Миний мэдэхгүй, манай гэрийнхэн

Улсын баатар Э.Бат-Үүл нийслэлийн гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээ тавьж, хувийн орон сууцны хороолол байгуулах бодлого боловсруулан Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Аль зургаан сарын өмнө “УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй” гэдгээ зарласан улсын баатар НИХТ-ын сонгуульд намаа тэргүүлэх болсон цорын ганц шалтгаан энэ. Үүнтэй зэрэгцээд “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно гэдэг мянгуужийнгийн үлгэр. Ядуу хүмүүст шилний цаанаас мөхөөлдөс долоолгохоо больё”, эсвэл “Улстөрч хүн аж ахуйн ажил хийж чадахгүй” гэсэн утгатай мессежүүдийг өрсөлдөгчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нисгэж эхэлсэн билээ.

Үнэндээ амралтын хэдхэн цагаасаа хасан байж /гэтэл амин зуулгынхаа төлөө борив бохисхийлгүй ажиллаж байгаа жирийн иргэд өдөртөө хэдэн цагаар ажиллаж, хэдэн цагийг нь замын түгжрэлд өнгөрүүлдэг билээ дээ/ өдөртөө хоёр удаа худгаас ус татан, өвлийн цагт түлээ нүүрсээ шуудайлан зөөж, амралтын ганц өдрөө халуун усанд дугаарлаж өнгөрүүлэх, ажилдаа яваад ирэх хооронд хэдэн нялх хүүхэд нь галгүй, хоолгүй бээрч суухын зовлонг гэр хороололд амьдарч үзсэн, амьдарч байгаа хүмүүс л мэднэ. ­

Өвлийн цагт угаасан усаа гудамжиндаа асгаж, мөсөн каток болгодог, үнс хогоо жалгандаа хаяж өвчин халдвар тараадаг хэмээн гэр хорооллынхыг өвлийн өвөл, хаврын хаварт адалдаг атлаа энэ байдлаас нь яаж салгах вэ гэдэг эрүүл саруул эрэл хайгуул, иргэдээ гэсэн бодлого хотын удирдлагуудын хэнээс нь ч гарч байсангүй. Харин ч “Утаанаасаа салмаар байна уу, утаагүй түлш өгье”, “Утаагүй зуух авах уу, бид шахья” хэмээн өрөөлийг бэрхшээлээс нь салгах бус, өөрсдийнхөө бизнесийг дэмжих бодлого барьж ирсэн нь нууц биш. Жилийн жилд утаатай тэмцэх, утаагүй түлш үйлдвэрлэхээр улсын төсөв, хотын төсвөөс гаргадаг мөнгө, жилээс жилд нэмэгдэж байгаа хотын утаа хоёрыг харьцуулаад харвал хэн нь алдаж, хэн нь хожсон бэ гэдгийн жин бан төдхөн гараад ирнэ. Тиймээс ч гэр хороолол руу дэд бүтэц татах тухай Э.Бат-Үүл баатрын санаачилгыг гэр хорооллынхноос өөр хэн дэмжих билээ.

Нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа хотын нөхдүүд, хуучин удирдлагууд нь саяхнаас үүнийг анзаарч “Халуун хүйтэн усаа л оруулчихвал одоо та нарын амьдрал болчих юм шүү дээ” хэмээн амыг нь дагуулах болсон байна лээ. Үнэхээр л эсгий хорооллууд руу инженерийн шугам тавих Э.Бат-үүлийн санаачилгад нэгдэж, хүчээ өгөхөөр шийдсэн бол сайн хэрэг. Харин ээлжит сонгуулиар сонгогчдоос саналаа авахаа л тооцоолж, жинхэнээсаа “ядарсан хүмүүст шилний цаанаас мөхөөлдөс долоолгож” байгаа бол муухай л юм.

Уг нь бол гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох санаачилга угаасаа бүтэшгүй, хийх ёсгүй ажил биш. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гээд заачихсан. Үүнийг дагалдаж гарсан Барилгын хууль болон Орон сууцны хуульд “дэд бүтцийг төр хариуцна” гэж тусгасан. Хэрэгжээд эхэлсэн бэлээхэн жишээ ч бас байна.

Одоогийн байдлаар гэр хороолол руу чиглэсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг Хүнсний VI дэлгүүрээс хойш VII хороолол руу Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавиад эхэлжээ. Одоо 5000 гаруй айл байгаа энэ хороолол дээр 10 мянга гаруй айлын хувийн орон сууц босох тооцоотой. Радио телевизийн хороолол руу инженерийн шугам сүлжээг тавих ажил мөн л 2012-2013 онд хийгдэнэ. Зураг төсөл нь хийгдэж, зөвшөөрөл энэ тэр нь гараад, гүйцэтгэгч компаниа шалгаруулж, ажил нь эхэлсэн гэнэ. Улсын төсвөөр гол шугамуудаа тавиад өгчихсаний дараа хашаа хороо руугаа оруулах ажлыг нь иргэд өөрсдөө хариуцах ёстой. Инженерийн шугам сүлжээг нь тавиад өгчих юм бол иргэд өөрсдөө 0,07 га газартаа тов хийсэн хоёр давхар хаус бариад, доороо гараажтай, гаднаа цэцэрлэгтэй тохилог нь аргагүй амьдрах боломж бий. Яавч хотын төвийн хоёр өрөөнд давчдаж сууснаас хавьгүй дээр. Тэгээд ч төрөөс ус дулаанын шугам, засмал замыг нь тавиад өгчихсөн байхад гэр хороолол руу чиглэсэн хувийн хөрөнгө оруулалтууд ч урсаад ирнэ, төрийн үйлчилгээ ч иргэндээ ойртоно.

Харин өнөөдөр энэ мэт барилгажилтын ажлыг эхлүүлэх хөрс суурь болсон инженерийн дэд бүтэц нь байхгүй учраас эмнэлэг сургууль ч барьж болдоггүй, үзвэр үйлчилгээний газар, цэцэрлэгт хүрээлэн ч шинээр нээгддэггүй, харанхуй гэхэд дэндүү харанхуй амьдрал ноёлж байгаа. Нэг ёсондоо гэр хорооллыг инженерийн шугамд холбох нь ийшээ чиглэсэн хөрөнгө оруулалтын хөрс суурийг бий болгож буйгаараа бидний төсөөлдөгөөс ч илүү ач холбогдолтой. Хотын захын хорооллууд руу инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь тавиад өгсөний дараа хотын төвд алга дарам газар үлдээлгүй, хүүхдийн тоглоомын талбай, хөгшчүүлийн нарлах газрыг булаан байж барилга байшин барьж байгаа хувийн компаниудын хөрөнгө хотынхоо зах руу урсаад, хот өөрөө тэлээд эхэлнэ гэсэн үг. Ингэхээр зөвхөн гэр хорооллынхонд ч ашигтай бус, хотын төвд ажиллаж амьдарч байгаа хүмүүст ч давхар ашиг тустай болж байгаа юм.

Тэгээд ч орчин үеийн хөгжсөн орнуудын туршлагаас харахад хотын төвийн өндөр барилга, нийтийн орон сууцуудаасаа аль хэдийн татгалзаад, хувийн байшин хорооллуудаа дэмжээд эхэлчихсэн. Нэг жишээ хэлэхэд хоёр Герман улс нэгдсэний дараа хуучин Ардчилсан Германы бүх хотууд социализмын үед баригдсан олон давхар нийтийн орон сууцуудаа бүгдийг нь нурааж, дэлхийн хоёрдугаар дайны өмнө байсан хуучин байшингуудаа яг тэр хэвээр нь сэргээн барьж эхэлсэн байдаг. Учир нь нийтийн орон сууц гэдэг үнэн хэрэгтэй хүний хувийн өмч байж хэзээ ч чаддаггүй. Газар нь улсынх учраас дуртай үедээ нураагаад шинэ байшин барих боломжтой. Хоёрдугаарт газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшиг тохиолдоход 10-20 давхар өндөр барилгаас тэр олон хүн амжиж гарах боломж ч байхгүйгээрээ илүү эрсдэлтэй. Хоёр давхар байшингаас бол хүн гүйгээд л гарчихна.

Нийтийн орон сууцны хуаран хороолол барихыг өнөөдөр дэлхий дээр Орос, Монгол хоёр орон л хийж байгаа. Оросууд үүнийгээ бүр Москва хотын хуучин даргын нэрээр “Лужковын бизнес” гээд нэрлэчихсэн. Манайд ч гэсэн үндсэндээ хотын дарга, тэднийг тойрсон эрх мэдэлтнүүд болоод мөнгөтэй компаниудын хоорондын наймаа, авлага өглөгийн л асуудал болсон шүү дээ. Өнөөдөр хотын төвийн га газар сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тэр сая доллар харин нийслэлийн төсөвт биш, тамга барьсан дарга нарын халаас руу орж, харин компаниуд авлигад өгсөн мөнгөө орон сууцныхаа үнэд шингээн иргэдийн халааснаас гаргаж авдаг. Барилгын компаниудад төрөөс дэмжлэг үзүүлж, татвараас чөлөөлсөөр атал орон сууцны үнэ өдөр өдрөөр өсч байгаагийн шалтгаан ч бас энэ. Тиймээс өнөөдөр “Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох нь мянгуужийнгийн үлгэр шүү” гэж ярьж, бичиж байгаа нь “Лужковын бизнес”-ээр хөлжиж байсан нөхдүүдийн л амь тэмцсэн бухимдал гэхээс өөр юу хэлэх вэ.

Хэдхэн хоногийн дараа НИТХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа нөхдүүдийг харахад дандаа Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч хийж байсан, хийж байгаа нөхдүүд байгаа. Өмнө нь хотыг 18 жил удирдахдаа уур бухимдал, утаа тортогт нь эзлүүлчихсэн нөхдүүд одоо гэнэт ухаан ороод хотыг хот шиг хөгжүүлнэ гэж лав байхгүй. Харин ч сонгуульд нэр дэвших нь байтугай шоронд суух ёстой нөхдүүд олон бий. Тэдэнд хандаж хэлэхэд, 18 жил удирдсан улс орноо, хорт утаанд баригдаж, хогонд эзлэгдсэн хотоо хар. Дөрөвхөн жил хагас эрх барьсан Ардчилсан намыг битгий ялла…

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих