ЧИНГИС ХААНЫ ШАРИЛ ХЯТАДЫН НУТАГТ БАЙГАА ГЭЖ ҮҮ?

Японы “Киодо” мэдээллийн агентлаг Чингис хааны шарилын талаар нэгэн сонирхолтой мэдээ нийтэлжээ. Энэ мэдээнд Чингис хааны онгон Хятадын баруун өмнөд нутагт байгаа гэж Монголын хааны удмын настай эмэгтэй ярьсан байна.

Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны удмын гэх Хятадын зүүн өмнөд нутагт аж төрдөг 80 гарсан хөгшин эмэгтэйн ярьсан яриаг Хятадын Засгийн газар нягтлан шалгаж эхэлжээ. Тэрбээр Хятадын Сычуань мужийн нутагт нутаглуулсан Чингис хааны нууц онгонд мөргөл үйлддэг гэж хятадын мэргэжилтэн ярьсан байна. Чингис хааны онгоныг хаана нутаглуулсан нь олон жилийн турш нууцлаг хэвээр байгаа бөгөөд үүнийг хайхаар япон, америк, хятад мэргэжилтнүүд олон зуун долларын өртөг бүхий хэд хэдэн судалгааны ажил явуулжээ. Чингис хаан мориноос унан бэртэж, 1227 онд бэртлийн улмаас тэнгэрт хальсан гэдэгт ихэнх түүх судлаачид итгэдэг юм. Харин шарилыг нь Монголын зүүн хойд нутагт нутаглуулсан гэж ярьдаг билээ.

Вуюункикиге гэдэг настай эмэгтэй Хятадын Даилан хотод оршин суудаг бөгөөд өөрийгөө Чингис хааны удмын 34 дэх үе гэж хэлжээ. Дэлхийн түүх судалгааны Хятадын нийгэмлийн гишүүн Тэмичира /монгол нэр нь, тэрбээр Монголын түүх судлан тус улсад багагүй хугацаанд амьдарсан/ Чингис хааны онгоны шинэ байршлын талаар ярьсан байна. Тэмичира настай эмэгтэйн гэрт зочилж, удам дамжсан эд зүйлийнх нь гэрэл зургийг авчээ. Эдгээр эд зүйл нь түүнийг хааны удмын хүн гэдгийг батлах үнэт эдлэл байжээ. Үүнд эртний цаг байсан бөгөөд Японы эзэн хаан Хятадын захирагч эмэгтэй Довагер Сисид бэлэглэсэн ч тэрбээр дараа нь энэ цагаа миний өвөг эцэгт өгсөн гэж настай эмэгтэй ярьжээ. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй зүйл нь уулархаг бүс нутагт Монголын аугаа удирдагчийн онгоныг нутаглуулсан газрыг тодорхойлсон газрын зураг байв.

Өнгөрсөн оны долдугаар сард Хятадын Сычуань муж дахь тус газар Темичира очсон боловч Чингисийн онгоныг хадгалсан газар ороогүй гэнэ. Түүний очсон газар нь настай эмэгтэйн газрын зураг дээрх Чингис хааны онгоныг заасан газар нутагтай тохирч байжээ. “Киодо” мэдээллийн агентлагаас Вуюункикигегийн хүү 54 настай Тен Чуан Итэй холбоо тогтоосон байна. Чингис хааны удмынхан дөрвөн жилдээ нэг удаа Сычуанийн ууланд гарч, хааны онгонд мөргөл үйлдэж, идээ будаагаа өргөдөг гэж Тенг хэлжээ.

Хятадын түүх судлаачдын яриагаар Чингис хаан Симоа буюу одоогийн Юанань мужийн нутагт хийсэн тулааны үеэр авсан шархны улмаас өөд болж, шарилыг нь агуйд нутаглуулсан. Түүний онгоныг Хятадын баруун өмнөд нутаг болох одоогийн Сычуань мужид нутаглуулсан гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ яриа үнэн бол Монголын нутгаар хийсэн судалгааны ажлууд үр ашиггүй зүйл болох юм.

Харин Японы Отаны их сургуулийн Монголын түүх судлаач, профессор Такаши Мацукава Вуюункикигегийн ярьсан түүхэнд эргэлзэж байгаа аж. “Чингис хааны онгон Өвөр Монголын нутаг, Хятадын баруун хойд Шинжааны нутагт байгаа гэж өмнө нь ярьдаг байсан. Харин Сычуань мужийн нутагт байгаа талаар анх удаа л ийм яриа гарч байна” гэж Мацукава ярьжээ.

Монголын удирдагч Тангад улсыг дайлаар мордохын өмнө өөд болсон гэдэгт ихэнх эрдэмтэд санал нэгддэг юм. Тиймээс Монголын эзэнт гүрний удирдагч Гансу мужийн нутагт өөд болсон байж болох юм гэж үздэг байна. “Хятадын Сычуань мужийн нутагт шарил байгаа бол тэр нь магадгүй Монголын эзэнт гүрний өөр язгууртанд хамааралтай байх” гэж Мацукава хэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих