Н.ЭНХБАЯР ХОРИГДСОН ТУХАЙГАА ХӨДӨӨГИЙН ИРГЭДЭД ЯРЬЖ ӨГЛӨӨ

МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хоцорсон ч МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчдийг дэмжин хөдөөгийн тойргуудад ажиллаж байгаа аж. Тэрбээр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт саатсаныхаа дараа өнгөрсөн баасан, бямба гаригт Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгаар орж,  иргэдтэй уулзсан байна. Хоригдож, өлсгөлөн зарлаж, улс төрийн ширүүн тэмцлийн гол баатар болоод буй Н.Энхбаярыг ирэх сургаар түүний очсон аймаг бүрт иргэд хөл тавих зайгүй цуглажээ. Н.Энхбаяр сонгогчдод хандан “Шударга ёс” эвслээс нэр дэв шигчдийг дэмжихийг уриалахын сацуу “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрөө танилцуулж явжээ.

Түүнийг яагаад баривчлан хорьсон, эмнэлэгт өөртэй нь хэрхэн харилцаж байсан гэхчлэн өнгөрсөн сар гаруйн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлын талаар хөдөөгийн иргэд уулзалтын үеэр Н.Энхбаяраас ихэд сонирхож асуусан аж. “Тэд намайг дэмждэг шударга иргэдээс айж байгаа учраас 600 цагдаа дайчлан сүр дуулиантайгаар гутлыг минь ч өмсгөлгүй авч явсан. Машинд оруулахдаа хүчээр хоолойг минь боож ухаан алдуулсан. Тэгээд дараа нь хаашаа авч явснаа уйлаад хоцорсон гэргий, үр хүүхэд, ээж аав, хамтран зүтгэгч, дэмжигчдэд маань хэлээгүй. Би бузар булай үйлдлийг зогсоохыг шаардаж өлсгөлөн зарласан. Гэтэл өлсгөлөн зарласныг минь ч хүлээж авахгүй удсан. Дараа нь “хоол ид” гэж өдөр болгон надаас шаарддаг байсан. Бүр сүүлдээ албадан хооллоно гэсэн. Албадан хооллоно гэдэг бол урт хатуу багажны хошуунд тэжээл хийгээд шулуун гэдсээр гүйлгэн ходоод руу хийхийг хэлдэг гэсэн. Энэ бол амьд хүнийг тамлаж байгаа нэг хэлбэр. Иймэрхүү байдлаар алхам тутамд минь дарамтлан тарчлааж, намайг бухимдуулахыг хүсэж байлаа. Тэд дараа нь өөрсдийн үйлдлээ танаж монтажилсан бичлэг тарааж, намайг муу хүн болгон харагдуулахыг хичээж эхэлсэн. Гэхдээ энэ бүхний эцэст шударга ард түмэн минь надтай хамт байсны хүчинд би даван гарч чадсан” хэмээн ярьжээ.

Түүнчлэн Н.Энхбаяр “Монголын шоронд ял эдэлж байгаа залуусын 80 хувь нь ямар ч утгагүйгээр хоригдож байна. Цагдан хорих төвд саатуулагдагсдын 80-90 хувь нь дээрэлхүүлж байна. Гэм буруутайг нь тогтоогоогүй байгаа хүнийг мөрдөн байцаагчдын хүсэлтээр 2.4 жил хүртэлх хугацаагаар хорьж болдог Монголын хууль хатуу байна. “Шударга ёс” эвсэл энэ хуулийг өөрчилнө. Залуучуудаа шоронд хийдэггүй, харин ажлын байраар хангадаг, орон сууцтай болгодог, залуу гэр бүлийг дэмждэг хүнлэг энэрэнгүй амьдралыг бид хамтдаа бүтээж чадна” хэмээсэн байна


URL:

Сэтгэгдэл бичих