СУРТАЛЧИЛГААНЫ ӨВӨРМӨЦ ТАКТИКУУД
Энэ жилийн сонгууль бүх талаараа шинэлэг, сонин, содон зүйлээр дүүрэн байна. Хууль нь шинэ, санал өгөх арга нь ч шинэ гээд тоочоод барамгүй. Үүнийгээ дагаад нэр дэвшигчдийн сурталчилгаа ч гэсэн өвөрмөц, урьд өмнөхөөс өөр өнгө аястай байгаа. Сонгуульд нэр дэвших эрхээ авсан даруйдаа л телевизийн ямар ч хамаагүй нэвтрүүлэгт оролцсоноор сурталчилгаагаа эхлүүлсэн нэр дэвшигч нэлээд бий. Ямартай л хүүхдийн баярыг ч зүгээр өнгөрүүлэхгүй юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэдтэй ярилцлага хийсэн шиг нэвтрүүлэгт оролцож буй харагдав. Зарим нь бүр цаг агаарын мэдээ ч зүгээр үзүүлэхгүй манай нутагт тэдэн хэм дулаан байна гээд өөрийгөө хальт пиардаад авна билээ. Улс төрөөс ангид байсан зүйлүүдийг ийнхүү овжин ашиглагчид цөөнгүй байгаа.
Урлагийн шоу, тоглолт хийхийг хуулиар хориглосон болохоор урлагийнханд сонгууль төдий л ашиггүй болчихоод байсан.
Тэгвэл энэ удаад намуудын сурталчилгааны дууг зохиох, дуулах, клип хийх моод нэлээд газар авлаа. Энэ нь сонгогч биднийг дуу хүртэл зүгээр сонсгохгүй улс төр, сонгуультай холболоо хэмээн эгдүүцүүлж байна. Телевизээр цацаж буй клип бүр нь төлбөртэй гэсэн шошготой гарч байх аж. Сонгуулийн сурталчилгааны хүчирхийлэлд өртчихгүйн тулд ямар нэг нам, улс төртэй холбоотой байх вий гэж ихэд болгоомжлох хүн зөндөө болжээ. Телевиз үзэхээ болилоо гэж бодоод “Евро-2012” хөлбөмбөгийн тэмцээнийг олуулаа цуглаад үзэх гэтэл хэн нэг нэр дэвшигч гуай гэнэт гарч ирээд л сүртэй юм болж, залуусыг залхааж буй сурагтай. Спортод дуртай байж болно гэхдээ ядаж, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа хүмүүсийг залхаахгүй баймаарсан. Сурталчилгаа гэхээсээ илүүтэй дургүйцлийг төрүүлж байгааг мэдрэх хэрэгтэй юм шиг ээ.
Эрхэм нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ жил тун ч өвөрмөц аргаар хийж байгааг дахин онцолъё. Ерөнхийдөө мэргэжлийнхний хэлдгээр мөлхөө сурталчилгаагаар дагнаж буй юм гэсэн. Мөлхөө гэхээр учиргүй мөлхөөд байна гэсэн үг биш л дээ. Тойргийнхоо сонгогч бүртэй нэг бүрчлэн уулзаж, танилцаж, хүн бүхэнд хүрэх гэсэн сурталчилгааны нэг хэлбэр юм гэнэ билээ. Нэр дэвшигч гуай амьдардаг байшин, хашааны чинь үүдэнд зогсчихоод “Би танай тойрогт нэр дэвшигч тэр байна. Намайг дэмжээрэй…” гээд зогсч байвал гайхах хэрэггүй гэсэн үг. Өглөө, өдөргүй автобусны буудлын дэргэд эсвэл хөл хөдөлгөөн ихтэй газарт өөрийнхөө зурагтай танилцуулга, ухуулах сурталчилгаагаа бариад л нүүр дүүрэн мишээл тодруулан зогсч байгаа тохиолдолд ч нэлээд тааралдаж байгаа биз дээ. Хөөрхий минь, иргэдтэйгээ энгийн сайхнаар уулзаж, танилцаж буй нь тэр юм гэсэн. Энэ арга их л шалгарсан үр дүнтэй гэж сонгуулийн эрхэм менежерүүд хэлээд байгаа.
За тэр ч яахав. Заримдаа өглөө эрт гудамжинд араасаа хэдэн хүүхэд, залуус дагуулчихсан гүйж харайж, дасгал хийж, цовхчоод байвал бас л сонгуулийн сурталчилгаа гэж ойлгох хэрэгтэй байх нь. Бодвол спортлог нэг нь дагаж гүйгээд л, нэр дэвшигч гуайг дэмжээд сүйд болох юм байлгүй.
Түүнээс гадна цахим ертөнцөөр дүүрэн сонгуулийн сурталчилгаа. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн их сайн сайхан үйлс хийж буйгаа гайхуулцгаана. “Яг одоо тэр дүүргийн, тэр хорооны иргэдтэй уулзлаа, тэр хорооны өвөө, эмээ нартай нарлаж, багачуултай нь тоглолоо…” гээд л хийж буй үйлдэл бүрээ нэг бүрчлэн тайлбарлаж, зураг хөргөө тавьсаар. Тэр мэдээллүүдийнх нь дор “Сайхан хүн шүү. Төрд байхгүй бол болохгүй“ гэсэн магтаалын үгс хөвөрнө. Мэдээж, сонгууль учраас хийж буй үйлдэл, магтаалын үгстэй сэтгэгдэл зэрэг нь сайтар найруулсан сонгуулийн кампанит ажил шүү дээ. Урьд өмнө нь мэйл хаяг ашиглаж үзээгүй зарим нэр дэвшигч Facebook, twitter-ийн хамгийн идэвхтэй хэрэглэгч болчихсон л явна. Зарим нь, бүр олон нийтийн сүлжээ сайтуудыг сайн ашигладаг туслах хүртэл ажилд авч байгаа гэсэн. Тиймэрхүү утга бүхий зарлал нэг биш удаа Facebook, twitter-т явж л байлаа. Хэрэглээгээ дагаад бас нэг шинэ орон тоо сонгуулийн штабуудад гарч ирсэн бололтой.
Дөрвөн жил ярвайлтын имижтэй байсан эрхэм дарга нар ганцхан сарын хугацаанд эелдэг сайхан ааштай нэгэн болж хувирдаг нь сонгуулийн гол онцлог. Хэн ч харсан нүдэнд дулаахан харагддаггүй хүмүүс хүртэл өлгийтэй бяцхан хүүхэд тэвэрсэн зурагт сурталчилгаагаа тараана. Лав л сайхан сэтгэлтэй сайн хүмүүс шүү, хөөрхийс гэж харагдаж өгөхгүй л байгаа юм. Өдий болтол энэ мэтчилэн өөр өөрийн аргаар сурталчилгаа хийж, сонгогчдыг татахаар мэрийцгээж байна. Гэхдээ санал өгөх өдөр хараахан болоогүй байна. Дахиад эдгээрээс ч илүү сонирхолтой, содон сурталчилгааны арга дэлгэрэх ч юм бил үү.
ardchilal
URL: