Д.Зоригт улсын үйлдвэрийн 40 хувийг Өвөрхангайд байгуулсан гэж залжээ

УИХ-ын сонгууль болоход хэдхэн хоногт үлдэж, нэр дэвшигчид эцсийн мэхүүдээ хийхээр зэхэж байна. Эдгээр мэхийн ихэнх нь ирэх дөрвөн жилд «хийх» ажлынх нь жагсаалт байх юм. Өнгөрсөн дөрвөн жилд хоосон амлалтад хууртаж болохгүй, мөнгө өгнө гэсэн ч итгээд нэмэргүй гэдгийг монголчууд ойлгохоороо нэг болсон. Тиймээс улстөрөөс салахгүй зууралдаад байгаа зарим нэг увайгүй «улстөрч» үүнийг дотроо тунгаавал зохино.

Тухайлбал УИХ- ын гишүүн Д.Зоригт. Өөрийгөө «Өвөрхангайн» гэж тодорхойлуулах дуртай ч бүгд түүнийг «Монгол шуудан»-г үгүй хийгч гэдгээр нь таньдаг. Тэрбээр энэ удаа ч гандан бууралгүй, «Амташсан хэрээ 13 дахина» гэдгээр Өвөрхангайгаас нэр дэвшиж байна. Сонгуулийн мэх нь ихээхэн сонирхолтой.

Учир нь мань хүн өвөрхангайчуудын тархийг угаахдаа «Би сонгуулиар гарч амласан бүх хийчихсэн» гэж байна гэнэ. Д.Зоригт 2008 оны УИХ-ын сонгуулиар намынхаа мөрийн хөтөлбөрөөс гадна сонгуулийн сурталчилгааны үеэр хувиараа тойрогтоо амлалт өгөхдөө «Эрдэнийн хувийг ард түмэндээ хүртээнэ», «Гурван сумыг хотын статустай болгоно», «Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулна. Ингэснээр 10000 ажлын байр бий болно», «Малчдыг татвараас чөлөөлнө», «Хамтарсан тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ» гэж байж.

Дээрх амлалтуудаас хэрэгжсэн нь цөөн гэдгийг тойргийнхон нь болоод эх сурвалжууд баримттай мэдээлж буй юм. Түүнээс гадна мань эр УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо 100 үйлдвэрийн 40-ийг нь Өвөрхангайд барина хэмээн залж орхисныг нь өвөрхангайчууд дооглон ярьж байна.

Эдгээрийг хүснэгтээр тайлбарлахад Д.Зоригтын өмнөөс ичихээс өөр арга алга. Учир нь мань хүн дээрх 44 ажлын байрыг томоохон үйлдвэрлэл хэмээн нэрлэжээ. Түүнийхээр цайны газар, нарийн боовны цех, гутал засвар зэрэг нь томоохон үйлдвэрлэлийн тоонд орох гэнэ. Энэ баларсан жагсаалтыг өвөрхангайчуудыг доромжлохын тулд гаргасан баймааргүй. Үнэндээ Өвөрхангайнхан энэ зэргийн ажлын байрыг өөрсдийн хөрөнгөөрөө хийчхэж чадахаар улс.

Мэдэхгүй хүн энэ жагсаалтыг харвал Д.Зоригт нь УИХ-ын гишүүн болж байж нутгийнхнаа өөд нь татаж дээ гэж бодмоор. Угтаа бол дээрх ажлуудыг дан ганц УИХ-ын гишүүн Д.Зоригт хийж хэрэгжүүлсэн ажил биш гэнэ. Түүнтэй хамт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Батхүү нарын санаачилгаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан хамтын ажил юм байна. Харамсалтай нь мань эр үүнийгээ өөртөө нялзаачих санаатай тайлбар хийж буй юм.

Мөн түүний амлалтын нэг хэсэг нь Өвөрхангайд 40 үйлдвэр баригдсанаар 10 мянган ажлын байр бий болгоно хэмээн амласан явдал. Үйлдвэр нь баригдаагүй учраас ажлын байр бий болно гэж үү. Дээрх үйлдвэр нэртэй хоолны газар, зочид буудал, халуун ус, үйлчилгээний төв, авто засварын төвийг байгуулснаар хэчнээн ажлын байр бий болсныг уншигч та дээрх хүснэгтээс тооцоод бодчих нь биз ээ. Ойролцоогоор 500 гаруй ажлын байр бий болгожээ.

«Амлалт биелээгүй» гэдэг дүгнэлттэй эрхэм гишүүн санал нийлэхгүй байгаа нь юуны учир вэ. Дахин сонгогдохын тулд амлалт биелсэн«хууран мэхлэлтийг» ард түмэндээ ойлгуулахыг хүсээ юу. Өвөрхангайд дахин хүч үзэх энэ эрхэм энэ сонгуульд ямар амлалт өгч, иргэдийн тархийг угааж байгаа бол оо.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих