Ууртай АН-аас иргэд айж байна

АН энэ удаагийн сонгуульд ялах ёстой, нар мандах цаг иржээ гэж ярьж байгааг хараад инээд хүрмээр. Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя гэхээр нь зэвүү ч хүрэх шиг. Гэхдээ тэднийг шоолж инээгээд, зэвүүцэж муухай харах хэрэггүй л болов уу. Тэднээс ер нь айж явсан нь дээр. Тэд чинь ууртайгаас гадна өөрсдөө мандахын тулд жагсаж тэмцээд юу ч хийхэд бэлэн хүмүүс гэдгээ илэрхийлж байна шүү дээ.

Амараа гэх залуу ухаалаг сайхан үг хэлж, АН-ыг сурталчилж байгаа бичлэг бусдыг “байлдан дагуулж” байна. Тэрбээр сайн жүжигчин, сайхан ч үг хэлж, залуу хүнийхээ хувьд зөв л юм ярьж байгаа шиг санагдлаа. Харамсалтай нь сүүлд хэлж байгаа хоёр мөрт л түүний ухаалаг үгсийн үнэ цэнийг шавхайтай хутгачихсан даа. Тэр нь “Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэх АН-ын сурталчилгааны үг. Амараа хэлсэн үгнийхээ сүүлийн хоёр мөртийн оронд Монгол Ардын Намын уриаг хэлэх тухай санал тавьж, Тусгаар тогтнолын ордонд өөрийн биеэр очсон гэх яриа чихний хажуугаар өнгөрлөө. Үнэн худлыг мэдэхгүй ч олны үг ортой гэдэг дээ. Гэхдээ Амараа монголчуудаа хүнээс дорд үзэж, Монголоо улс биш хэмээн зарласан АН-ын авцалдаа муутай уриаг хэлсэн нь залуусын урмыг хугалсан. Мань хүн саяхнаас дахиад л тайзан дээр гарч ирээд, түймэр ассан дэлгэцний наана уурлаж байгаагаа илэрхийллээ. Энэ удаа их яруу найрагч Чойномын шүлгийг ашигласан нь түүнд зохиж, АН-ын уур хилэн их гэдэгтэй ч зохицсон гэж “ванлий”. Никитоны Баачкагийн “Нар” дууны клипийг үзэхээр “уур ихтэй” АН-ынхан долдугаар сарын 1-ний хэргийг давтана гэж сүрдүүлээд ч байх шиг. Ер нь энэ АН-ын сурталчилгаанууд цаанаа л нэг далд утгатай болж эхэлж байна шүү. Өнгөрсөн сонгуулиар АН тэргүүтэй нөхдүүд уураа гаргаж, тэмцээд ард иргэдийг төв талбайдаа жагсахыг уриалаад юу боллоо доо. Тэд энэ удаа дахин тийм зүйл хийхээ эртнээс илэрхийлээд байгаа юм биш биз. Үнэндээ Амараагийн үг, АН хоёроос иргэд айж байна.

Сонгуулийн сурталчилгааны сүрдүүлсэн өнгө аяс Амараа, Баачкагаар дуусаагүй. Арга барил нь бүр нарийсаад, сүүлдээ гар утас уруу хүртэл залгаж, сонголтод минь хүчээр нөлөөлөх шинжтэй. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг, “Юнител”-ийн хэрэглэгч хүн. Сүүлийн үед над уруу хоёр ч удаа залгаж сонгуулийн сурталчилгаа хийсэн. АН-аас нэр дэвшигч Г.Баярсайхан, МАХН-МҮАН-ын эвслээс нэр дэвшигч “Орифлейм” Г.Оюунгэрэл нарын сонгуулийн сурталчилгааныхан гэнэ. Харин Г.Баярсайхан болохоор Чингэлтэй уулыг дархалснаа дүүргийн иргэддээ сануулах гэж утастай бүхэн рүү ярьж байгаа аж. Уг нь “Юнител” компани хэрэглэгчдийнхээ хаягийг тэр хоёрт зааж өгмөөргүй л юм. Аль эсвэл амьдран суудаг хорооноос маань утасны дугаар аваад байна уу. Цагдаагийн байгууллага, УБЕГ зэрэг цөөхөн газарт миний мэдээлэл байдаг гэж бодсон чинь АН-ын нөхөд ч гэрийн хаяг, утасны дугаартайгаа байж байдаг аж. Г.Баярсайханд бүх чингэлтэйчүүдийн утасны дугаар байгаа гэж бодохоор тэр ер нь цагдаа, шүүхийнхэнтэй эн тэнцүү мэдээлэлтэй айхтар нөхөр дөг өө. Г.Баярсайхан, АН хоёроос чингэлтэйчүүд эмээж байна.

Б.Бат-Эрдэнэ

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих