​Ц.Мөнх-Оргил хаана байх ёстой вэ?

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулсан шүүх хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөсөн. Анхан шатны шүүхээс тус хэрэгтэй холбогдуулан хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт 3.6-2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин үүний цаана тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын даргаар ажилллаж байсан Г.Лүндээжанцан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нарыг тус хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй тухай яригдаж байсан  ч тэгсхийгээд өнгөрчихлөө. Цагдаагийн даргад шууд тушаал өгөх эрх мэдэл гагцхүү Хууль зүйн сайдад л байдаг. Бас Онц байдлын штабын дарга онц байдлын хугацаанд бүх үүрэг, тушаалыг өгч, асуудлыг зохицуулах чиг үүрэгтэй цорын ганц субьект.
Тэгэхээр таван хүний амийг хөнөөсөн хэрэг яаж ч байсан Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргилтой л холбогдож таарч байгаа юм. Ц.Мөнх-Оргил үймээн самууны эсрэг бүхий л ажиллагааг удирдан, генерал Ч.Амарболдод үүрэг өгч, цагдаагийн байгууллагыг ажиллуулж байж. Хүмүүсийн амь нас хохирсны маргааш ч энэ талаар нийтэд мэдэгдэхгүй байх, болсон явдлыг баллуурдах ажлыг гардан хийсэн нэгэн гэлцдэг юм.
2000-аад оны үед одоогийн Ерөнхий сайд С.Батболдтой хөтлөлцөн МАХН-ын хаалгыг татаж, улс төрд хөл тавьж байв. АНУ-ын Харвардын Их сургуулийг 1996 онд төгссөн түүнийг Хууль зүйн дэд сайдаар тэр дор нь дэвшүүлж байсан түүх бий. 2000 онд Хууль зүйн дэд сайд, 2004 онд УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд. 2006-2007 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Хууль зүйн сайд гээд гэрлийн хурдаар  гялалзсан амжилт үзүүлж явсан  мань эр сүүлийн дөрвөн жил  “хэлгүй” гишүүдийн тоонд чимээгүй орчихсон. Энэ нь өнөө л долоон сарын 1-ний хэрэг сөхөгдөхөөс айсан хэрэг хэмээн хардах хүмүүс олон байдагийг дурдах байна.

http://topmedee.mn/news/10747


URL:

Сэтгэгдэл бичих