Арван жил яригдсан замын ажил эхэллээ

Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр Булган аймгийн Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд тавих 88 км хатуу хучилттай замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслол боллоо.
Тус замыг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЗТБХБЯ-ны захиалгаар БНСУ-ын “Beak Seak” констракшн хийж гүйцэтгэхээр болжээ.
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай 12000 гаруй км зам байдаг бөгөөд хатуу хучилттай зам тавигдаагүй зургаан аймаг байдаг аж. Эдгээр аймгийг хатуу хучилттай замтай болгох ажлыг ЗТБХБЯ анхааран ийнхүү ажил хэрэг болгож эхэллээ.
Уньт- Мөрөнгийн чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулахаар олон улсын нээлттэй тендерийг зарласан бөгөөд БНСУ-ын “Beak Seak” констракшн олон шалгуур үзүүлэлтийг давж, замын энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцох болсондоо баяртай байгаагаа тус компанийн инженер И Сон У хэлж байлаа.
Тэрбээр “Хутаг- Өндөр сумын ард иргэд бид бүхнийг баяртайгаар хүлээн авлаа. Энэхүү замын ажлыг гүйцэтгэхээр Солонгосоос 20 инженер ирсэн. Бид орон нутгаас ажиллах хүч авахаар холбогдох албаны хүмүүстэй тохирсон байгаа. Замын ажилд одоогийн байдлаар 40 тэрбум долларын төсөвтэй байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага байгаа” гэдгийг онцолж байв.
Булган аймгийн Хутаг- Өндөр сум нь 4600 хүн амтай. Энэхүү замыг 10 гаруй жил тус сумынхан хүлээсний эцэст ийнхүү биелэлээ олж сумынхан төдийгүй түүгээр дамжин зорчигчид ая тухтай зорчих боломж нээгдлээ. Харин Хөвсгөл аймгийн хувьд Уньт- Мөрөнгийн чиглэлийн хатуу хучилттай зам тавьж байгаа явдал нь аялал жуулчлалын бүс нутгийн хувьд яахын аргагүй чухал бүтээн байгуулалтын ажил юм гэдгийг аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байлаа.

Б.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих