Нэг сая төгрөгөө ”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа болгох иргэдийн сүүлийн өдөр зургаадугаар сарын 25
Сонгуулийн уур амьсгалтай зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа юу, нэг сая төгрөг үү гэх сонголтоос аль нэгийг нь сонгох гэсэн иргэдийн эргэлзэж тээнэгэлзсэн яриа ид хүчээ авч байх шиг байна. Өнгөрсөн дөрвөн жилд төрийг удирдах гэсэн улс төрийн хүчнүүд нэг нь нөгөөгөөсөө өрсөж нэг сая, нэг сая 500 мянган төгрөг амлаж түүнийгээ өгөх гэж ёстой шар махтайгаа хатаж байх шиг байна. Нэгэнт амласан бол өгөхөөс өөр яалтай. Гэхдээ зөвхөн төрд гарч ирэхийн төлөө ийн бэлэн амласан нь эргээд иргэдээ ч тэр төрөө ч тэр туйлдуулж байх шиг. Дөрвөн жилийн дотор cap бүр олгосон 21 мянган төгрөгийг эс тооцвол өөр нэг их гийгүүлээд байсан зүйлгүй төр барьж буй эрхмүүд харин бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил буюу дараагийнхаа дөрвөн жилд дахин сонгогдохын тулд үлдсэн хугацаандаа бэлэн мөнгийг ёстой л нэг бөөндөж байх шиг байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгож, оюутнуудад cap бүр 70 мянган төгрөг өгч эхэлсэн гээд бэлэн мөнгийг буруу зөвгүй тарааж инфляцийг хоёр оронтой тоонд оруулж хөл толгой нь мэдэгдэхгүй болчихлоо.
Гэхдээ тэд амласан шигээ өгч чадаагүй л байна, өнөөдрийг хүртэл. Тодруулбал, увуулж цувуулж өгсөн 21 мянган төгрөг нь нийлсээр 500 мянган төгрөг болж харин одоо үлдсэн нэг сая төгрөгөө өгөх гэж жинхэнэ утгаараа дүлж байх шиг. Энд тэндээс мөнгө олох гэж үстэй толгойгоо зулгаах нь халаг байна.
Ямартай л Хөгжлийн банк руу хуруу дүрэх гэж байгаа тухай яриа чих дэлсэх вэ. Уг нь Хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг гадаад дотоодоос цуглуулахдаа Монгол Улсын хөгжлийн төлөө зориулахаар зориулалтыг нь сонгосон юм. Гэтэл одоо намуудын амласнаа биелүүлэх амлалтын хэрэгсэл болох гээд байна уу гэх харын сэтгэл хамт яваад байгааг нуухад илүүц биз. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу нэг сая төгрөгөө бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй бол нэг сая төгрөгөө буцаан төлж, хувьцаатай болох боломжийг дээрх журмаар бүрдүүлсэн байна. Ийм хүсэлтэй иргэд байвал тухайн сум, хорооны нийгмийн ажилтандаа хандах шаардлагатай юм билээ.
Үүнтэй холбогдуулан нэг сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр хүртэх хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаа больж, хувьцаа авах хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр, тооцоо, хадгаламжийн төв” компанид хүргүүлэхийг даалгасан. Өнгөрсөн сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 1 532 853 иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаад байсан хэдий ч хувьцааны талаарх ойлголт бага, мэдээлэл хангалтгүй, хугацаа богино байсан учир хүсэлт гаргаж амжилгүй хоцорсон иргэн цөөнгүй үлджээ. Мөн ашиг тусыг нь мэдэрсэн иргэд хувьцаагаа худалдах хүсэлтээ буцааж, хувьцаа авах өргөдөл ирүүлж эхэлжээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьд энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан тул журмын дагуу хүсэлтийг нь үргэлжлүүлэн хүлээж авахаар болсон.
Нөгөө талаар хувьцаа худалдаж авах компаниудын тухайд ч хүсэлтээ гаргаж эхлээд байгаа билээ. Гэхдээ Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.2-т заасан шалгуурыг хангаж Татварын ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн үндэсний аж ахуйн нэгжүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 36240 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр худалдан авах эрхтэй юм. Харин шалгуур хангасан эсэхээ Татварын Ерөнхий газрын цахим хуудсаар шалгаж, худалдан авах хүсэлтээ харьяа Татварын газарт гаргана.
Ингэхдээ аж ахуйн нэгжүүд нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хийгдэх тул үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан брокер дилерийн компаниудаас сонголтоо хийж үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай юм байна. Харин үнэт цаасны данстай аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн үнэт цаасны дансанд нь хувьцааны бүртгэл шууд хийгдэх ажээ. Гэхдээ хувьцаа авах компаниудын тухайд хувьцаа худалдан авах төлбөрийг:
Банк: “ҮЦТТТХТ” ХХТөв
Хүлээн авагчийн нэр: “ҮЦТТТХТөв” ХХК
Дансны дугаар: 3603005 дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга гэдэг дээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдан авах төлбөр гээд улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, төвлөрсөн хадгаламж дахь үнэт цаасны дансны дугаараа тус тус бичнэ гэдгийг Үнэт цаасны төвлөрсөн төлбөр тооцоо хадгаламжийн төвийнхөн анхааруулж байна лээ.
Ийн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа авах иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар ирэх наймдугаар сарын нэгний өдрийг хүртэл иргэдийн өргөдөл хүсэлтийг авахаар шийдсэн байна билээ. Гэхдээ нэгж хувьцааны үнэ 933 төгрөг гэдэг арай л жулдсан үнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Бүр “Эрдэнэс Тавантолгой”-н үнийг үнэгүйдүүлэх гэж ихэд мэрийсэн гэж үзэх мэргэжилтэн ч байна. Уг нь нэгж хувьцааны үнийг нэг сая төгрөгтөө хуваах бус харин дэлхийн зах зээл дээрх үнээсээ арай доогуур үнэлчихсэн бол амьдралтай байх байлаа. Гэхдээ, чанд хатуу тогтоочихсон дүрэм журам биш болохоор эргээд нэг харахад болохгүй зүйл гэж үгүйсэн дээ.
Энэ талаар иргэд хэрхэн бодож тунгааж шийдсэн талаар тэдний санал бодлыг сонссон юм. Тэднээс
-Та “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа авсан уу, аль эсвэл бэлэн мөнгөө сонгосон уу?
-Бэлэн мөнгөө авсан бол яагаад бэлэн мөнгөө сонгов. Хувьцаа нь илүү найдвартай, эрсдэлгүй байсан юм биш үү? гэсэн хоёр асуултанд хариулт авсан юм.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭН
-Энэ тал дээр одоохондоо мэдээлэл аваагүй л байна. Ер нь хувьцааг нь авсан нь дээр байхаа гэж бодож байгаа. Бэлэн мөнгөө авлаа гэж бодоход юмны үнэ өртөг өндөр байгаа болохоор дүндээ дүн болох учраас бэлэн мөнгө хурдан үрэгдэх магадлалтай.Тиймээс бэлнээр бус хувьцаагаа авсан нь илүү оновчтой гэж бодож байгаа ч хаанаас яаж авахаа сайн мэдэхгүй байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Б.СОДХҮҮ
-Сайн ойлгоогүй байна л даа, хувьцаагаа авсан нь зүгээр ч юм шиг. Хувьцаагаа буцаагаад бэлэн мөнгөөр авч болно гэх мэтээр ард иргэддээ тэнцвэртэй, баттай мэдээлэл өгвөл зүгээр байна. Баттай мэдээлэлтэй байж иргэд түүн дотроос чинь сонголтоо хийхгүй бол тодорхойгүй байгаа нөхцөлд их хэцүү ш дээ. Айл өрхөд дор хаяж таваас доошгүй хүн байдаг учраас туршилт маягаар хоёр нь хувьцаагаа авдаг ч юмуу гэж бодож байгаа.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭН М.АЗЖАРГАЛ
-Бэлэн мөнгөө авна гэж бодож байгаа. Хамгийн бага хүүхэд маань хувьцаагаа авах бодолтой байгаа.
Б.Анар
URL: