«Тэнгэр заяат» монголчууд хишиг хүртэх учиртай

Эрдэнэс-Тавантолгой» ком­паниас 15 тэрбум хувьцаа гаргахаас иргэддээ зориулж 10 хувийн хувьцаа эзэмшүүлэх бөгөөд энэ нь 1,5 тэрбум хувьцаа болох юм. Монгол Улсын иргэн бүхэнд 550 ширхэг хувьцаа ирнэ. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн 30 мянган аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалах хувьцааны асуудал ч хөндөгдөж байгаа. Харин 30 хувийг нь гадаад, дотоод хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж хөрөнгө босгохоор болсон билээ. «Тавантолгой»-н үнэлгээ өндөр байх бүрэн боломжтой гэж дотоод, гадаадын эдийн засагчид үзэж байгаа бөгөөд хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилан тогтоох төвөг­тэй гэдэг нь нууц биш. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдахын өмнөх бэлтгэл ажил ид явагдаж байна. «Тавантолгой» компанийн үнэлгээг Ухаа Худагийн жишгээр нэрлэсэн үнийг тогтоох боломжтой бөгөөд арилжих хувьцааны тоо хэмжээнээс хамаарч хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох магадлалтай.
Улмаар олборлолт хийх, гүй­цэтгэх компаниа сонгоно. Гэрээт олборлогч компани нь «Таван­тол­гой»-н уурхайд хөрс хуулж нүүрс гаргаж өгөх юм. Харин «Таван­тол­гойн» ордод стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хэсэгт бие даан ажиллаж бүтээгдэхүүнээ ху­ваах зарчмаар хамтран ажиллана. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруу­лагчийн хувьд олборлолт хий­гээд борлуулалтад оролцох уч­раас урьд­чилгаа төлбөр төлнө. Экс­портлох эрчим хүчний нүүр­сийг дотоодын компаниудаар тээвэр­лэлтийг гүй­цэтгүүлэх учраас ажлын байрыг нэмэгдүүлэхээс эхлээд үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийг дэмжсэн олон давуу тал байгаа. Тухайлбал, манай улс жилдээ 40 орчим сая тонн нүүрс олборлох зорилтоо хэрэг­жүүлж чадвал нүүрс, зэсийн үнэ ханш энэ хэвээр байх тохиолдолд өнөө­гийн зэсээс олох орлогоос хэд дахин их орлогыг нүүрснээс олох юм.
Таван толгойгоос олох ашгийг арав гаруй тэрбум ам.доллар гэж тооцоолж байгаа нь олон эрсдлийг тооцож хамгийн багаар бодож үзсэн үнэ цэнэ болов уу?
Тус ордын 6,5 тэрбум тонн нүүрс­ний таван тэрбум нь чулуун нүүрс, үлдсэн 1,5 тэрбум тонн нь коксжсон нүүрс. Коксжсон нүүрсний нийт үнэ 225 тэрбум ам.доллар. Харин чулуун нүүрсний нийт үнэ ойролцоо­гоор 500 тэрбум ам.доллар. Энэ 725 тэрбум ам.доллар нь Таван толгойн ордын бодит үнэ цэнэ бөгөөд үүнээс олборлолт, тээвэрлэлт, бор­луулалтын гэх зардлууд хасагдана. Харин энэ зардал 725 тэрбумын 30 хувиас хэт­рэхгүй гэхээр бас ч чамгүй их ашиг хүртэх боломж монголчуудад байна.
Нэг хувьцааны урьдчилсан үнэл­­гээг гаргахад энэ чиглэлээр мэр­гэшсэн дадлага туршлагатай, дэл­хийд танигдсан хөрөнгө оруулал­тын банкийг хөлслөх учиртай. Таван толгойн хөрөнгө оруулалтыг сонирхож дэлхийн тэргүүний 20 банк Монгол Улсад саналаа ирүүлээд байгаа. Энэ сардаа багтаж хөрөнгө оруулалтын банкыг сонгоно. Улмаар томоохон хөрөнгийн бирж дээр IРО буюу хөрөнгө босгоно. Дэлхийд танил болсон «JP Morgan», «Goldman Sachs», «Morgan Stanley», «Gredit Suisse» , « Deutsche bank», «Barclays Capital», «CITI», «UBS», «Standard Chartered», «Jeffries», «HSBC», «Bank of China international», «ING», «Bank of America Merrill Lynch», «Macquarie», «BHP Paribas» зэрэг дэлхийн санхүүгийн зах зээл дээр хүчирхэгжсэн банкууд биднийг тоож байна гэдэг үнэхээр хэдэн зуун тэрбум ам.долларт үнэлэгдэх баялаг монголчуудад байгааг гэрчилж байна бус уу!
Таван толгойн хувьцаа үнэ хүрэх хувьцаа гэдгийг дэлхийд тэр­гүүлэгч банкуудын сонирхлоо илэр­хийлж байгаа энэ байдлаас хэнд ч ойл­гомжтой байна. Тус ордын 10 хувь болох Монгол Улсын иргэн бүрт оногдох 550 ширхэг хувьцааны нэг бүрийн үнэ монголчуудын ахуй амьдралд эрс өөрчлөлт оруулахуйц ашгийг өгч, бидэнд элбэг хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдралыг цогцлоож, улс орны шинэ хөгжлийн эхлэлийг тавих магадлал өндөр байна. Харин монголчууд энэ ар­вин их баялгаа байгаль орчиндоо хал­гүйгээр дэлхийн улс орнуудтай хамтарч хэрхэн зөв ашиглаж, ямар бодлого, менежментээр хэрэгжүүлэх гэж байгааг дэлхий нийтээрээ ажиглаж байгаа. Тиймээ, Монгол Улсын эдийн засаг хүчирхэгжих үү, эсвэл энэ хэвээрээ байх уу? гэдэг тун ч хариуцлагатай сонголтыг хийх салаа замын эхэнд зогсож байна.
Өнгөрсөн долоо хоногт «Finan­cial times» сонинд «Монгол Улсын эдийн засаг 2010 онд 6,1 хувиар өссөн, энэ онд ч өсөлт үргэлжилж, 10 орчим хувьд хүрч нэмэгдэхээр байгааг ОУВС-гийн зөвлөлдөх хэ­лэл­цүүлгийн Ажлын хэсгийнхэн тогтоосон байна. Харин энэ оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, зарлагыг үлэмж хэмжээгээр танах шаардлагатай. Мөн эдийн засгийн тэлэлт-агшилтын мөчлөгийг дахин давтахгүйн тулд ойрын үед төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх, зарлагын бодит өсөлтийг цар­цааж, 2013 оноос мөрдөх төсвийн хү­рээний тоон үзүүлэлтийг хангахад бэлдэх ёстой. Өнгөрсөн жил инф­ляц хоёр оронтой тооноос буураагүй бөгөөд 2011 оны данхайсан төсөв инфляцыг хөөрөгдөж байгааг Мон­голбанк, Дэлхийн банк өмнө нь онц­лон тэмдэглэсэн. ОУВС ч «Төв банк инфляцын эсрэг урьтаж арга хэмжээ авч, хүүг шууд өсгөх замаар мөнгөний бодлогыг хатууруулах суурийг нэн даруй тавих нь зүйтэй. Ингэж мөнгөний бодлогыг хатууруулснаар хувийн хэвшлийнхний зээл авах боломж буурч, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх бөгөөд тэд­нийг ингэж хавчих нь буруу ч инф­ляцыг хөөргөдсөнөөс илүү дээр хувилбар энэ гэж ОУВС-гийн суу­рин төлөөлөгч онцолж байна» хэмээн бичжээ. Үүнийг манай бод­лого тодохойлогчид, шийдвэр гар­гагчид, эдийн засагчид анхааран үзэж дүгнэлт, судалгаа хийж байгаа биз ээ.
Дэлхийн хөрөнгө оруулалтын топ банкуудыг төлөөлсөн гэрээ бай­гуулагчид Улаанбаатарт ирж байна. Говийн бүс дэх нөөцөө хараахан задлаагүй асар их нүүрсний орд эзэмшдэг төрийн өмчит «Эрдэнэс Тавантолгой» компани IPO хийх гэж байгаа нь хөрөнгө оруулалтын банкуудын анхаарлыг гойд татах боллоо. Тавантолгойн орд нь дэлхийд БНХАУ-ын Шенли ордын дараа бичигдэх нүүрсний арвин нөөцтэй орд болохыг Шведийн «Raw Materials» групп тогтоосон. Тус ордын хувьцаа нь хэдийгээр арвин их боловч энэхүү том үйл явц дөнгөж эхлэлийн шатандаа байгаа төдийгүй хэрхэх асуудал нь бүрэн шийдэгдэж, хөрөнгө оруулагчдад ямар үнэ цэнээр үнэлэгдэж ажил хэрэг болох нь хараахан шийдэгдээгүй байна. Арилжих хувьцааны хэмжээ болон цаг хугацаанаас эхлээд тодорхойгүй зүйл олон бий.
Тухайлбал, санхүүгийн дэд бүтэц дөнгөж эхлэлээ тавьж байгаа болон ОХУ, БНХАУ руу нүүрсээ нийлүүлэх дэд бүтцийн асуудлаа санхүүжүүлэх асуудал нь бүрэн шийдэгдээгүй зэрэг тодорхойгүй асуудал олон байна. Иймд үнэлгээний далайц нь өргөн сонголттой байгаа. Мөн хөрөнгө оруулалтын банкуудын анхаарал татаж байгаа нэг асуудал нь Монгол Улсын Засгийн газраас нийт хувьцааны 10 хувийг иргэддээ тараахаар болсон явдал юм. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь олон улсын дундаж жишгээс хамаагүй доогуур байгаа Монгол Улс иргэддээ хувьцаа тараах нь тэдэнд гэнэтийн ашиг оруулж байгаа маш том нааштай алхам. Үүнийг дагаад шинээр үндэсний компани олноороо нэмэгдэх нь тодорхой. Эх орны баялгаас гэдэг утгаараа маш хямдхан үнээр «Эрдэнэс Таван­толгой» компанийн хувьцааны 10 хувийг худалдаж авах боломж мон­гол хүн бүхэнд олдоод байна. 2011 оны нэгдүгээр сард Лондонгийн хө­рөнгийн биржтэй стратеги түнш­лэлийн гэрээ байгуулснаар өөрийн бяцхан хөрөнгийн бирждээ мон­голчууд хувьцаагаа арилжих бололцоотой болсон. Харин олон улсын хөрөнгө оруулагчдад арилжих хувьцаа нь Лондон, Хонконгийн биржид, эсвэл аль алинд нь давхар арилжигдах ч магадлал байгаа.
Тиймээс ч дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч банкууд «Эрдэнэс Тавантолгой» компанийн IPO хийх ажилд ямар нэгэн байдлаар хол­богдохыг хичээж, тандаж байгаа юм. Энэ нь нүүрс, зэс, молибден, алт, уран, мөнгө, хар тугалгын арвин их нөөцтэй Монгол Улстай хамтарч эдгээр ордыг ашиглах хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээр хийх завшааныг эрэлхийлж байгааг нотлон харуулж байна.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос саналаа ирүүлсэн банкуудын заримтай нь албан ёсны хэлэлцээрийн ширээнд сууж эхлэсэн. «Эрдэнэс Таван­тол­гой» компанийн хувьцааг ирэх оны эхний хагаст буюу 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө биржид арилжаалах болов уу гэсэн таамаг ч явж байна. Харин манай улсын Засгийн газар Тавантол­гойн ордыг ашиглах талаарх хэд хэдэн төлөвлөгөөгөө өөрчилж бай­сан нь зарим хөрөнгө оруулагчдыг бол­гоомжтой хандахад хүргэж байгаа. Гэхдээ л дэлхийн уул уурхай, сан­хүү, аудитын томчууд олон ул­сын анхаарлын төвд ороод байгаа тус орд газрын уурхайн страте­гийн хөрөнгө оруулагч, гэрээт олбор­логч, зөвлөхийн сонгон шалгаруулал­тад хүчээ сорихоор зэхэж байгаа нь тодорхой. Ийнхүү «Эрдэнэс Та­вантолгой»-г дэлхийн зах зээ­лийн эргэлтэд оруулах ажил ид яваг­даж байна. Энэ бүхнээс үзэхэд Таван­толгойн ордыг ашиглах эрхийг авсан тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр үнэ хаялцуу­лан арилжих гэж буй үйл явц нь дэл­хийн томоохон хөрөнгө оруулагч­дын анхаарлыг татах болсныг тов то­дорхой илтгэж байгаа юм.
Тус компанийн 30 хувийн хувьцааг гадаадын хөрөнгийн бир­жид арилжаалах ажлыг гардан хийх хөрөнгө оруулагчид өөрсдийн саналаа албан ёсоор танилцуулсаны дараа «Эрдэнэс Тавантолгой» компанийн Удирдах зөвлөл тэдний саналыг шүүн тунгааж эцсийн шийдвэрийг гаргана. Манай талаас тавьж байгаа саналыг хүлээн зөвшөөрч, харилцан ашигтай гэрээний санал дэвшүүл­сэн хөрөнгө оруулагчид «Эрдэнэс Тавантолгой»-н үнэлгээг тогтоох, хувьцааг хэрхэн, хаана арилжих зэрэг гэрээ хэлэлцээрийн нарийн зүйлд зөвлөж хамтран ажиллах юм.
Өнөө үеийн олон улс хоорон­дын хөрөнгө оруулалт, мөнгө сан­хүүгийн гол судсыг атгалцаж байгаа банкууд биднийг сонирхож байгаа нь тун ч таатай хэрэг. Тухайлбал, Таван тэрбум шахам ам.долларын орлогоороо дэлхийн топ 20 банкны нэгдүгээрт бичигддэг «JP Morgan» банк саналаа ирүүлсэн. «JP Mor­gan» нь дэлхийд 50 гаруй сал­бартай, нийтдээ 200 гаруй мянган ажил­тантай бөгөөд тус банк «Эрдэнэс Тавантолгой» компанид зөвлөгөө өгч байсан төдийгүй «Mongolian Mining corporation»-ий хувьцааг Хон­конгийн хөрөнгийн биржид гаргахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ монголчуудад танил болсон компани. Тэд биднийг сонирхож байгаа нь үнэхээр олзуурхууштай хэрэг.
«Morgan Stanley» банкны Уул уурхай, металл хариуцсан захирал Петер Баккус «Эрдэнэс Таван­толгой» компанийн ТУЗ-ийн гишүү­нээр ажилладаг. Мөн тус банк­ны Ази, Номхон далайн бүсийн Хө­рөнгийн зах зээлийн салбарын дар­га Жорж Тэйлор Монголын хө­рөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн хүн. Тэгэхээр дэлхийд эрэмбээрээ тавд бичигддэг «Morgan Stanley» банк бидний түнш болох бүрэн бо­ломжтой.
Монголчуудад үнэхээр сай­хан боломжийг тэнгэр, бур­хан, өвөг дээдэс минь олгож байхад, бид тун ч хариуцлагатай хандах ёстой. Аливаа үйл хэргийг эхлүүлэхдээ нэн тэргүүнд иргэнээ, хүнээ дээдэлсэн бодлогыг барим­талж, бодит амьдрал дээр жинхэнэ ажил хэрэг болгож хэрэгжүүлж чадвал Монгол Улсад, монголчуудад аз жаргал, ирээдүйтэй хөгжлийн алтан хаалга нээлттэй байна. Мон­голчуудад «Баялагийн хараал» гэгч нь огтхон ч халдах учиргүй. Харин ч буян хишиг хүртэх «Тэнгэр заяат» ард түмэн билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Д.Өлзийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих