дэлгэж, ярих зүйлгүй гацаж, сонгуулийн үеэр нэр хүндээ унагана гэсэн болгоомжлол байсан учраас халз ярилцлагад ирсэнгүй гэдэг таамгийг улс төрийн хүрээнийхэн хийж байна.

Э.Бат-Үүл гишүүнтэй мэтгэлцэх өрсөлдөгч нь ирэхгүй, 30 гаруй минут хүлээсний эцэст телевизийнхэн арга ядахдаа “Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүг урьсан ч тэрээр мөн л очоогүй. Тиймээс тус телевизийнхэн энэ учраа тайлбарлаад Э.Бат-Үүл гишүүнтэй энэ удаагийн НИТХ-ын сонгуульд яагаад нэр дэвших болсон талаар, хотоо хөгжүүлэхийн тулд ямар төлөвлөгөө боловсруулсан тухай нь хөөрөлдсөн байна.

Мэдээж энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН ялалт байгуулбал Э.Бат-Үүл гишүүн хотын Засаг дарга болно гэж байгаа. Тэрээр нийслэлийг гэр хороололгүй болгох нь Улаанбаатарыг хөгжүүлэх гарц. Үүний тулд гэр хорооллын айл бүрт газрыг нь өмчлүүлж, хашаа руу нь инженерийн шугам татах ёстой. Үүний дараа газрыг нь барьцаалж иргэдэд моргейжийн зээл олгоно. Иргэдийг ингэж амины орон сууцтай болгоно гэдгээ Э.Бат-Үүл гишүүн ярилаа. Гэр хорооллын иргэд нийтийн орон сууцанд орох гэж хэдэн үеэрээ хүлээх биш, өөрийн гэсэн газартаа өөрийн гэсэн байшинд амьдарна. Гэртээ 00-той, халуун, хүйтэн устай, дулааны шугамд холбогдсон тохилог орон сууцандаа хэдэн үеэрээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаагаа тэрээр хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд хотыг нэг л нам удирдсан. Гэвч тэд гэр хороолол руу инженерийн шугам татаж, айл бүрийг амины орон сууцтай болгож, утааг багасгахын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нэг шалтгаан нь нийтийн орон сууцны бизнес юм. Түүнийгээ алдахгүйн тулд гэр хороолол руу инженерийн шугам татахаас татгалзсаар ирсэн. Харин өнөө жилийн сонгуульд АН, баатар Э.Бат-Үүл энэ үйлийг эхлүүлэхээр НИТХ-ын сонгуульд зориглон орж ирсэн учраас тэд сандарч, гэр хороолол руу инженерийн шугам татах ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн гэдэг пиар хийгээд эхэлснийг ч ярилаа. Нийтийн орон сууц барьснаас айл бүрийн хашаа руу инженерийн шугам татах нь төсөвт хэмнэлттэй, хялбар бүтэх ажил гэдгийг Э.Бат-Үүл гишүүн тооцжээ.

Ингээд тус телевизийн шууд ярилцлагаас гарч ирэхэд нь Э.Бат-Үүл гишүүнээс дараахь тодруулгыг авав.

-Хотын дарга байсан Г.Мөнхбаяртай халз мэтгэлцээнд орох байсан ч тэр ирсэнгүй. Яасан юм бол оо?

-Би янз бүрийн таамаг хэлмээргүй байна. Уг нь халз мэтгэлцээнд хамт орсон бол зүгээр байлаа. Иргэд бидний үгийг сонсч, шүүн тунгаах боломжтой байсан. Иргэдийг зөв сонголт хийхэд нөлөө үзүүлэх байсан болов уу. Харамсалтай нь Г.Мөнхбаяр ирсэнгүй.

-Иргэний зориг намынхан ч ирсэнгүй юу?

-Ирсэнгүй. Яасан юм бол. Ямар ч байсан би ирснийхээ хувьд хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярьчихаад гараад ирлээ.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих